Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан “Албан татвар, төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалтын удирдамж”-ийн дагуу нийслэлийн Татварын газраас Замын цагдаагийн албатай хамтран энэ сарын 20-ны өдрөөс эхлэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан тогтоосон хугацаанд албан татвараа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1, 11.19.14-т заасны дагуу торгоно гэж заасан байдаг.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль:
7.1. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
Зөрчлийн тухай хууль:
7.5.1. Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.19.14. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийн жагсаалтыг www.smartcar.mn цахим хаягаас шалгана уу гэж нийслэлийн Татварын газраас мэдээлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.