Загасчлал бол бясалгал

2017-02-20 Амрах агшин

-Загасчлалын спорт нь тодорхой цаг хугацаа, орон зайд хязгааргүй өгөгдлийн дунд өрнөдөг-

Хүн бүрийн сонирхдог зүйл өөр өөр. Нэг хэсэг нь үнэт эдлэл цуглуулж, хоббигоо хөгжүүлж байхад нөгөө хэсэг нь байгалийн үзэсгэлэнт газраар аялдаг. Бүр цаашлаад хүний санаанд оромгүй зүйлийг оролдож байх шиг. “Монголын загасчлалын спортын холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Баатарын тухайд хоббигоо спортын төрөл болтол хөгжүүлэхийн төлөө зорьж байгаа нэгэн. Түүнээс загасчлал болон спорт загасчлал, загасчин тамирчин зэрийн ялгааг тайлбарлуулснаа сийрүүлэн хүргэж байна.

ЗАГАСЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ

Монголчуудын дунд сүүлийн хэдэн жил дэлгэрч, олны анхаарлыг татаж буй спортын төрлөөр яах аргагүй загасчлал орж байна. Хэдийгээр нийгмийн дунд лусын амьтныг барьж, хороохыг цээрлэдэг ч социалист нийгмийн үед ОХУ, Чех, Словакийн мэргэжилтнүүд жинхэнэ утгаар нь нэвтрүүлсэн гэдэг. Түүнээс хойш голын эргээр загасчлах нь монголчуудын хобби болжээ. Загасчлал бол бясалгал гэж олон хүн хэлдэг. Голын харгиа, хоржигноон сонсонгоо дуртай зүйлээ хийнэ гэдэг сайхан зүйл. Загасчлах нь тайвшруулахын зэрэгцээ бодлоо цэгцлэх цаг олгодог нь тааламжтай билээ. Загасчлал нь хүн төрөлхтний ахуйн хэрэгцээг хангах төдий байсан бол орчин үед шинжлэх ухаан, технологит суурилсан өндөр түвшний спорт болтлоо хөгжсөн байна.

Харин манай улсад спорт чиглэлээр хөгжөөд удаагүй юм. Иймээс энгийн загасчлалыг спорт хэлбэр рүү оруулах буюу загасчин тамирчин гэдэг ойлголт цоо шинэ зүйл мэт сонсогдож магадгүй. Сөрөг талаас нь харвал, амьтны амийг золин байж спорт болгоно гэдэгт шүүмжлэлтэй хандах тохиолдол ч бий.

СПОРТ ЗАГАСЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ

Загасчлалын спорт нь тодорхой орон зайд хязгааргүй өгөгдлийн дунд өрнөдөг. Спорт загасчлал нь дотроо олон төрөлтэй. Тухайлбал, Цэнгэг усны буюу далайн загасчлал гэж ерөнхийд нь хоёр хуваадаг. Үүн дотроо “Fly fishing” нь биеэ даасан загасчлалын том төрөл болон хөгжиж байна. Монгол орны хувьд далайгүй учраас далайн загасчлалын төрөл огт байдаггүй. Харин цэнгэг гол, нуурын загасчлал түгээмэл дэлгэрсэн байна. Жилээс жилд загасчлах спорт сонирхогчдын тоо нэмэгдэж спорт загасчлалын клуб, холбоод байгуулагдан олон тэмцээн, уралдаан, сургалтуудыг зохион байгуулж байна.

“Монголын загасчлалын спортын холбоо” нь 2014 онд олон улсын “Fly fishing”-гийн холбоо, Олон улсын цэнгэг усны загасчлалын холбоо, мөн Монголын үндэсний Олимпийн хорооны жинхэнэ гишүүнээр элссэн байна. Өнгөрсөн хугацаанд олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдаанд загасчлалын спортын 3 төрлөөр баг тамирчдыг бэлтгэн оролцуулж багагүй амжилт гаргажээ. Үүн дотроос манай баг тамирчид Финлянд улсад энэ онд зохион байгуулагдсан Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багаараа VIII байр эзэлж, энэ спорт өндөр хөгжсөн орон болон зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлгээ авсан байна.

ЗАГАСЧЛАЛЫН СПОРТЫН ТАМИРЧИН

Ер нь загасчлах нь амар зүйл биш. Хүн бүр загасчилж чаддаггүй. Загасчлалын спорт нь тамирчнаас асар өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр, мэдрэмж шаарддаг. Тэмцээн уралдаанууд нь цаг уур, газар орон, бүс нутаг, загасны төрлөөс хамаарч өөр өөр арга барил техник, төлөвлөгөө боловсруулах шаардлагатай. Жишээ нь буудлагын спортын хувьд тодорхой зайнд тогтсон байг онох, сагсан бөмбөг гэхэд цас бороо орсон ч зааланд стандартын дагуу явагдах боломжтой байдаг. Аливаа уралдаан тэмцээний өмнө газар ус, загас, түүний хоол тэжээлийг судлах гээд цаг хугацаа их шаардагддаг спортын төрөл ажээ. Тиймээс энэ спортоор хичээллэснээр аливаа зүйлд хүлээцтэй, тэсвэр тэвчээртэй болгодог гэж хэлж болно. Загас өөрөө их гоё амьтан бөгөөд тайвшруулж, сэтгэл санааг амраадаг. Загасчин, тамирчан хоёрын ялгааг тайлбарлавал, загасчлалын спортын тамирчин хүн бусад спортын тамирчдын адил тэсвэр тэвчээртэй, хурд хүч, авхаалж самбай төвлөрсөн байх учиртай. Загасчин тамирчин хүн зөвхөн загас барихыг бодоод байвал үр дүнд хүрэхгүй. Тамирчин хүнд олон загас барих нь чухал биш. Гүйцэтгэлээ сайн хийж, анхаарлаа төвлөрүүлж, мэдрэхүйгээ хөгжүүлэх нь чухал юм. Энэ чадварыг байнгын дасгал сургуулилтаас олж авдаг гэнэ. Өнгөрсөн жилээс тэд Спортын Бэлтгэлийн Төвтэй хамтран ямар бэлтгэл, системээр ажиллавал амжилт гаргах вэ гэдгээ график гаргажээ. Үүний дагуу тэд тамирчдаа бэлтгэж, ДАШТ -д явуулсан аж.

Спорт загасчлалын төрөл загасаа алах, гэмтээхгүй байх дүрэмтэй. Тамирчид загасаа барьчихаад хэмжээд, усанд буцаан тавьдаг. Үүнийг дагаад загасыг алж устгах сонирхол ч багасдаг байна.

СПОРТ ЗАГАСЧЛАЛ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Манай оронд загасчлахаар ирдэг жуулчдын сонирхлыг татдаг загас нь цэнгэг усны хаан тул. Гэтэл тул загас дэлхийд дөрвөн төрөл байдаг ч устах аюулд нэгэнт оржээ. Монголд ч сүүлийн жилүүдэд ховордсон гэх албаны хүмүүсийн мэдээлэл бий. Зарим хүмүүс үржүүлээд хамгаалах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нөгөө талаас загас ховордож байна, Монголын гол, ус бохирдож, татарч байгаа судалгаа ч бий. Үүнийг дагаад загасны тархалт харилцан адилгүй болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дэд бүтэц муутай Монгол Улсад загасчлах нь хамгийн зардал өндөртэйд тооцогдож байна. Гадны улсад загасчлахаар ирсэн тамирчин, жуулчинд зориулсан зам, байрлах газрыг голын дагуу барьж байгуулсан байдаг аж. Харин манай улсад дэд бүтэц муу учраас загасчлах газартаа хүрэхийн тулд морь, машин зэргээр олон цаг явдаг нь сонирхогчдод хүнд тусах нь мэдээж. Хэрэв загасчлалыг жуулчлал хэлбэрээр хөгжүүлвэл Монголд ирж загасчлах хүмүүсийн тоо нэмэгдэж, аялал жуулчлалын таатай нөхцөл бүрдэх юм. ДАШТ-ний дараа гадны тамирчид манай улсад ирсэн нь нэг талдаа спортоор дамжуулж өөрийн улсаа сурталчилах таатай нөхцөл бүрдсэн гэсэн үг юм. Жуулчдыг Монголдоо татахын хэрээр байгалиа, гол нуураа, гол нуурын загасаа хайрлан хамгаалах нь бидний үүрэг юм.

А.Уянга

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.