Ж.Батзандан: Д.Эрдэнэбат Б.Хурцтай эвлэрхийг Л.Болд бид хоёрт тулгасан

2017-11-23 Ярилцлага

Төрийн хамгаалалт хүсч байсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Цензургүй яриа нэвтрүүлэгт орж, худал мэдээлэл цацсан гэдгийг мэдээллтийн эхэнд тодотголоо. Тэрбээр “Б.Хурц гэдэг хүнийг БНСУ-ын Элчин сайдаар томилох асуудалтай холбоотой нээлттэй сонсгол хийхийг олон гишүүн дэмжиж байгаа. АН-ын бүлэг нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээр нээлттэй сонсголыг дэмжиж буй гишүүдийн тоо 30 гарчихлаа. Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хэд хэдэн ноцтой зүйл ярьж худлаа гүтгэлэг тараасан.

Ямар гүтгэлэг тараасан бэ гэхээр, “Ж.Батзандангийн нэг ах нь Болгар руу таван сая ам.доллар шилжүүлсэн асуудлаар шалгагдаж байсан” гэсэн. Би тухай баримтыг өчигдөр бүтэн өдөр хайлаа. А.Гансүх гэдэг хүнийг сайд, Б.Батзаяа гэдэг хүнийг Төрийн нарийн бичгийн дарга байхад Зам, тээврийн яамнаас 4.5 тэрбум төгрөгийн захиалга Болгар руу хийж байсан юм байна. Миний ах тэр зүйлд оролцоогүй. Гарын үсэг нь алга. Би энэ баримтыг гаргаж тавина.

Өнгөрсөн жил “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал сөхөгдөж, Б.Хурц Төрийн ордноор гүйж “Та дуугүй байгаач, Ц.Нямдоржоос хол байгаач” гэж гуйж байхдаа миний ахыг Болгар руу мөнгө шилжүүлсэн гэдэг асуудлаар АТГ дээр бүтэн өдөр суулгасан. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандангийн дуу хоолойг хорих зорилгоор Б.Хурц ийм зүйл зохион байгуулж байсан нь тодорхой болсон” гэсэн юм.

Мөн тэрбээр “Генерал Б.Хурц хувийн архивтаа улстөрчидтэй холбоотой материал цуглуулчихсан. Түүнийг БНСУ явахдаа аваад явах гээд байна. Харин би энэ бүх баримтаа АТГ, прокурор, ЦЕГ руу шилжүүл гэж шаардаж байгаа” гэлээ.

Түүнчлэн тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд чухам юу болсон талаар тайлбар хийсэн юм. Түүний хэлж байгаагаар Б.Хурц мөн л энэ асуудлаар худал хэлсэн гэнэ. Тэрбээр “Миний амнаас ална тална гэдэг үг хэзээ ч гарч байгаагүй, гарахгүй. Үүнийг Л.Болд, Д.Эрдэнэбат гэдэг хоёр хүн мэдэж байгаа. Гэтэл Ж.Батзандан ална гэхээр нь би зөрүүлээд ална гээд хэлчихсэн ш дээ гэсэн. Хөөрхөн цагаан нүдний шил зүүчихээд, хар цүнх барьчихаад жүжиг тоглож байна. Энэ жүжигчнийг нээлттэй сонсгол дээр дуудаж баримтыг нь гаргаж тавина. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэж Эрүүгийн хуулийн зүйл анги байдаг. Үүний дагуу би Б.Хурцыг цагдаад өгсөн. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Б.Хурцтай эвлэрхийг Л.Болд бид хоёрт тулгасан” гэлээ.

Ингэж тулгах болсон шалтгаан нь Б.Хурц 2020 онд АН-аас нэр дэвших гэж байгаатай холбоотой гэдгийг ч тэрбээр тайлбарласан. Ж.Батзандан энэ мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Танай нам дотор бас МАН доторхи шиг хагарал бий болж байгаа гэсэн үг үү?

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлэглэлийг хамгаалах гэж оролдвол хүлээн зөвшөөрөхгүй. Бүлгийн дарга Б.Хурцыг хамгаалах гэж, биднийг анхаарлыг сарниулах гэж бүлэглэлдээ үйлчилж эхэлбэл би энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Б.Хурц ярилцлагандаа Ж.Батзандан Ц.Нямдоржийн өмнөөс яриад байгаа гэсэн утгатай зүйл ярьсан. Үүн дээр юу хэлэх вэ?

Б.Хурц УИХ-д Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан гэсэн гурван муу хүн байгаа гэж хэлсэн. Б.Хурц бол хүнийг шууд нүүрэн дээр нь гүтгэдэг. Гэмт хэрэг зохиож ярьдаг, хов баздаг хөгшин авгай шиг л хүн байна. Ц.Нямдорж гэдэг хүнтэй би хоёр зүйл дээр нэгдэж байгаа. Цаашид ч нийлнэ. Б.Хурц үүнийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөхөд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Төрийн хүн хувийн компанийн ажилд оролцож болдоггүй юм. энэ бол эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах гэмт хэрэг.

Монгол Улсын эрх ашгийн төлөө ийм алхам хийсэн гэж тайлбарласан шүү дээ?

ТЕГ-ын дарга хүн Монгол Улсын эрх ашигтай холбоотой мэдээллийг хувийн компанид биш Засгийн газар, УИХ-д өгөх ёстой. Тиймээс үүнтэй нь холбогдуулж шалгах ёстой юм байна. Мөн Б.Хурцын өмгөөлж хамгаалдаг хүн нь Д.Эрдэнэбат юм байна гэдэг нь тодорхой боллоо. Энэ асуудлыг ч шалгах ёстой.

Та сая бүлгийн даргатайгаа хамт зэрэгцэж суугаад мэдээлэл хийсэн. Асуудлыг шууд дэргэд нь хэлэхгүй, яагаад салж явахаараа байр сууриа илэрхийлдэг юм бэ?

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа зүйл ярьж байгаа учраас үүнийг залруулахаас өөр арга алга.

Шууд нүүрэн дээр нь хэлчихвэл тэр хүн өөрийнхөө байр суурийг илэрхийлэх юм биш үү?

Удахгүй Б.Хурц, Д.Эрдэнэбат хоёр эсэргүүцлээ илэрхийлэх байх.

Та төрийн хамгаалалтад орсон уу?

Хамгаалалтад намайг авсан гэж мэдэгдсэн. Төрийн хамгаалалт алсын, ойрын гэх мэт олон янз байдаг бололтой юм. Энэ бүхэн нууц байдаг учраас ил хэлэх боломжгүй байна.

Та С.Зориг агсны амь насыг бүрлэгсэн хэрэг 14 хоногийн дараа илэрнэ гэж хэлсэн. Түүнээс хойш долоо хоног өнгөрч байна. Ирэх долоо хоногт энэ хэргийн захиалагч ил болно гэж ойлгож болох уу. Та энэ мэдээллээ хаанаас авсан юм бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ хэргийг ил тод болгох саналаа Засгийн газарт оруулчихсан байгаа юм байна. Засгийн газар руу орсон асуудал хамгийн уртдаа 14 хоногийн дараа шийдэгддэг юм. Энэ агуулгаар нь хэлж байгаа юм. “Батзандаан, Б.Хурцыг ярихаа боль. БНСУ руу нь явуулчих” гэж олон хүн надад хэлж байгаа.

УИХ дэмжээд Элчин сайдаар томилчихвол яах вэ?

Манай намын бүлэг нээлттэй сонсгол явуулахыг дэмжсэн. МАН-ын бүлэгт үүнийг дэмжээч гэсэн хүсэлт тавих гэж байгаа. Дэмжих байх гэж найдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатарын гэрт хийсэн бичлэг гүйцэтгэх ажлын шугамаар хийгдсэн бичлэг болох нь тодорхой болж байгаа. Тэр бичлэгийг Б.Хурцын найз Биндэръяа гэдэг хүн хийсэн. Би С.Ганбаатар болон МАХН руу ярьж “Өргөдөл гомдлоо өгч шалгуул” гэж хэлсэн. Тагнуулын байгууллага хэн нэгнийг дуртай үедээ тагнадаг чагнадаг байж болохгүй. Ж.Батзандангийн тухай материал цуглуулж байгаа гэж О.Баасанхүүгээр надад хэлүүлсэн. Тийм материал байгаа бол одоо гарга, ил болго, хууль хяналтын байгууллагадаа өг.

NT

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.