Танил эгшиглэнт аялгуу чихнээ дуурсан тайзны хөшиг аяархан нээгдэхэд үрээ тэвэрсэн монгол эмэгтэй бүүвэйн дуу аялна. Үндэсний дуурь болоод ч тэр үү хувцас, тайз засал нь сэтгэлд ойрхон санагддаг. Эл драмын дуулалт жүжигт Юндэн Нансалмаагийн хайр сэтгэлийн үнэнч холбоо, хүлээлт дунд тасраагүй итгэлцэл, хорон муу санаандаа ээрэгдэн хоосон хоцорч буй Хоролмаа, хүний хайр сэтгэлийг хэзээ ч өөрийн хүссэнээр удирдаж болохгүйг ухааран байгаа Балганы дүрээр дуу хөгжмийн гайхамшгийн мэдрүүлдэг. Хэдийгээр Балган өөрийн дурласан Нансалмаагийн төлөө улайран Юндэнг хөнөөдөг ч хэргээ хүлээхээр явдаг. Харин Хоролмаа надаас хайртай хүнийг минь салгасан хэмээн Нансалмааг хороохоор ирдэг.
Энэ мэтээр үйл явдал нь онц сонирхолтой үргэлжлэх уг дуурь 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болж бичигдсэн билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн энэхүү бүтээлд манай шинэ үеийн урлагийн үүсгэн байгуулагчид, үе үеийн ахмадууд бүгд оролцон тоглож байсан нь түүхэн гайхамшиг юм.
“Зохиол бүхэн өөрийн хувь заяатай байдаг” гэсэн эртний Грекийн мэргэн үг бий. Харин «Учиртай гурван толгой» ямар хувь заяатай бүтээл вэ, анх хэрхэн яаж төрсөн юм бол. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий “Учиртай гурван толгой” дуурийн талаар Төрийн хошой шагналт Д.Намдаг гуай сэрүүн тунгалаг ахуйдаа ийн дурсан бичиж байсан гэдэг.
…1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би Улсын төв театрын «Бөмбөгөр ногоон» гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Д.Нацагдоржийнх руу явлаа. Уг нь би Д.Нацагдоржийнхоор бишгүй явдаг байсан атал сүүлийн бvтэн жил ер ороогvй аж. Энэ зуур Д.Нацагдорж Нина гэдэг орос хүүхэнтэй ханилж, өөр газар шилжин суусан байлаа. Д.Нацагдорж ном дэвтрүүд ба бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин «Наяа» гэж намайг дуудан угтаж ширээнийхээ нөгөөтэй суулгав. Тасалгаан дахь өөр бусад сав шургуулга мэт дээр мөн л ном судар, бичиг цаас овоолгоостой. Yзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бүтээх зэрэгт дарагдаад байгаа нь илэрхий. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай яваа. Зохиолгүй байгаа зовлонгоо тоочсоныг Д.Нацагдорж маань анхааралтайгаар сонсч, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны минь хариуд үгүй гэж хэлж чадахгүй хүлээн авлаа. Иймд бид тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих рүүгээ яаран оров. Д.Нацагдоржид нэгэн аялгуутай эмгэнэлт зүйл бичих сэдэв бий аж. Тэгээд автономатын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зүйлсийг ярив. Yүнийг нь би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу юуны урьд эмх замбараатай, маш цөөн хүний дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Д.Нацагдорж зөвшөөрхийнхөө зэрэгцээгээр, үндэсний аялгуут жүжгийг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрмэлзэв. Гэтэл энэ үед ая дуу зохиох мэргэжлийн хүн байтугай нот мэдэх хүн бараг байхгүй шахам байсан цаг. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж vзэн хоёр цаг хэртэй харилцан ярилцсаны үр дүнд, нэгэн жүжгийн төлөвлөгөөг бүрэн боловсруулан гаргаж амжив.
Энэ бол анхны «Учиртай гурван толгой». Бүх үйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв…
Гурав дахь хоногийн өглөө Нацагдорж бүрэн бичиж дууссанаа авчрав. Миний баярласан гэж хэмжээгүй их. Бичсэнээ надад уншиж өгөв. Энэ нь түрүүч түрүүчийнхээсээ давуутай болсонд би зөвхөн сэтгэлдээ л баярлав. Тэгээд жүжигчид дээрээ харвасан сум шиг харайлган орсон бөгөөд гартаа барьсан зохиолоо дээр өргөн «Зохиол бэлэн» гэж хашгирав. Жүжигчид сууж байснаа дуу алдан босон харайв. Жүжигчид над дээр маргааш хэзээ цуглаж, юу хийхээ асуухаар бөөнөөр ирлээ. Энэ завшаанд би тэднийгээ Д.Нацагдоржтой танилцуулав. Бид баяр баясгалантайгаар хүрээлэн сууцгааж жүжгийн тоглолт, үзэгчдийн сонирхсон байдал, зохиолын явц, түүний шүлэглэлүүдийн аятай сайхан болсон тухай харилцан ярилцсан. Ингэж бид хийж, бүтээж амьдарч явлаа…” хэмээн хуучлаж байсан гэдэг.
Эх сурвалж: Newsmedia
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.