Говийн гайхамшиг, Ирвэсийн өлгий нутгийн хилийн цэсийг тогтооё

2017-05-22 Байгаль орчин

 Цуврал 1

-Төрд залгамж байдаг, УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гэдгийг батлаач, шийдвэр гаргагч эрхэмүүд ээ –

Нүүдэлчдийн өв уламжлал, байгаль дэлхийтэйгээ хамгийн ойрхон ард түмний үр сад хэмээн бодсон ч, улс орны хөгжлийн чиг шугам, хойч үеэ харсан ч улс орны ирээдүй маань ногоон хөгжилд суурилах нь гарцаагүй. Тэгвэл ногоон хөгжлийг бий болгох үндсэн “орд” бол ан амьтнаар хүрээлүүлсэн, ховор ургамал, булаг шандтай онгон тансаг байгаль билээ. Уг үнэт “орд”-ын нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруу юм. Байгалийн үзэмж эмийн ургамал, нэн ховор амьтдын өлгий, ус рашаан ундарсан, хадны сүг зураг зэрэг үнэт өв тээсэн их говийн гайхамшиг билээ. Мөн олон сая жилийн өмнө амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн нутаг хэмээдэг. Энэ дундаас дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн эх нутаг болдог нь олон улсын анхаарлыг эрхгүй татаж байна. Тэгвэл ирвэс дэлхий дээр хамгийн бага талбайд хамгийн олон тоогоор тархсан бүс нутаг бол Тостын нуруу аж. Тийм учраас олон улсын байгаль хамгааллын байгууллагууд тус нурууг анхааралдаа авч, ирвэс, түүний идэш тэжээл, оршин буй бүс нутгийг хамгаалахад ихээхэн анхаарал хандуулж иржээ. Шинжлэх ухаанд ирвэсийг экологийн суваргын орой дээр байрлуулдаг. Өөрөөр хэлбэл, өвс ургамал, булаг шандаас эхлээд шавьж, мэрэгч амьтан, араатан жигүүртнүүд зэрэг байгалийн хуулиар хоорондоо шүтэлцээтэй бүх бүлэг байж ирвэс оршин тогтнодог аж. Иймд ирвэс нь тухайн нутаг онгон дагшин, тэнцвэрт байдлаа хадгалж байгаагийн илрэл болдог байна.

Эрдэнэ нуусан Тостын нуруу

 Тус нурууны өв эрдэнэ шавхагдашгүй хэмээж болно. Дэлхийд 3500 орчим тоо толгой үлдсэн цоохор ирвэсийн 25 хувь нь манай улсад бий. Тэр дундаа дэлхийд хамгийн бага талбайд хамгийн олон тоогоор ирвэс тархсан бүс нутаг бол Тост, Тосонбумбын нуруу юм. Ирвэс хамгаалах сангаас жил бүр ирвэсний тоо толгойг судалж ирсэн бөгөөд хамгийн сүүлийн байдлаар тус нуруунд 22-25 ирвэс байна хэмээн тогтоожээ. Харин ирвэсийн гол идэш тэжээл болох янгир 1000 гаруй байгааг судалгаанд дурдсан байна. Энэ нутаг ирвэс, аргаль, янгираас гадна шилүүс, хярс, чоно, үнэг, бүргэд, тас, шонхор зэрэг араатан жигүүртэн, нэн ховор шимт ургамлаар арвин баялаг. Түүнчлэн булаг шанд бүхий тоорой, заг, сухай ургадаг говийн баянбүрд бүрдсэн газар юм. Тостын нурууг 2010 онд аймгийн тусгай хамгаалалтад авсан байна. Тус нурууны байгалийн тогтоц, үзэмжийг үгээр бүрэн илэрхийлэх үнэхээр хэцүү. Өнгөрсөн гуравдугаар сард тус нурууны Ямаан ус хэмээх газрын хавцлаар багахан явган аялал хийхэд үүнийг мэдэрсэн юм. Өндөр цавчим хад, хавцлын нарийн жим, цасанд гарсан ирвэсний мөр, хад дамжин сүрэглэн бэлчих аргаль, янгирын сүргийг харсан хэн боловч байгалийн сайхныг шагшин биширч, сэтгэл догдлон уулга алдах болно. Уулын бэлд машинаа сойж 100 гаруй метр алхаад л анхныхаа ирвэсийн мөртэй таарсан. Түүнээс жаахан дээшлээд ирвэсний бумбатай (тухайн газрын хөрсийг овоолох, шээх зэргээр газар нутгаа тэмдэглэх) таарч, улмаар ирвэсийн барьсан янгирын сэг зэм зэргийг харах, том чулуун дээр эртний хүмүүсийн зурж үлдээсэн аргаль, янгир, ан хийж буй байдал зэргийг дүрсэлсэн тод мөрүүдийг имрэн сонжих нь маш сонирхолтой санагдана. Зураг авах, ургамал судлах зэргээр тус тусын сонирхолтой хүмүүс хүсэлдээ хөтлөгдөн тал тал тийш тэмүүлнэ. Гэхдээ хадны цаанаас ирвэс үсрээд гараад ирэх вий гэсэн багахан айдас тээх нь гайхамшигтай. Яагаад гэвэл энэ нуруу бол онгон зэрлэг байгаль шүү дээ. Хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнө ийм л байсан. Одоо ч хэвээр байна. Тийм ч учраас гадныхан ховор тохиолдлоор тус нуруугаар аялахдаа сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрдэг тухай хамт явсан хүмүүс хэлж байсан. Амьтны хүрээлэнд л хүний гарт орсон аргаль, янгир харж байсан болохоос бус байгаль дээр нь тэднийг харах нь хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг бололтой. Тоет Тосонбумын нуруу ийм л гайхамшигтай, үнэт өв эрдэнэтэй нутаг юм. Хамгийн гол нь дээрх бүх үнэт эрдэнээс гадна хэвлий доороо асар их үнэт баялаг агуулсан нь өнөөдөр уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “арааны шүлсийг асгаруулж” байна.

Тоет Тосонбумын нурууны дав-тагдашгүй эко систем, ирвэсийн тархац нутгийн хувь заяанаас гадна сумын нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал хурцаар хөндөгдсөөр байгаа. Хяналтгүй лиценз олголтын уршигаар тус сумын  газар нутгийн 90 хувь нь бусдын мэдэлд очсон байлаа. Нутгийн иргэд “Төрж өссөн нутаг уу, эсвэл гадны компанийн эзэмшил талбай дээр амьдарч байгаа юу гэдгээ ойлгохоо больсон” хэмээн халаглаж суусан. Малчдын өвөлжөө хаваржаа төдийгүй сумын төв нь бүхэлдээ лиценз хэмээх ам дөрвөлжин цаас болон эрх мэдэлтний шүүгээ саванд хураагдсан байв даа. Лиценз эзэмшигч хэн ч “Шийдвэр гаргасан зөвшөөрөл нь энэ байна аа. Хэлээ хүрэх газар очоод заалдаарай” гээд хөнжилнөөс нь сугалж гаргаад хөөхөд сумын төвийнхөн эсэргүүцэж чадахааргүй нөхцөл бүрдсэн байсан нь тэр. Буруу хүмүүжсэн хүүхдүүд эцэг эхийнхээ “цээжний мах”-ыг бардагтай адил түмэн олонд үйлчилнэ хэмээсэн  төрийн түшээд байгаль эхийн өрц рүү гар дүрж, нутгийн иргэд, “шар махтай”-гаа хатаж байна. Хэдийгээр лицензийн талбай өнөөх 90 хувиас багассан ч нөхцөл байдал сайжирсангүй

Гурвантэс сум Тост, Урт, Гоёот, Баясах гэсэн дөрвөн багтай. Урт баг нь эрхбиш сумын төв болохоор уурхайлалд өртсөнгүй. Гоёот, Баясах багт алт болон нүүрсний уурхай олборлолт явуулдаг. Гоёот баг дахь алтны уурхайн нөхөн сэргээгдээгүй талбай, “нинжа” нар, мөн Баясах багийн нүүрсний уурхайнуудаас үүссэн тоос шороо, усны хомсдолоос болж малчид Тост баг руу нүүх нь нэмэгджээ. Тиймдээ ч Тоет Тосонбумын  нуруу, ус рашаан нь энэ нутгийн иргэдийн амьдралын эх үндэс болоод байгаа юм. Энэ тухай сумын удирдлагууд “Өмнөх дөрвөн уурхай алт, нүүрсээ ухаад нөхөн сэргээлтээ хийж, түүн дээр нь айл амьтан очиж буугаад мал бэлчээрлэхээр болсон цагт дараагийн уурхайг нээлгэнэ гэсэн бодолтой байгаа” хэмээж байсан. Улс орны эдийн засаг ярьж, эрх мэдлээр далайлган сумын газар нутгийг эзлэн түрэмгийлсээр өнөөдөр онгон тансаг байдлаа хадгалж үлдсэн, нутгийн иргэдийн юугаар ч үнэлэшгүй цор ганц эрдэнэ болох Тост, Тосонбумын нуруу руу халдан довтлох вий гэх айдас өдгөө ч байсаар.

Тост, Тосонбумын нурууны хувь заяа эрх баригчдын үзэгний үзүүр дээр байсаар

Монгол Улсын Үндсэн хуульд Монголын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ хэмээн заасан. Тэгвэл УИХ-аас Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан юм. 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд гарсан тэрхүү тогтоолоор хилийн цэсийг тогтоох хариуцагчийг нь ч нэр заан тогтоосон. Гэвч хилийн заагийг шийдэх асуудал хойргошсоор өнөөг хүрэв.

Тэгвэл нутгийн иргэд болон байгаль, эх орондоо хайртай хэн бүхний өмнө Тоет Тосонбумбын нурууны одоо чөлөөтэй байгаа багахан талбайг улсын тусгай хамгаалалтад оруулах вий гэх айдас байна. Ингэх магадлал ч бас бий. Тост, Тосонбумын нурунтай хил залгаа Говь Гурван сайхан байгалийн цогцолбор газраас эмтэлж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид ашиглалтын лиценз олгосон нь өдгөө уурхайллын үйл ажиллагаа  явуулсаар байгаа. Өдгөө Тоет, Тосонбумын нурууны газар нутгийн 50 орчим хувьд нь лицензийн талбай бий. Тал талаас нь өм цөм түрж орсон үлдсэн талбайг улсын тусгай хамгаалалтад авснаар тус нурууны байгалийн гайхамшигт бүтцийг хадгалж чадна гэвэл эндүүрэл. Ирвэс, аргаль янгирын тухай яриад ч хэрэггүй. Дайжих нь дайжаад, үхэж үрэгдэх нь үрэгдээд дуусна.

Хамгийн гол нь тухайн нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авснаар Тоет Тосонбумын нурууны эко систем, нэн ховор зэрлэг амьтдыг хамгаалан үлдэж, нутгийн иргэдийн чин хүслийг биелүүлж чадна гэдгийг ойлгох нь чухал. Учир нь одоо байгаа чөлөөтэй хэсэг талбайг улсын тусгай хамгаалалтад авлаа ч ойр хавьд нь уул уурхайн үйлдвэрлэл явуулаад эхэлбэл тус бүс нутгийн экосистем шууд устаж үгүй болно. Ер нь улсын тусгай хамгаалалтад авч байгаа гол мөн чанар нь тухайн бүсийн ан амьтан, ус ургамал, байгалийн давтагдашгүй эко системийг бүрэн бүтнээр нь хамгаалан үлдэхэд оршдог. Энэ агуулгаар нь бодсон ч Тостын нуруунд уул уурхайн үйлдвэрлэл ямар нэг хэлбэрээр явуулахыг эрс хориглосон шийдвэр гаргахаас өөр аргагүй. Нөгөө талаас энэ нь Засгийн газрын олон улсын өмнө хүлээсэн үүрэг юм. Дэлхий нийт ирвэс хэмээх энэ ховор амьтныг хамгаалах гэж асар их судалгаа хийн, хөрөнгө зарж байхад бид энэ үнэт баялгаа хэдэн тонн нүүрсээр солиод устгаад байж болохгүй. Өнгөрсөн жил Киргиз улсад болсон “Цоохор ирвэс түүний экосистемийг хамгаалах дэлхийн хөтөлбөр”-ийг батлах олон улсын чуулга уулзалтын үеэр цоохор ирвэстэй 12 орны Засгийн газрын төлөөлөл “Бишкекийн тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Уг орны нэг нь манайх. Тус тунхаг бичгээр манай улсын Засгийн газар ирвэс нутагшин амьдарч байгаа газруудаас улсын тусгай хамгаалалтад авах үүрэг хүлээсэн. Тэгвэл энэ үүргийн дагуу нэн түрүүнд тусгай хамгаалалтад авахаар нэгэнт тогтсон Тост, Тосонбумбын нурууний хилийн цэсийг яаралтай тогтооё.

Мэдээж улс оронд уул уурхайн үйлдвэрлэл чухал үүрэгтэй. Гэхдээ бид байдгаа барчихаад арга буюу дэлхийд нэн ховор ан амьтны өлгий нутаг руу дайрч, үр хүүхдийнхээ ирээдүй рүү халдахдаа тулаагүй байна. Оюутолгой, Тавантолгой гээд одоо ч үйл ажиллагаа нь тогтворжоогүй олон төсөл байна. Эдгээрээ эхэлж урагшлуулах ёстой мэт. Түүнээс биш хотонд орсон чоно адил эхнийхийгээ бараагүй байж дараагийн хонь руу халдан довтолж сэгэлдэг “муу зан” Монголын төрд байх ёсгүй.

Тостын нурууны үнэ цэнийг хэвлийд нь байгаа нүүрс, үүнийг долларт хөрвүүлсэн мөнгөн дүнгээр хэмжих нь туйлын болчимгүй алхам юм. Учир энэ нуруу, нэн ховор гайхамшигт амьтад бидний хойч үеийг хэдэн зуун жилээр тэжээх баялаг болон ундарсаар байхыг бид тооцож үзэх аргагүй. Тиймээс ногоон хөгжлийг хэтийн зорилгоо болгож, улс орныхоо 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар тэмүүлж буй Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүд өнөөдрийн уул уурхай тойрсон “таван цаас” бус ирээдүй хойчоо харсан ухаалаг алхам хийнэ гэдэгт байгаль эх дэлхийдээ хайртай хүн бүхэн хүсэн хүлээж байна. Эцэст нь онгон тансаг байгаль, нэн ховор амьтад, эмийн ургамал, ус рашаан бүрдсэн үзэсгэлэнт нутаг л Монголыг дэлхийд өргөх нэрийн хуудас болно. Одоо ч болсоор байна. Тиймээс өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн энэ үнэт баялгаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь Монголын төлөө зүрх нь цохилж, судсаар нь өвөг дээдсийн минь цус нь урсаж буй хүн бүрийн ариун үүрэг билээ. Шавхагдах баялгаар нь Монголыг өнөө цагт хөөргөн өргөмжилж байна. Гэхдээ хагас зууны дараа сүйрсэн байгальтай нь чичлэн түрэмгийлэхэд бидний үр хүүхэд хэрхэх вэ…

С.ГАНБОЛД

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.