Европын Холбоо татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтыг өчигдөр /2017.12.05/ зарласан. Уг хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс байгаа юм. Хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлжээ. Мөн Европын Холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэж байгааг үндэслэн жагсаалтад оруулсан аж. Энэ талаар албаны хүмүүс байр сууриа тодруулж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Манай улс нь ил тод байх зарчмыг хууль, тогтоомжид тусгах шаардлагатай гэж тус холбоо үзэж байгаа. Энэ талаараа өмнө нь ч хэлж байсан. Учир нь Европын холбооноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын ААН, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Энэ талаар хууль эрх зүйн зохицуулалт хийх ажлыг Сангийн зохион байгуулахаар ажиллаж байна. Мэдээж, энэ бол таатай зүйл биш. Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм. Энэ тал дээр бол ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ. Сангийн яамнаас 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. Бид Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Европын холбоо бол Монгол Улсыг оффшор бүс гэж зарлаагүй. Оффшорын асуудалд холбогдсон учраас найдваргүй, харилцахад эрсдэлтэй орон гэж үзээд хар жагсаалтад оруулсан гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Ингэснээр Европын холбооны улс орнууд Монгол Улстай харилцахдаа болгоомжлоорой гэсэн дохиог өгч байна. Тэгэхээр улсын эдийн засгийн бодлогоо төвлөрүүлж, уялдуулж чадахгүй байгааг илтгэсэн мессеж ирлээ гэж харж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ер нь дэлхий нийтээрээ оффшорыг ойлгох ойлголт сөрөг болчихлоо. Янз бүрийн оффшортой холбогдсон төрийн удирдлагуудаа албан тушаалаас нь огцруулж байна. Ард иргэд нь жагсаж, эсэргүүцэж байна. Тийм учраас хар мөнгө буюу татвараас зайлсхийсэн хууль бус аргаар олсон мөнгө оффшор бүсэд байршдаг гэж үздэг. Манай зарим улс төрчид манай оронд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээс орж ирж байдаг шүү дээ гэж бахархаад байдаг нь буруу. Бид байгалийн баялгаасаа олж байгаа мөнгийг зөв ашиглачих юм бол заавал хар мөнгө оруулж ирээд байх шаардлагагүй. Хар мөнгөний хөрөнгө оруулалттай уул уурхай байж болохгүй.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Оффшор бүс гэж зарлахаас илүүтэй Европын холбооны улсуудад хэлэлцэж буй татварын бодлоготой монгол улсын татварын бодлого хэр нийцэж байна вэ гэдэг нь зөрүүтэй байна гэж ойлгосон. Энэ асуудлаар холбогдох Гадаад хэргийн яам судалж ярилцаж асуудлыг цэгцлэх болов уу гэж бодож байна. Хар жагсаалтад багтсан, энэ хүрээнд зөвхөн манай улс төдийгүй Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг нэлээд олон орон хамрагдсан байгааг өнөө өглөө мэдээллээр авлаа. Гэхдээ бүрэн мэдээлэл хараахан авч амжаагүй байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.