Бүлгийн хуралдаан
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.
Энэ талаарх мэдээллийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “2018 оны төсөвт 7,2 их наядын орлого олохоос нэг их наяд орчмыг нь халамж тал руу зарцуулсан. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага төсөв зарцуулж байгаа нь үндсэн чиглэлээ алдагдуулж, улам илүү шүүмжлэл дагуулж байна. Хөрөнгө оруулалтын бодлогыг томоор нь авч үзэх, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр байр сууриа хэлээд явна” гэлээ.
Харин 2017 оны төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр мөнгө олгох бус, цалин нэмэх асуудлыг ярих нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн гэв. Тиймээс урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв. Хуулийн зарчим алдагдсан, Төсвийн тухай хуулийн 6.2.5, 6.3-ийн заалтуудыг бүхэлд нь зөрчсөн учраас хориг тавьсныг бүлэг дэмжсэн аж.
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч хууль дээдлэх зарчим алдагдсан учраас хориг тавьсан. Хуулиа баримталж, хууль дээдлэхийг л шаардаж байгаа учраас АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хориг хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтын мөнгийг гацааж байгаа биш төсвийн хуулийн дагуу хууль зөрчихгүй байхыг сануулж, хориг тавьсан гэж үзэж байгаа ажээ. Мөн тус бүлэг 2018 оны төсвийн төслийг хугацаанд нь батлах ёстойг сануулав.
О.Гэрэл
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.