Уим Хофын арга

2023-06-5 Амрах агшин


Нидерланд гаралтай, тив дэлхийд “Мөсөн хүн” хочоороо алдаршсан Уим Хоф гэж хэн бэ?

Тэрбээр Килиманжарогийн оргилд богино өмдтэйгөө авирч, хойд туйлын бүсэд хөл нүцгэн хагас марафон гүйлт хийж, мөстэй торхонд 112 минут зогсож, 2000 метрийн өндөрт бэхэлсэн олсноос нэг хуруугаараа зүүгдэж, алдарт Намибын цөлд ус уухгүйгээр бүтэн марафон гүйлт хийж, мөстэй цэл хүйтэн усны гүн рүү 66 метр шунгасан гээд хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг сорьсон үзүүлбэрүүдээрээ олон тооны дээд амжилтын эзэн (21 төрлөөр Геннисийн амжилт тогтоосон) болж байсан юм. Хүний биеийн чадамжийн гайхамшгийг өөрийн биеэр үзүүлсээр ирсэн, 64 настай түүнийг “супермэн”, “онцгой чадвартай” гэх мэтээр нэр зүүцгээдэг. Уим Хофын үзүүлбэрүүдийг үзсэн хэн хүн тэгж гайхширах нь аргагүй. Тэгвэл Уим Хоф өөрийн энэ чадварынхаа тухай даруухан хариултыг өгдөг. Тэрбээр “Надад байгаа энэ чадварыг хүн бүр эзэмшиж чадна” гэдэг. Нэг үгээр хэлбэл, тэр бол онцгой нэгэн биш, харин чадварт суралцаж олж авчээ. Түүнийг бие болон оюун санааны өндөр түвшинд хүрэхэд тусалсан зүйл нь 30 гаруй жилийн өмнө өөрийнх нь олж нээсэн онцгой арга техник юм. Уг арга техникээ өдийг хүртэл хөгжүүлсээр иржээ. Уим Хоф хүн өөрт заяагдсан бие цогцос, оюун санааны чадамжаа бүрэн нээж, үүнийгээ гүйцэт ашиглах ёстой гэж үздэг. Уим Хоф хэлэхдээ, “Би үхэхээс айдаггүй. Харин амьдарсан шиг амьдарч чадахгүй байх вий” гэдгээс айдаг хэмээжээ. Нэг үгээр хэлбэл, түүний хувьд бие махбод болон оюун санааныхаа чадвараа бүрэн ашиглаж чадахгүй үхэх дэндүү харамсалтай явдал юм. Тийм ч учраас Уим Хоф хүний биеийн нөөц бололцоо, чадамж хэр хэмжээнд байж болохыг өөрийн биеэр харуулаад зогсохгүй хүн төрөлхтөн энэ арга техникт нь суралцаасай гэж хүсдэг.

Энэ зорилгын төлөө “Уим Хофын арга” номоо бичсэн байна. “Мөсөн хүн” маш олон төрлийн шинжлэх ухааны судалгаанд оролцож, биеийнхээ чадамжаа нотолж харуулсаар ирсэн. Зөвхөн та биеийн чадамжаа нэмэгдүүлээд зогсохгүй, элдэв өвчнөө ч өөрөө анагаах бололцоо бий гэж Уим Хоф зөвлөдөг. Уим Хофын аргаар хичээллээд, үе мөчний өвчнөөс авхуулаад зүрх судасны тэр бүү хэл хорт хавдраасаа салсан хүмүүс цөөнгүй. Заавал химийн бодистой эм хэрэглэх шаардлагагүйгээр, түүний аргаар аргаар хүмүүс өвнөө анагааж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байдгаас нь болж эм зүйн салбарынхантай зөрчилдөх тохиолдол олонтаа. Уим Хофын аргыг ашигласнаар шууд мэдрэгдэх зарим үр дүнгээс дурдаж байна.

-Дархлааны системийг идэвхитэй болгодог
-Үрэвслүүдийг багасгадаг
-Нойр сайжирдаг
-Аливаа дасгалын дараа маш хурдан сэргэлт авдаг
-Бодисын солилцоо нэмэгддэг
-Цусны даралтыг нам түвшинд байлгадаг
-Стрессийг тайлдаг
-Зөв амьсгалж сургадаг гэх мэт олон үр дүн биед мэдрэгддэг байна. Өндөр зэрэглэлийн тамирчид түүнтэй хамтран ажиллаж, биеийн чадамжаа нэмэгдүүлж бодитой үр дүнд хүрчээ. Эцэг эхээс заяасан бие махбод, оюун сэтгэлгээгээ улам хүчирхэгжүүлж, аливааг даван туулах өндөр чадамжтай болоход туслах “Уим Хофын арга” номыг дэлгээд үзээрэй. Эрлийн үзүүр энд байж болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.