НИТХ-ын даргыг өнөөдөр тодруулах товтой байсан ч энэ асуудлаар МАН-ын бүлэг долоо хоногийн завсарлага авлаа. Зүй нь тус намынхан тус суудалд хэн нэгнийг товлож, нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй гэсэн үг.
НИТХ-ын суудал намд нэлээд үнэ хүрч буй сурагтай. МАН-ын удирдлагууд эл хавиар багагүй сайн цэвэрлэгээ хийж байгаа дуулдана. Тэгэхээр энэ цэвэрлэгээ хэрхэн шударга бөгөөд цэвэр хийгдэхээс хамаарч ах намын цаашдын өнгө төрх тодорно. Барин тавин мэдээлэл хийж, үг үйлдэл нь бодлоготойгоо зөрчилдсөн Засгийн газартаа хариуцлага тооцлоо. Ингэснээр мэргэжлийн бус мэдрэлийн тасаг шиг болсон кабинетийг үгүй хийж дөнгөв. Үүний дараагаар 60 тэрбумын асуудалтай Ц.Сандуйг огцрууллаа. Хэдийгээр өөрөө өргөдлөө өгсөн ч шахаж, шаардуулж, буландсаны ач гавьяа гэхэд хилсдэхгүй.
Гэтэл хогийн шүүрэнд өртөөгүй нэг эрхэм бусдын хараанаас мултарчих санаатай гэтэж явна. Энэ хүн бол хотын дарга Су.Батболд. Нийслэлийн Засаг даргын тамгаа гардсан энэ эрхэм намаа муухай харагдуулаад зогсохгүй Улаанбаатарынхны нүүрийг “улалзуулах” боллоо.
Нийслэлийн долоон дүүрэгт ялагдаж энэ нам түүхэндээ байгаагүй дүн мэдээг сонссон. Одоогоор энэ ялагдалд “миний буруу” хэмээн гараа өргөж хариуцлага хүлээсэн нь ганцхан Ц.Сандуй болж таарлаа. Гэвч Ц.Сандуй ганцаараа хариуцлага хүлээгээд үлдэнэ гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Нийслэлийн МАН-ын хорооны хувьд Хотын дарга Су.Батболдоос эхлээд чирэгдэх хүн олон бий. Су.Батболд анх хотын дарга болохдоо Нийслэлийн иргэдэд таалагдаж сонгуулийн үед тэдний саналыг авах хэмжээнд намын нэр хүндийг өргөх үүрэг хүлээсэн нь лавтай. Гэтэл ажлаа аваад жил ч болоогүй байтал Ерөнхийлөгчийн сонгууль болж намын нэр хүндийг өргөх нь битгий хэл навс унагасан нь сонгуулийн дүнгээс харагдана.
Ер нь Су.Батболдыг хотын дарга болох гол тохироог Ц.Сандуй хийсэн байдаг. Гэтэл 60 тэрбумын хэрэг ил болж Ц.Сандуйн нэр хүнд унахтай зэрэгцэн хотын дарга жийрхэсэн үү, нэг хэсэг “Хот хоёр толгойтой боллоо”, “Хотын дарга нар хоёр тийшээ харлаа” хэмээн бичигдэж байлаа. Ямартай ч Ц.Сандуй, Су.Батболд нар хотын өмнөх удирдлага шиг сайн хамтрагчид байж чадсангүй. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр МАН дүүргүүдэд унасан шалтгааны эзнийг олж хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзвэл Су.Батболд ч үлдэх учиргүй юм. Нийслэлийн иргэдийн саналыг авах нь тухайн намаас сонгогдсон Хотын даргын ажил, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаатай шууд биш юм аа гэхэд ямар нэгэн сэжимээр холбогдож таарна. Тэгэхээр нийслэлийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчинд саналаа өгсөн нь одоогийн хотын удирдлагуудын үйл ажиллагаанд тийм ч таатай ханддаггүй гэдгийг харуулж байна. Нийслэлийн долоон дүүрэгт МАН ялагдал хүлээсэн. Үүний хариуцлагыг Су.Батболд ч хүлээх ёстой.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.