Төрийн цагдаа руу салаавч гаргаж танхайрсан этгээд “алтны хулгайч” байжээ

2017-09-30 Нийтлэл

Төв шуудангийн уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа н.Отгонбаатар руу салаавч гаргаж, бүдүүлэг үг хэллэгээр дайрч танхайрсан  иргэнийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.  Энэ хэрэг өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 27-нд болсон байдаг. Тухайн үед газар дээр нь бичлэг хийж, олон нийтийн цахим сүлжээнд цацагдсанаар энэхүү хэрэг ил болсон гэхэд болно.

Тус бичлэгт танхайрсан этгээд 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцохдоо бичиг баримтын зөрчил гаргажээ. Тэрбээр зөвшөөрөлгүй дуут дохио ашигласан байсныг замын цагдаа зогсоож илрүүлэн шалгах үед хэл амаар сүрдүүлсэн аж. Дуут дохионы зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг журамтай.

Тэгэхээр энэхүү танхай этгээд хэн бэ

Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын Хуст нарийн амны алтыг хууль бусаар олборлосон. Хуст нарийний ойг тэр чигт нь бульдозероор түрээд голын гольдролоор нь ухаж алт олборлосныг харвал зүрх шимширмээр болгосон. Хууль бус алт олборлож байхад нь цагдаагийнхан зогсоогоод хэрэг үүсгэн техникийг нь лацдаж битүүмжлээд л явдаг ч лацыг нь таслаад үргэлжлүүлэн ухсаар дуусгасан. Түүний энэхүү хууль бус үйл ажиллагааг бүр гурван удаа зогсоосон ч тус болоогүй гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Ямартай ч нутгийн иргэдийн нэхэмжлэлээр энэ хэргийн шүүх хурал ирэх аравдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг шүүх хурлаар хууль бус олборлолтоос гадна түүний хийсэн залилангийн үйлдэл ч хөндөгдөнө гэдгийг тодруул буй юм.

А.Уянга

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.