Бурхан минь ахиад л өглөө болчихож. Сургуульдаа явахаас өөр сонголтгүй шүү дээ. Ядаж байхад яагаад заавал юбка өмсдөг юм болоо. Охидын бие засах газар, хүн бага явдаг буланд л битгий тэр хэдэн балиар юмтай таараасай билээ. Багш, нийгмийн ажилтанд хэлвэл намайг буруутгах болов уу? Эсвэл нөгөөдүүлийг учир зүггүй миний өмнө авчирч загнаад бүүр ч хэцүү байдалд оруулчих болов уу? Тэд ямар байнга миний хажууд намайг хамгаалж байх биш дэмий байхаа. Үеийн охид минь бүгд ийм айдастай байдаг юм уу? арай өсгөлүүн болохоор надад л ийм зовлон байна уу? Болдог бол сургуульдаа явахгүй юмсан…
Нүдээ нээ…Багш, сурган хүмүүжүүлэгчдээ
Яанаа ахиад л биеийн тамирын хичээл. Ямар хэцүү юм бэ? Яг л амьтны хүрээлэнгийн торонд байгаа үзмэр эсвэл боолын наймааны тавцанд зарагдахаар зогсож байгаа юм шиг тэр эвгүй мэдрэмжийг туулах нь дээ. Бөмбөг өгөөд тоглуулаад орхивол найзуудтайгаа нэг буланд суугаад өнгөрүүлэе! Харин нөгөө багш заавал ойрхон зогсоох гээд, биенд хүрч дасгал заах гээд, бүүр албаар тэвэрч ирээд юм хийлгээд байвал яах вэ? Сургуулийн захиргаанд хэлвэл багшаа өмөөрөөд өнгөрөх болов уу? Биеийн тамирын хичээлийг ингэж л ордгийн гээд загнах болов уу? Тэгвэл яагаад бусад охидод хүрдгүйм гэвэл бүүр ч аймаар юм болох байх. Чимээгүй л явахаас…
Нүдээ нээ… Сургуулийн удирдлага, ангийн хөвгүүдээ
Эээ охидуудаа та нар яагаад явчихваа. Хурдхан цэвэрлэгээгээ хичихээд явах минь. Дугуйлангийн багшийн найз гэдэг ах өнөөдөр байхгүй байгаа нь аз. Худлаа юм зааж өгнө гэчихээд балай балай юм яриад, хацар илээд, ахтайгаа манай студид очиж бэлтгэл хий этр ч гэх шиг. Ядаж найзууд минь хамт байсан бол юу гэж ингэж айхав дээ. Ахиж л ганцаараа үлдэхгүй юм шүү…
Нүдээ нээ… Найзуудаа
Ахтай ч болоосой. Тэгвэл харанхуй гудамжны үзүүрт тосуулаад хамт явж байхгүй юу? Аав, ээж хоёрт хэлвэл “Өдий том болчихоод” гэж ирээд загнах байх. Гудамжны нохойнууд ч бараг таньдаг болчихсон харин тэр согтуу ах нар л аймаар шүү. Гэрэлтэй, камертай гудамжинд амьдардаг хүүхдүүд гоё юмаа. Хэзээ манай гудамж тийм болохын бол. Дээр тэр ах худлаа унаж байгаан болоод тэвэрч авахад арай л сүнс зайлчихаагүй. Халтиргаа бага байсан тулдаа л гүйж холдсон доо. Бурхан минь намайг хамгаалаарай. Нөгөө гудамжаар ахиад л явах нь…
Нүдээ нээ… Хорооны дарга, цагдаа нараа
Арын гудамжаар тойрч алхах уу? Автобусанд суухаар холдчих нь доо. Яахаараа манай гэр, сургуулийн хоорондох гудамжны хоёр талаар зөвхөн бар, буудал хоёр л байдгийм болоо. Одоо бүүр ахлах ангийн сурагчид ч тэндээс гарч ирээд дууддаг болж. Том хүн болох гэж очсон ангийн охинд архи хүчээр шахам өгсөн байсан. Би тийм аймаар юмтай нүүр тулмааргүй байна. Дээрийн тэр эгч нар “Хөөрхөн охин байшд. Аниа нь нүүрийг чинь гоё будаад өгөхүү” гээд байх нь ч аймаар санагдаж байна. Гэр хүртлээ таксидахаас…
Нүдээ нээ… Иргэдээ
Ээжээ энэ ахтай хамт намайг битгий орхиоч дээ. Таны хамаатан гэдэг чинь миний хамаатан гэсэн үг биздээ. Гэтэл би айгаад байна. Таныг байхгүйд надтай “эмч” болж тоглоё гээд байдаг. Усанд оруулаад өгөх үү? гэж айлгана. Хоёулаа унтая гээд тэврээд хэвтэхээрээ зүгээр байхгүй ийш тийшээ гараа явуулдаг. Тэгээд ээждээ хэлж болохгүй шүү? Хэлвэл ээжид чинь аймаар муу юм тохиолдоно гэдэг. Би таныг хайрлаад хэлдгүй. Тэгэхдээ л айгаад байна. Би ганцаараа байж чаднаа ээжээ…
Нүдээ нээ… Эцэг, эхчүүдээ
Гэрлээ битгий унтраагаасай. Харанхуйгаас биш хажууд байгаа ах нараас л айгаад байна. Аав минь байсан бол ийм аймаар байхгүй байсан байхдаа. Ээжээ таны найз нар, эцэг чинь болно гээд байгаа тэр ах чинь ч айлгаад байна. Согтуугаараа далимдуулж ороо андуурна, бэлэг өгсөн гээд худлаа өвөр дээрээ суулгаж үнсэнэ, угаалгын өрөөнд араас орж ирчихээд хараад зогсоод байна. Энэ бүхэн нь намайг айлгаад байна. Ээжээ гэрлээ битгий унтраагаач дээ…
Нүдээ нээ… Томчуудаа
Ахиад л шөнө боллоо. Хэрэв өнөө шөнө тэр муухай хүн ирвэл би маргааш заавал амиа хорлоно. Гэгээн мөрөөдөл, сайхан найзууд, ээж аав, энхрий дүү гээд бүгдийг нь орхиод явах минь. Тэр муухай хүний дор тэлчилж, тэр муухай үнэрийг мэдэрч, тэгээд тэр бүхнээ хэлж, хашгирч чадахгүй тарчилж явахаар үхвэл амар байх. Энэ бүхнийг хэлвэл би л буруутан болж, гэр бүлийнхээ нэр хүндийг хугалж, сургууль, байрныхандаа ч ад үзэгдэж нүүр хийх газаргүй нүгэлтэн болчих гээд байна шүү дээ. Намайг хайрлаач дээ. Миний энэ аймшигтай байдлыг харахын төлөө НҮДЭЭ НЭЭгээч дээ ХҮМҮҮСЭЭ. Би айгаад байна….
Сүүлийн үед бага насны охидыг хүчирхийлсэн явдалууд ар, араасаа гарч нийгмийг хирт хийлгэв. Хэсэг л шуугиан болж, жагсаж, НҮДЭЭ НЭЭ гэсэн постер гаргаж, профайлаа чимцгээв. Тэгснээр юу өөрчлөгдөх вэ? Магадгүй төр засаг анхааралдаа аваад ямар нэг хууль санаачлахаар ханцуй шамлан орсон байх.
Гэвч энэ бүх зүйлс ил бус далд, охидын айдас, шаналал дунд одоо ч яг энийг уншиж байхад тань таны гэрт, таны охинд, дүүд тохиолдсоор байна. Тиймээс охидын амьдралын эргэн тойронд таардаг айдсуудыг илчилж энэ бүхэнд анхаарлаа хандуулж НҮДЭЭ НЭЭхийг хүсч энэхүү нийтлэлээ нулимастай бичиж сууна.
Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид бүх насанд хүрэгчид минь та бүхэн хүчирхийлэгчдийг зомби шиг эсвэл гэмт хэрэгтэнтэй киноны муу талын дүр шиг байна гэж битгий бод. Бидний дунд магадгүй маш сайн хүн хэмээгдээд ч явж байдаг юм шүү.
Тиймээс охидоо анхааралтай сонс, асуудлаа нуулгүй хэлж чаддаг болго, сургууль, гэр, амьдарч байгаа орчин бүрд нь анхаар, асуудал үүсч болох тохиолдол бүрээс хамгаал, амин эрдэнэ минь тул атгандаа нуух мэт хайрла. Яг одооноос л хичээцгээе! Алхам тутамдаа.
Хавхчин Г.Ариунчулуун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.