Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АТГ-т очиж мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байсан нь саяхан. Иймдээ ч мань эрхэм юунаас болж АТГ-т дуудагдав гэсэн асуулт олон хүний анхаарлыг татаж, зарим нь өөр өөрийн таамгаа дэвшүүлсэн. Тухайлбал, нэг хэсэг нь Ч.Сайханбилэг сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Эрдэнэт”-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар байцаагдсан байж магадгүй хэмээж байхад нөгөө хэсэг нь сүүлийн үед улстөрчдийн дунд хэрүүлийн алим дэгдээгээд буй Хөгжлийн банкны асуудлаар “юм” ярьсан байх магадлалтай хэмээж байгаа юм.
Үнэндээ сүүлийн үед Монголын улстөрчид байсхийгээд л таагүй дуулианд нэр холбогдох болсон. Таагүй гэдэг нь намынхаа нэр нүүрээр албан тушаалд очсон зарим нь эрх мэдэл, сүр хүчээ ашиглан өөрийн эсвэл ойрын хүмүүсийн бизнесээ дэмжсэн, мөнгө угаасан гэх хэл ам. Гэвч томчууд холбогдсон хэрэг мөрдөн байцаалтын эсвэл прокурорын шатанд очоод замхардаг. Товчхондоо, Монголдоо нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэр холбогдсон хэрэг нэг хэсэгтээ дуулиан тарьж байгаад сураг алдардаг нь үнэн.
Хөгжлийн банктай холбоотой асуудлыг сөхөхөөр Монголын улстөрчид бухимддаг. МАН, АН гэлтгүй бүгд талцаж байгаад “Бид ямар ч буруугүй” хэмээн өөр өөрсдийгөө өмгөөлдөг. Гэвч Хөгжлийн банкны экс удирдлагуудыг шалгах явцад хэний ч сонсч, дуулж байгаагүй зөрчил нэмж илэрсээр байна гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлсээр байгаа юм. Юутай ч хуулийнхан Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, завшсан 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил учруулсан хэргээр шалгаад он дамнасан. Улмаар энэ хэрэг дээр Ерөнхий прокурорын тушаалаар ЦЕГ, АТГ, УЕПГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч улс төрийн хүрээнд энэ хэргийн гол буруутнууд буюу тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр тэргүүтнүүд хэргээс сугарч, шаварт унасан шарын эзнээрээ Н.Мөнхбат ганцаараа хариуцлага үүрэх нь тодорхой болсон гэх яриа хэсэгтээ л олны амны зугаа болж билээ. Ямартай ч нэр дурьдагдсан дээрх эрхмүүд яллагдагчаар татагдаад буй.
Гэхдээ УИХ-ын холбогдох Байнгын хорооны хурлын үеэр тус банкны хууль бус үйл ажиллагаатай холбоотой олон баримтыг дэлгэсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын зарим гишүүн авсан зээлээ төлөөгүй нь ил болсон. Гэтэл үүний дараа бас нэг мэдээлэл анхаарал татсан нь “Эх орон” намын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын мэдэлд байдаг “Эрэл” компани Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь тодорхой болсон. Хамгийн ноцтой нь уг хэргийг шалгах явцад “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бий. Учир нь тэрбээр гэрт нь үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хавтаст хэрэг нээсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Арвин нэгэн үе МАН-аар овоглож байсан. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу АН олонхи болох үед намаа сольж, МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзсан. Улмаар “Би АН-ын гишүүн” хэмээн тунхаглаж, “хоолыг нь идэж” байсан тогоо руугаа нулимж эхэлсэн. Тэгвэл түүний намаа сольсон нь улс төрд баримталж ирсэн үзэл баримтлал, итгэл үнэмшил байсан гэхээсээ илүүтэй бизнесээ дэмжих гэсэн далд санаархал байсан бололтой. Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Арвинтай холбоотой таагүй мэдээллүүд олны анхаарлыг татаж байгаа бөгөөд хуулийн байгууллагаас түүнийг хэд хэдэн тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж буй гэх мэдээлэл өгч байв.
Тодруулбал, түүнийг 1.3 тэрбум төгрөгийн тендерийг бэрийнхээ компанид хууль бусаар олгосон, “Сансар” Хотхоны 85 айл өрхийн 500 гаруй иргэнийг орох оронгүй болгосон, иргэдийн орон сууцны гэрчилгээг барьцаалж банкнаас зээл авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тэгвэл өчигдөр түүнтэй холбоотой бас нэг таагүй асуудал ил болсон нь 1.1 тэрбум төгрөгийн тендерийн хэрэг. Тодруулбал, “Амгалан” амаржих газрыг шинээр барьж байгуулахаар зарласан 1.1 тэрбум төгрөгийн тендерийг тэрбээр хүүгийнхээ компанид авч өгсөн бөгөөд улмаар гүйцэтгэгч нь эмнэлгийн суурийг нь ухаад орхисон гэх баримт юм.
Юутай ч энэ тухай эх сурвалжууд “Д.Арвин болон хүүгийнх нь хариуцлагагүй байдлаас болж “Амгалан” амаржих газрыг барих төсвийг төсөвт дахин суулгаж, улмаар тендер зарлан өөр компани шалгарсан. Уг амаржих газрын ашиглалтад оруулсан байж болзошгүй. Иймээс энэ асуудлыг дахин шалгаж байгаа” хэмээн мэдээлж байлаа.
Мөн түүнийг давхар 370 сая төгрөгийн хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн, СӨХ-ын тэргүүн байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн Түнел орчмын хэд хэдэн байрны дээврийг солих ажлыг өөрийн “Өү Ти Юү” болон өөр хоёр компанийн нэр дээр авсан гэх дуулиан. Гэхдээ энэ ажлаа хийж дуусгасан эсэхийг шалгалтын явцад тодорхой болох бөгөөд хамгийн гол нь өөрийгөө үнэнч шударга хэмээн цоллож ирсэн эмэгтэй улстөрч ийм олон тендерийн хэрэгт холбогдсон нь анхаарал татаж байгаа юм.
ЭБЭ-гийн ЗААВРААР Н.АЛТАНХУЯГИЙГ БАРИВЧЛАХ УУ
Монголын эрүүгийн ертөнцөд бас нэг улстөрч нэр алдраа үлдээгээд буй нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болоод багагүй хугацаа өнгөрөв. Учир нь АТГ-аас түүнийг хэдэн жилийн турш шалгаж, тэр ч бүү хэл гэр бүл, ах дүү хамаатан садан, зөвлөхүүдийг нь хүртэл ээлж дараалан шалгах болсон. Гэхдээ түүнд холбогдох дуулианыг намынх нь нөхөд болон улс төрийн хүрээнийхэн өөртэй нь холбон тайлбарлахаас илүүтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой арсалдсан учраас хэмээн тайлдаг.
Үнэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авлах ажиллагаа эртнээс эхэлсэн. Тухайлбал, түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг АТГ-аас мөрдөн байцааж, шүүх гэм буруутай хэмээн тогтоосон. Мөн түүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг арилжааны банкин дахь харилцах дансанд нь “Ар дааган” гэх ХХК-ийн данснаас ихээхэн хэмжээний мөнгийг “нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн гээд хэд хэдэн үндэслэлээр буруутгасан. Удалгүй түүний хүргэн хүү Г.Дэнзэнг мөн л шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэргийн нарийн учиг одоо ч тайлагдаагүй байгаа.
АН-ын даргын сунгаа эхлэхийн өмнө АТГ-аас түүнийг мөн л дуудаж байцаасан бөгөөд энэ тухайгаа тэрбээр “Надад нэг хүний захиалгаар хэрэг тохох гээд байна. Би айхгүй тэмцэнэ” гэдгээ хэлдэг юм. гэвч хуулийнхан энэ талаар одоо болтол дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй.
Албан тушаалтнууд өртөөлсөн бас нэг хэрэг нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай холбоотой асуудал. Учир нь хотын экс даргын хүү аавыгаа хотын даргаар ажиллаж байх үед “Гранд лайн” ХХК-ийнхаа нэр дээр “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-өөс 11 тэрбум төгрөг авсан. Ингэхдээ гэрээ хийж, үүнийхээ 50 хувийг нь бэлэн гаргуулж авсан гэдэг. Хэдийгээр энэ тухай сонгуулийн өмнө бишгүй ярьж, энэ хууль бус үйлдэл байсан, хуулийн байгууллагынхан шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан ч өдгөө энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа юм. Хамгийн гол нь Б.Чулуудай “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэрийн дор энэ их мөнгийг улстөрч аавынхаа буянаар авсан нь үнэн ч Э.Бат-Үүл өнөөдрийг хүртэл мэдэн будилсаар л байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.