Өгүүллэг
Хаврын сүүл сар мушгих үеэр оюутнууд жилийн эцсийн шалгалтаа өгөх гээд хонь хурга нийлэлдэх мэт дээр дооргүй л бужигнацгаана. Энэ үед гурван жил тасралтгүй ангийн дарга хийсэн Даш ангийнхаа хэдэн оюутны сурлагын дэвтрийг бариад “Эдийн засгийн онол” хичээл заадаг Билэгт багшийн өрөөний үүдэнд ээлжээ хүлээн зогсоно. Дашийн дэргэд ангиасаа арай илүү дотно үерхдэг найз Болдоо нь түүнийг царайчлах мэт зогсох бөгөөд :
– Дашаа, чи эхний ээлжинд найзынхаа дүнг л засуулдаг юм шүү, Билэгт багш надад их дургүй юм шиг ээ гэж нүд амаа эргэлдүүлэн тал засна. Даш угийн багш нартай хэл амаа хурдан ололцоод сурчихсан учир, ганц найзынхаа дүнг засуулах нь гарны өргөс авахтай л адилхан мэт санагдаж :
– За болох байлгүй дээ, харин орой ажил тарахаар багшийг жаахан уулгаж идүүлэхэд мөнгө нэмэрлэхээ мартав даа гэж хэзээний дүнг нь засчихсан мэт даналзав. Болдоо мөн адил дүнгээ засуулчихсан юм шиг догдолж :
– Тэгэлгүй яах вэ, хэд хэрэгтэй юм гэж хэтэвчээ тэмтрэхэд Даш :
– Чи түр байж бай, би дүнг чинь засуулаагүй байна, чи ер нь их арчаагүй юм аа, ангиасаа ганцаараа F авч байдаг гэж амандаа шогширно. Удалгүй Даш багшийн өрөөний хаалгыг соёлтой нь аргагүй тогшиж ороод :
– Сайн байна уу багшаа, ажил сайн биз дээ гэхэд Билэгт багш :
– Та нарын ачаар сайн л байна гэж жаахан жуумалзаад алив гэж Дашаас сурлагын дэвтрүүдийг нь авч нэг бүрчлэн үзсэнээ :
– Энэ Болдын дүнг би засаж чадахгүй шүү, хичээлдээ ч суудаггүй энэ нөхрийн дүнг иймэрхүү байдлаар засаад байвал бусад нь яах болж байна гэхэд Даш толгойгоо илээд :
– Үгүй ээ багшаа, Болдоогийн эмээгийнх нь бие муудаад гэхэд Билэгт багш яриаг нь тасдаж :
– За боль Даш минь наад арга чинь бүр хоцрогдчихсон шүү дээ , би чамайг гээд л ангийн чинь гайгүй оюутнуудын дүнг засаж өгдөг юм, тэрнээс биш Болдоо шиг ийм илэрхий муу оюутны дүнг засаж чадахгүй гэсэнд Даш их л чухал зүйл хэлэх гэж буй мэт Билэгт багшийн ширээнд ойртон очиж тохойлдоод :
– Багшаа, Болдоо миний сайн найз байгаа юм аа, та ганц удаа намайг бодоод засчих л даа тэгэх үү гэхэд Билэгт багш жаахан тээнэгэлзсэнээ :
– Тэгвэл чи өөрийг нь оруулчих, нүүр нүүрээ харахгүй засаад өгчихвөл цаадах чинь миний хичээлд бүр суухаа больчихно гэхэд :
– За тэгье багшаа, би Болдоог өөрийг нь оруулчихъя гээд гарах гэснээ зог тусаж, багшаа орой ажлыг тань тарахаар нөгөө зоогийн газартаа уулзана шүү гэхэд Билэгт багш үл мэдэг толгой дохиод хоцров. Даш багшийнхаа хаалгыг гаднаас нь зөөлхөн хаах зуураа Болдоог ор гэж толгой дохиход :
– Би орох юм уу, чи оруулахгүйгээр янзалчихгүй яасан юм гэж шивнэн хэлэхэд Даш Болдоог хүзүүдэж өөртөө татаад :
– Найз нь ярьчихсан, чи орж царайгаа харуулчихаад л гараад ир гэсэнд Болдоо хэсэг бодлогоширон зогссоноо чимээгүйхэн хаалга онгойлгон орлоо. Түүний орж ирэхийг Билэгт багш анзааралгүй суусанд Болдоо худлаа хий ханиалгаад :
– Сайн байна уу багшаа гэхэд :
– Сайн, харин чи сайн уу, харагдаж үзэгддэггүй хүн өнөөдөр ямар хэргээр манай өрөөгөөр зочилж явна даа гэж Билэгт багш Болдоог жаахан ёжилсон байртай хэлэхэд :
– Харин эмээгийн бие муудаад хөдөө явчихаад ирсэн юм, би таны хичээл дээр дүн тааруу гарчихаад гэж Болдоо ээрч мууран хэлээд толгойгоо илж зогссонд :
– Тааруу гарсан гэнэ шүү, F гарчихаад гэснээ түүний нүдрүү хэсэг ширтээд, ангиас чинь яаж ганцхан чамайг F гаргах вэ? аргалж байгаад л D тавихаас гэв. Энэ үед Болдоо D л авч байвал боллоо гэсэн шиг инээмсэглэл тодруулан зогслоо. Билэгт багш ширээний нүднээс утсаа гаргаж хэн нэгэн рүү залгаснаа :
– Утасны нэгж дуусчихсан байна шүү дээ гэж амандаа аяархан үглээд алив Болдоо чи гараад нэгж зардаг газраас багшийнхаа дугаар руу 10000 нэгж шилжүүлчих гэсэнд Болдоо тэгье тэгье гэсэн шиг толгойгоо дохиод :
– Багшаа таны дугаар хэд билээ гэхэд Билэгт багш ширээний нүднээс цаас гаргаж утасныхаа дугаарыг бичээд Болдоод өгөв. Билэгт багш нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулан :
– Энэ миний дугаар, за хурдан явуулаарай гэсэнд Болдоо цаасыг шүүрэн авч гарах гэснээ үүдэнд зог тусаж :
– Багшаа нэгжнийхээ мөнгийг өгөх үү гээд хэнэг ч үгүй зогссонд Билэгт багшийн дөлгөөн царайд гэнэт л ууртай ширүүн төрх тодорч ирээд :
– Чиний дүнг ерөөсөө засахаа болилоо, чи гарч үз гэж мал, амьтан хөөж байгаа мэт уцаарлахад Болдоо учрыг үл ойлгосон шинжтэй :
– Багш аа яасан бэ? та миний дүнг засна гэсэн ш дээ гээд хэлж дуусаагүй байтал Билэгт багш :
– Одоо тэгвэл засахаа больчихлоо гэж байна, чи бушуухан гарч үз гэж бүр ихээр ундууцав. Болдоо багшийнхаа ууртай царайнаас дөлсөн бололтой тэр даруй гарч одов. Үүднээс холгүй суух Дашийн дэргэд Болдоо очиж суугаад :
– Чиний ярьчихсан гээд байсан хаана байна, хөөгдөж туугдаад л гарч ирлээ гэхэд Даш ихэд гайхсан байртай :
– Би уг нь багшид хэлсэн дээ, чамайг өөрийг нь оруулчих засаад өгье гэсэн шүү дээ :
– Эхлээд орсон чинь засаад өгье гээд сүрхий байсан юм, тэгээд багшийнхаа утасруу нэгж явуулчих гэхээр нь тэгье гээд гарахдаа нэгжнийхээ мөнгийг гээд хэлсэн чинь л бөөн уур болоод л гар, яв гээд хөөж туугаад унасан гэхэд Даш сая л учрыг ойлгосон бололтой пис хийтэл инээд алдаад :
– Тэнэг ээ, чи тэр нэгжийг нь өөрөөсөө мөнгө гаргаад авах байсан юм, багш чамд сайхан боломж олгож байхад өөрөөс нь мөнгө нэхэж байдаг гэж хэлээд инээдээ арай ядан барив. Болдоо сая л учрыг ойлгосон бололтой :
– Тийм л байсан юм бол нэгж аваад өгчих гээд л хэлчихгүй дээ гэж халаглахад Даш яриаг нь таслаад :
– Юу гэж Билэгт багш чамаас нэгжний мөнгө гуйх вэ дээ, чи чимээгүйхэн гараад л утсанд нь нэгж хийх байтал нэгжнийх нь мөнгийг нэхэж байдаг гээд толгой сэгсрэв. Одоо чи хурдан гараад утсанд нь хэлсэн нэгжийг нь хийчих, би л орж аргалахаас гэснээ Болдоогийн нуруун дээр хүчтэй гэгч нь алгадаад :
– Одоо чинь авлигалгүй юм гэж үгүй болсон шүү дээ, өгч авалцах нь хүртэл их нарийн болсныг чи сая өөрийн биеэр үзлээ гээд Даш Билэгт багшийн өрөөний зүг алхлаа.
А.Алтанхундага
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.