Зам бүхэн “ам” руу хүрнэ
“Илч сайтай, үнс багатай” хэмээн Налайхын нүүрсийг л хэрэглэж байсан миний бие чухам хэрхэн, яаж, ямар замаар газрын хэвлийгээс олборлон, өргөө гэрийг дулаацуулж байгааг сурвалжлахаар нийслэлийн алслагдсан дүүрэг тийш зүглэв ээ. “Нарантуул” захын урд зам дээр хэсэгхэн түгжирсэнийг эс тооцвол ядах юмгүй хүрчихэв. Налайх, Говь-Сүмбэрийн салаалсан замын уулзвараас шороон зам шулуухан явсаар хөтөл давжээ. Хааш явж, хэрхэн уурхай руу хүрэхээ мэдэхгүй учир ах руугаа утас цохиж асуув. Ачааны тэрэгтэй ах маань “Ченжүүдээс авснаас өөрөө дугаарлаж зогсоод авчихаар хамаагүй хямд байдаг юм” гээд жил бүр Налайхаас түлээ бэлддэг учир түүн рүү залгасан хэрэг.Мөн нүүрс ачсан “портер”-ийн жолоочоос хаашаа явбал дөт замаар уурхайн ам руу очихыг асуулаа. Ах маань Налайх руу орсон замаарзүүн гараа барьж явсаар уурхай руу орохыг зөвлөсөн бол “портер”-ийн жолооч Чойрын замаар хэсэгхэн давхиад салж уурхай руу орох нь хялбарболохыг хэлсэн.
Бид харин хөтөл давсан тод замыг сонголоо. Ах, замд таарсан жолооч хоёрт итгээгүйдээ ч биш богинохон хугацаанд хэд хэдэн нүүрс ачсан машин тэр замаар бууж ирсэн учир сонгосон хэрэг. Арав хүрэхгүй минутын дараа бид Налайхын урд байх гэр хороололтой шууд залгаа уурхайн ам дээр ирэв. Хэд хэдэн өндөр цамхаг бүхий босоо амтай уурхайн “хотхон”-д туллаа. Энд 30 орчим ам байх бөгөөд уурхайчид тэдэнд үйлчилдэг тогооч, нүүрс авах гэсэн жолооч гээд лавтайя 500-600 орчим хүн байнга хөлхдөг бололтой. Хожим мэдэхнээ, уурхайг олох гээд асууж, сураглах шаардлагагүй юм билээ. Налайх орчмын зам бүхэн хотын ойр байх аль нэг уурхайн аманд хүргэнэ.
Мэргэжлийнбайгууллагууд Налайхын уурхайн 335.2 га талбайд байгаль орчны үнэлгээ хийсэн байдаг. Уг талбайд техникийн нөхөн сэргээлтхийхэд 1 тэрбум 135 саятөгрөг, биологийн нөхөн сэргээлтэд 7 тэрбум төгрөг тус тус шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ…
Арга ч үгүй биз. Энэ олон оготоны нүх мэт хонгилууд ямар гамшиг эрсдэл дагуулсаар байгааг бүрэн тооцох ч арга алга.
Хонхот “хотхон”
Налайхтай шууд хил залгах уурхайн “хотхон”-д уурхайн ам бүрийн хажууд гэр байна. Тэрхүү гэрт жолооч нар нүүрс ачихыг хүлээнгээ дулаацана. Уурхайн ам, нүүрс татаж гаргах цахилгаан мотор дээр цэнхэр өнгийн гялгар цаасыгмайхан хэлбэртэйгээр татжээ. Агааржуулагч хоолой болон ковш татах тросны уртаар уурхайн амыг хэр гүнзгий болохыг мэдчих боломжтой ч юм шиг. Зарим ам 30 орчим метр урттай бол 200-300 метр урттай амууд ч байх аж.
Цамхагт татуурга бүхий босоо амнуудыг эс тооцвол бүхий л уурхайнууд нэг загвартай. Нүүрс татах трос нь тусгайлсан дамарт ороомог хэлбэртэй байна. Ороомог болон түүнийг ажиллуулах мотор нь ачааны машины өндөртэй тэнцэхүйц өндөрлөг тавцанд байрлах юм. Ойролцоогоор гурван метр орчим урт, хагас метр орчим өндөр, өргөнтэй төмөр онгоцыг ковш гэх. Уурхайн гүнээс гарч ирэх нүүрстэй ковш шууд өндөрлөг тавцан дээр гарч ирнэ. Ковшийгёроолднь байх цуваа нүх рүү хоёроос гурван хүн зэрэг лоомоор хөшиж хөмрүүлж, шууд машинд ачих аж. Ковш уурхайн гүн рүү ороод нүүрстэй гарч ирэх, машинд ачигдах хугацааг тооцлоо. Энэ бүхий л ажил ихдээ л 20 орчим минут үргэлжлэх аж. Уурхайн гүнд 6-8 залуу ажиллаж ковшийг дүүргэнэ. Аман дээр зогсох хоёр залуумотор ажиллуулангаа гарч ирсэн нүүрсийгачина. Энэ бүхий л ажилд амралтгүйгээр байнга үргэлжилнэ.
Уурхайн гүнд байх уурхайчид ковшийг нүүрсээр дүүргэсэн бол хонх цохиж мэдэгдэнэ. Моторын дэргэд байх хонхны дуу дунд сургуульд байсан үеийн маань хичээл завсарлагааны хонхтой эндүүрмээр адилхан. Хонх хоёр дуугарвал “нүүрс дүүрсэн, ковшоо тат” гэсэн утга илэрхийлнэ. Нэг, эсвэл хоёр удаа бол тросоо суллах, чангалахыг хэлэх аж. Нэгэнт хонхны дуу уурхайчдын бүхий л үйлдлийг удирдах учир хаа сайгүй дуугарна.
Хар алтны уурхай
Уурхайн гүнд ажиллаж буй залуусын ажлын нөхцөл байдлыг бодит байдлаар нь хүргэхийн тулд уурхайн ам руу орох байв. Хэд хэдэн амны эздээс уурхай руу орох зөвшөөрөл хүслээ. Эхний хүсэлт маань эрс татгалзсан хариутай тулгарав. 35 орчим насны залуу бидний гуйлтыг халгаасангүй. “Манай ажилтнууд өөрсдөө “наряд” бичээд, гарын үсэг зурж ордог юм. Тэгж байхад гадны хүн оруулна гэж ярилтгүй” гэж байна. Тэр жил Найлайх дүүргийн Иргэдийн хуралд сонгогдож байсан нэгэн эрхмийн сурталчилгааны ажилд явж байхдаа эндээс төрсөн 16 хөдөлмөрийн баатарын нэгтэй уулзаж байснаа хэллээ. Чамлахааргүй өндөр насласан ч манай үеийн баатарын амьдрал тийм ч сайн байгаагүйг би мэднэ. Ерөөсөө Налайхын их уурхай нэг л өдөр хаагдахад тэнд ажиллаж байсан бүхий л хүмүүс ажилгүй болж хэсэгтээ л зутарсан. Баатар өвөө уурхайн гүнд ам цангахаар нүүрс хүлхдэг байсан тухай хэлж байсан тухай өнөөх залууд хэллээ. Их уурхайн тухай хэсэгхэн яриа өрнүүлтэл өнөөхүн маань зөөлөрч байна. “Биднийг багад уурхай руу засмал замтай, ажилчдын автобус явдаг байлаа. Хөгшчүүд бурхан тахил гэхээс “алтан уурхай” гээд л их уурхай руу цай, сүүгээ өргөдөг байсан юм” гэж байна. Гал тойрон суусан бидний яриадотно, дулаахан өрнөлөө.
Зууханд нүүрсийг амаар нь гартал пиг чихжээ. Яндангаас үе үехэн оч үсэрч харагдана. Хэсэг ярилцсаны эцэст дахиад л гуйлаа. Өнөөх маань харин “Та нар амь дүйсэн юманд орох гээд байна. Уурхайн хонгил налуу, доод хэсэг нь мөстсөнбайдаг. Чадахгүй хүн орох арга байхгүй. 200 метр гүнд манайхан ажиллаж байгаа. Тэнд очих гээд замдаа агааржуулалтгүй салаа руу орчихвол та нар шууд л үхнэ ” гээд ковшоор уурхайчдаа оруулж, гаргадаг хажуугийн цооног руу орохыг зөвлөв. Өнөөх амны эзэн дээр очоод дахиад л “үгүй” гэсэн хариу сонсов. “Шөнийн ээлжийнхэн маань өдрийн ээлжийнхэнтэйгээ уралдаж нүүрс гаргаж байгаа. Та нарыг зөөхөөр их хугацаа орох болохоор өнөө хэд маань дургүйцнэ” гэж байна. Уурхайн сезон эхэлсэн болохоор энд байгаа ихэнх амууд хоногийн 24 цагаар ажиллаж байгаа аж.
Уурхайн гүнд
Хэд хэдэн эзэдтэй уулзсан ч уурхайн гүнд орох гэсэн бидний оролдлого бүтэлгүйтсээр. Завгүй ажиллаж байгаагаас гадна амь нас, эрүүл мэндэд маань учрах эрсдлийг сануулж уурхайн амны эзэд эсэргүүцсээр. Нэгэнт доош орж чадахгүй юм чинь буцах эсэх дээрээ тулав. Харин Б.Батбилэг гэх залуутай уулзтал өнөөх маань бидний хүсэлтийг зөвшөөрч, өөрийн ам руу оруулахаар боллоо. Түр хугацаанд нүүрс гаргаагүй болохоор газрын гадаргуу дээр ажиллаж байгаа уурхайчид нь түр амарчээ. Харин уурхайн гүнд таван залуу нүүрс суллаж байгаа аж. Ковшны трос даган буулаа. Дөрвөн хөллөхгүй бол яагаад ч багтахгүй юм. Гэрлийн утас нүх рүү оруулж түүнийг дагасан чийдэнгүүд харанхуй нүхийг гэрэлтүүлнэ. Бүтэн өдрийн туршид “эрсдэлтэй” гэсэн үгийг сонссон болохоор дотор хүйт дааж, бие эвгүйрч байна. Нуранги бууж ирээд дарчихвал аюулгүй байлгах, эрсдлээс хамгаалах зүйл тэнд үнэндээ алга. 4-5 метр орчим яваад таарах тулгуурыг харахаар түүнд найдахаас илүү айдас, түгшүүрийг нэмэгдүүлнэ. Хагарч, цуурсан гурвын банзаар хийсэн бэхэлгээ шороо, нүүрсэн ханыг нурахаас хамгаална гэвэл “холоо хэвтэх” биз. Нойтон модыг барилга, уурхайд ашиглахыг хориглосон учраас ийнхүү банзаар орлуулах болжээ. Нэгэнт л хууль зөрчин уурхай ажиллуулж байгаа юм чинь хулгайгаар нойтон мод олоод тулгуур хийчихвэл эрсдэл, аюул нь багасч болмоор ч хатуу хяналтаас үүдэн тийм мод ховор. Уурхайчдад ч түүнийг хайгаад явж байх зав, зай хомс бололтой. Ингээд л гурвын банзанд “амиа даатган” уурхайн гүн рүү орно.
Уурхайн бөглүү гүнд моторын дуу, хана руу өрөмдөх мэт чимээ нь нөхцөл байдлыг илүү аюултай болгоно. Таван метр хүрэхгүй яваад гар утсаа хартал хэдийнэ сүлжээгүй болжээ. Хаяахан ёлтойн гэрэлтэх гэрлийн чийдэн л хань болох юм. Явж буй хонгил маань заримдаа огцом уруудах агаад тал бүр тийш гаргасан ам нь өнөөх гэрлийн үзүүрт харагдана. Доор ажил хийж буй хүмүүсийн цахилгаан өрөмийн дуу түрүүнийхээс илүү чангарч, яриа нь дуулдах ч нэлээд мөлхөсний эцэст хүрлээ. Сүүдэгнэх зургаан ажилтан тус бүрдээ өөр өөрт ногдсон ажлаа ээлжгүй хийх агаад нүүрсний тоос, тортог уурхайчдын нүүр царай, өмссөн хувцасны өнгийг мэдэгдэхгүй болтол даржээ.Ийм байхад нарийн тоосонцор уурхайчдын уушиг, бие эрхтэнд хэрхэн нөлөөлж байгааг дурдаад ч хэрэггүй биз ээ.
Биднийг гэнэтхэн уурхайн гүн рүү ороод ирсэнд гайхаж, басхүү балмагдаж байгаа бололтой. “Б.Батбилэг оруулсан юм аа, хэвлэлээс явж байна” хэмээн хэллээ. Арай насаар бага залуунь “ковшны трос хөдлөөд хүн бууж ирж байгаа нь мэдэгдсэн юм аа. “Яасан удаан явж байгаахүн бэ” гээд гайхаад л байлаа” гэв. Газрын гүнд аваар, осолтой ажил хийж байгаа гэхэд өнөөдүүл маань харин цоглог, сэргэлэн юм. Нэгнийгээ “Хэвлэлийн нэгдүгээр нүүрэнд зургаа тавиулаад од болох нь ээ” хэмээн цаашлуулах. “Тэмээн жингийн цуваа Тэнхээт алхаагаар… ” хэмээн дуу эхлүүлснээ “наашлуулах юмуу, цаашлуулах юм уу, хэл л дээ” хэмээн арай ахмад нэгнээсээ асуух. Өнөөх нь “цаашлуулаа…” л гэх юм. “За тэгвэл цаашлууллаа шүү” гэх дуу гарч, цахилгаан мулдок тачигнаж, нүүрсэн ханыг буталж эхлэв. Энэ мэтээр тоглох тэднээс айдас түгшүүр холдон одсон мэт санагдана. Гэвч аюул тэдний дэргэд бий. Аюул осол гэгч энэ “мангас” эдгээр залуусын халууннас, эр зориг, наргиан наадам, цангинсан дуунд нь шунан гэтэж, нэг л өдөр нөмрөөд авах вий гэж бодоход нуруугаар хүйт оргилоо.
Уурхайчидтай хэсэг хугацаанд ярилцсаны эцэст газрын гадарга руу яарлаа. Газрын гадарга руу дөхөх тусам сэтгэл бага ч болов уужирч, гүнээс гарч ирсэн хойно л сая нэг гүн амьсгаа авав. Амь, амьдрал гэдэг асар үнэ цэнэтэй зүйл.Гэтэл юугаар ч үнэлж баршгүй энэ үнэ цэнээр дэнчин тавьж гүн хар нүх рүү яагаад шурган орж байна вэ. Бас энэ үнэ цэнийг хамгаалах хармын сэтгэл бусдад яагаад төрөхгүй байна вэ гэсэн бодол төрлөө.
Гүнээс гарч ирсэн хойно хамт явсан нөхөр маань “Та нарын ядарсан төрхийг харсангүй шүү” гэхэд нэгэн залуу “Над шиг хүн орвол ядруу зураг гарна аа. Наад хэд чинь бол тийм төрх үзүүлэхгүй шүү. Уурхайн гүнд шонхорууд л ордог юм“ гэв. Үнэхээр л амьдрал, ар гэрээ авч явах, үр хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулах гэсэн уурхайчдыг дайчин шонхортой зүйрлэх нь сайхан ч амиараа дэнчин тавьж буйн дэндүү харамсалтай.
Өглөө 9.0 цагаас оройн 21 цаг хүртэл дунд нь ганцхан цагийн амралттайгаар ажиллах тэд ингэж хөдөлмөрлөж байж, ээждээ сүүтэй, хань ижилдээ махтай, үр хүүхэддээ чихэр, зайрмаг барьж очдог биз. Бас олон хүн үр хүүхэд, хань ижил дээрээ очиж чадалгүй газрын гүнд нойрссон нь гашуун боловч үнэн билээ.
Жилд 20 хүний амь
Хүрээнд байх оросууд л анх Налайхын уурхайг ажиллуусан юм билээ. Богд хааны ордон хийгээд нийслэл хүрээнд байх бүхий л томоохон байрууд, ноёд, түшмэдийн өргөө, гэр илжиг луусаар зөөж ирсэн нүүрсний илчинд дулаацаж байсан гэдэг. 1915 онд Налайхын уурхайгаас 1000 пуд нүүрс олборлосон оросуудуурхайд ажиллах дүрэм гэгчийг зохион түүнийгээ Богд хаанаар батлуулах гэсэн тухай архивын мэдээ бий. Тэр цагаас хойш 100 илүү жил Налайхаас Улаанбаатарыг дулаанаар хангажээ. Бас 100 илүү жилийн хугацаанд хариуцлагатай уурхайн дүр төрхийг олсонгүй.1995 оны орчимд Налайхын уурхайд метаны хий дэлбэрч 20 гаруй уурхайчин, аврагчид бурхны оронд одож, түүнээс болж их уурхай хаагдсан юм. Ингээд уурхай хаагдсанаас хойш 22 жилийн хугацаанд нийтдээ 240 орчим хүн нас барж, 735 хүн хүнд бэртэж гэмтжээ.Өдгөө Налайх тойрсон ихэнх амууд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нийслэлийн гэр хорооллын айлууд төдийгүй ойр хавь аймгуудыг түлшээр хангадаг. Гэвч жилдээ 20 орчим уурхайчин харамсалтайгаар эрсдэж байна. Гар аргаар, асар их эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй тэднийг хамгаалах, найдвартай, тогтвортой ажлын байраар хангах ёстой шийдвэр гаргагчид нүдэн балай, чихэн дүлий байсаар 20 орчим жилийг үджээ.
“Нэг хүн үхвэл эмгэнэл, нэлээд олон хүн үхвэл статистик тоо” гэх нэгэн дарангуйлагчийн ишлэл үг бий. Налайхын уурхайд ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан, эрсдэж одсон хэчнээн хүн шийдвэр гаргах хүртэл зүгээр л нэг статистик тоо, сониуч саваагүй хүмүүсийн ярианы сэдэв байхыг хэн мэдлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын сүүлээр дөрвөн хүн уурхайн гүнд дарагдаж, хоёр нь харамсалтайгаар хорвоог орхилоо. Ихэвчлэн хөдөөнөөс орж ирсэн, ажил олдохгүй байгаа залуус өдрийн 25 мянган төгрөгийн төлөө гарын үсэг зураад гүн “там” руу мөлхөж эцэст нь эрүүл мэнд, амь насаа зольж байна. Тэдний эсэн мэнд гарч ирэх эсэхийг тэр хэсэг газрын хөрс шороо шийднэ. Уг нь бүү нураасай хэмээн залбирах бус хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах нь тэдний аюулгүй байдлын баталгаа болох учиртай.Гэвч энд аюулгүй ажиллагаа гэх үг үгсийн сангаас нь аль эрт хасагджээ.
“Нулимастай” нүүрс
Бүрэнхий дунд уурхайн “хотхон” бараантан алсарч байна. Бид Налайхаас гэрийн зүг хөдөлж байгаа нь энэ. Зам зуур хамгийн их бодогдсон зүйл бол тэвшинд ачсан энэ нүүрсэнд хэчнээн их нулимас “шингэсэн” бол гэх бодол юм.
Нийслэлийн гэр хорооллынхныг дулаацуулж, их хотыг гал алдуулахгүй авч явдаг гэх Налайхын уурхайчдын өргөмжлөлийн цаана хэчнээн хүний амь нас сүйдэж, хэдэн зуун хүн хөгжлийн бэрхшээлтэй болж хань ижил, үр хүүхэд, аав ээжээ нулимсан далайд живүүлсэн бол.Хамгийн гол нь нийслэлээс ердөө хэдхэн км-ын цаана шүү дээ. Төр засаг, шийдвэр гаргах түвшний хүмүүс, хяналт шалгалтын байгууллагуудын нүдний өмнө энэ дайн өрнөж байна. Гэвч энд нөхөн сэргээлт, аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал эрүүл мэнд, бичил уурхайн холбогдох хууль журмын хэрэгжилт зэргийг ярих нь бүү хэл дурдах ч боломж алга.
Цаашид олон хүний харуусал, нулимас шингэсэн нүүрсээр өргөө гэрээ дулаацуулсаар байх уу, эсвэл хариуцлагатай уурхайг хөгжүүлэх гэсэн сонголтыг хийх цаг нэгэнт иржээ.Гурван жилийн өмнө Азийн хөгжлийн банкны нэгэн төслийн үр дүнтэй танилцаж баруун болон төвийн бүсийн хэд хэдэн аймгаар явж байх үед орон нутагт хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа хүмүүстэй тэмцэх, хууль ёсны дагуу явуулахад нөлөө үзүүлэх гол хүчин зүйл нь нутгийн иргэд, засаг захиргаа болохыг ойлгосон.Мэдээж Налайхын уурхайн амуудад хяналт тавих, аюулгүй ажиллагааны стандарт мөрдүүлэхэд төвөгтэй. Гэхдээ боломжгүй зүйл биш. Тухайлбал, орон нутгийн иргэд, уурхайд хөлсөөр ажиллаж буй хүмүүсийн мэдээллийг урамшуулдаг систем байж болно. Өөрөөр хэлбэл, хууль бусаар, стандартын шаардлага хангахгүй олборлолт явуулж байгаа уурхайн мэдээллүүдийг иргэдээс худалдан авч тухайн уурхайн эздэд хариуцлага тооцож, мөнгөн торгууль өндөр тавьдаг. Уг хуримтлалаар дахин мэдээлэл худалдаж авах зэргээр явах боломжтой. Мөн зөрчил гаргасан амны эздийг заавал сургалтад хамруулдаг эрхзүйн механизм байж болно. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш гэдэг. Үүнтэй адил өдрийн 25 мянган төгрөг өгөөд гүн нүх рүү оруулж байгаа тэр хүний эрүүл мэнд, амь насанд ямар эрсдэл учирч болох, ар гэр нь хэрхэн зүдэрч зовохыг эздэд хэлж ойлгуулж байж л ухаарах биз ээ.Сануулахад, уг сурвалжлагад дэвшүүлсэн санаа зөвхөн сэтгүүлчийн үзэл бодол билээ.
Г.Батзориг
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.