Монгол, Иран хоёр орны эрдэмтдийн хамтарсан судлагааны үр дүнг нийтэд таниулах зорилгоор Монгол Улсын Гадаад хэргийн яам, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Занжан Их Сургуулийн Ил Хаад Судлалын Төв хамтран “Иран дахь Ил Хаадын Өв” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейн танхимд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнг нээж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “Монгол, Иран хоёр улс түүхийн эртний үеэс холбоо харилцаатай байж нүүдлийн болон суурин соёл иргэншлийн ололт амжилтаа харилцан солилцож, хуваалцан XIII-XIV зууны үед соёл урлаг, уран барилга, шашин, шинжлэх ухааны талаар тухайн цаг үедээ үлэмж амжилтад хүрсэн Ил хаадын улсыг үүсгэн байгуулж ертөнц дахины хөгжил цэцэглээд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнийг тэмдэглэхэд таатай байна. Монгол Иран улс түүхэн эрт үеийн нөхөрсөг харьцааг улам хөгжүүлэх бэхжүүлэхэд өнөөдрийн нээлтээ хийж буй үзэсгэлэнг чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна” гэв.Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 2012 онд Лалын Бүгд Найрамдах Иран Улсад айлчилсны үр дүнд хоёр улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран ажиллах өргөн боломж нээгдсэн юм. Монгол, Ираны шинжлэх ухааны хамтын ажиллагааны түүхт гэрээг 1997 онд баталгаажуулж, 2003, 2012, 2013, 2015 онуудад хоёр улсын шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагаа баяжин өргөжиж хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд Ил хаадын улсын түүхийг хамтран судлахаар шийдвэрлэсэн байдаг.
Түүнчлэн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн яамны Олон улсын судалгаа, боловсролын төв хоорондын Шинжлэх ухаан болон судалгааны салбарт хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.
Мөн 2015 оны 6 дугаар сард Иран Улсын Шинжлэх ухааны байгууллагатай хамтран ажиллаж Монголын ШУА-ийн эрдэмтдийн баг Лалын Бүгд Найрамдах Иран улсад очиж ажилласан бөгөөд ЛБНИран Улсын Гадаад Хэргийн Яамны Олон Улсын Судалгаа, боловсролын Төвийн захирал болон эрдэмтэн судлаачид 2016 оны 10 дугаар сард олон улсын “Гэрэгэ” эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг зохион байгуулав. Энэ үеэр манай хоёр орны шинжлэх ухааны байгууллагын хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүнг хэлэлцэн, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж тохиролцсон байжээ.
“Иран дахь Ил хаадын өв” үзэсгэлэнгийн тухай товчхон:
Монголын эзэнт гүрний түүх, соёлын өв дэлхийн олон оронд тархсан байдаг. Эзэнт гүрний баруун хэсгийг бүрдүүлж байсан Ил хант улсын соёлын өв өнөөгийн Иран, Турк зэрэг улс оронд хадгалагдан үлджээ. Эдгээр өвийн дотор Ил хаадын бүтээн байгуулсан барилга архитектурын дурсгал чухал байр суурь эзэлдэг.
Ил хаад Иираны барилга архитектурыг хөхиүлэн хөгжүүлж, өвөрмөц дүр төрхийг бий болгосон билээ. Тухайлбал, Тахт-и-Сулейман дахь тансаг сайхан хийцтэй зуны ордон бол Ил хаадлын барилга архитектурын чухал дурсгал юм. Харин Султание дахь Өлзийт ханы сүрлэг бунхан нь Ил хант улсын архитектурын сор бүтээл билээ. Хүлэгү ханы Марагад байгуулсан одон орны цамхаг нь шинжлэх ухааны байгууллага төдийгүй барилга архитектурын өвөрмөц дурсгал юм. Үүнээс гадна, Ил хаад орд харш, сүм дуган зэрэг олон барилга байгууламжийг Ираны Ардабил, Исфахан, Натанз, Тебриз, Язл зэрэг хотод барьж байгуулжээ.
Үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр хүртэл дөрвөн өдөр Монголын Үндэсний музейд үзэгчдийн хүртээл болно.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.