АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг яаралтай зарлахыг шаардаж байна

2017-09-13 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд хандлаа.  Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар огцроод нэлээд хугацаа өнгөрсөн. Өнөөдөр улс  орны хэмжээнд тулгамдсан маш олон асуудал байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, жил бүр ярьдаг утаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, хичээлийн шинэ бэлтгэл ажил тааруу байгаа, хот тойрсон малын гоц халдварт шүлхий өвчин гээд тооцоод байвал тулгамдсан маш олон асуудал байна.  Энэ бүхэнд тодорхой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна.

УИХ-ын тогтоол гарахдаа тухайн Засгийн газрын Ерөнхий сайдыг огцруулсан тохиолдолд дараагийн үүрэг гүйцэтгэгчийг томилдог. Засгийг эзэнтэй болгож үлдээдэг жишгийг эвдсэн. Үндсэн хуульд Ерөнхий сайд огцорсон бол дараагийн Ерөнхий сайд, үүрэг гүйцэтгэгчийг томилох заалттай. Явах хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд ярьдаг.  Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар Засгийн газрын ачааг үүрүүлж явах нь зохимжтой зүйл биш. Тийм учраас АН-ын бүлэг Ерөнхий сайдын асуудлаа шийдэхийг шаардаж байна. Бялуу, суудлаа булаацалдаж байгаа юм шиг чимээ аниргүй байгаад байж болохгүй.

Энэ нөхцөлд зориудаар удаашруулж байгаад гайхаж байна. Тиймээс Засгийн газрыг байгуулах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл рүү анхаарахгүй бол шүлхий газар авлаа. Улаанбаатар хотыг тойрсон шүлхийн бүс төв цагариг үүсгэх хэмжээнд хүрээд байна. Дээр нь шүлхийн вакцинтай холбоотой янз бүрийн мэдээлэл явж байгаа. Чанаргүй, шахааны вакцин оруулж ирсэн гэж байна. Шүлхийн тархац тэлж байгаа нь манай улсын хувьд ноцтой асуудал үүсгэх юм. Үүнийг Засгийн газар анхааралдаа авах шаардлага байна.   Улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг нийслэл хотын хувьд энэ нь анхаарал хандуулах асуудал мөн. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд мөн л дотроо тааламж муутай, хотын олон асуудлыг шийдэх биш ширээ сандлаа булаалцалдсан байдалтай байгаад харамсаж байна.  Тиймээс Ерөнхий сайдаа яаралтай томил. Үүсээд байгаа асуудалд ямар гарц, гаргалгаа байгааг олон нийтэд мэдээлэхийг эрх баригчдаас шаардаж байна.

“60 тэрбум”-ын гээд байгаа асуудлыг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон. Хэрвээ үнэхээр эвлүүлэг, гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж харж  байгаа юм бол нөгөө талдаа асуудал үүсч байна. Энэ мэдээллийг эвлүүлсэн гэмт этгээдүүд хэн бэ. Хэн нийгмийг шуугиулсан шуугиан тарьсан бэ. Монгол төрийн нэр хүндийг цэвэрлэх ёстой. Эзэнгүй хаяж болохгүй.

Оффшорчдод тодорхой хугацаа зааж,  мөнгөө эх орондоо оруулж ирэхийг Ерөнхийлөгч уриалсан. Заасан хугацаа нь дуусгавар боллоо. Надад 23-24 этгээдийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.   Өчигдөр ЕТГ-ын дарга АТГ-ын даргатай уулзахад нэг ч хүн мөнгөө оруулж ирсэн алхам, үйлдэл хийгээгүй гэсэн мэдээлэл явж байна. Өнөөдөр хууль, шүүх, цагдаагийн байгууллага, АТГ гээд шалгаж байгаа байгууллага асуудлаа ил тод нээлттэй ярихгүй байгаа. Тиймээс  бид энэ асуудалд эмзэглэж байна.

Зуншлагаар нийт нутгийн 60 гаруй хувь гандуу, 50 орчим хувь нь ургацаа алдах урьдчилсан прогноз бий.  Ямар арга хэмжээ авч, бэлтгэх хангах тал дээр яаж анхаарч байгаа талаар ямар ч мэдээлэл алга гэдгийг хэлмээр байна.

Тиймээс ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Засгийн газар, Ерөнхий сайдыг томилох шаардлагатай байна. Ээлжит бус чуулганыг зарлах бас нь шалтгаан нь төсвийн хууль зөрчсөн асуудлыг цэгцлэх. Хүүхдийн мөнгийг нийтэд нь олгох асуудлыг АН дэмжиж байгаа. Угаасаа ч АН-ын санаачлан хэрэгжүүлсэн хөтөлбөр. Гэхдээ хүүхдийн мөнгийг улс төрийн зорилгоор ашигласан. Тухайн үедээ төсвийн батлагдсан эх үүсвэрээс биш өөр санхүүжилттэй тавигдсаныг бид төсвөө тодотгох шаардлага тавьж байлаа. Гэтэл өнөөдөр ОУВС-гийн нэрийг ашиглаж, хүүхдийн мөнгийг олгохгүй болсон шийдвэр рүү явж байна.  Хүүхдийн хувь заяа, ирээдүйгээр тоглодгоо эрх баригчид болихыг шаардаж байна.

Ээлжит бус чуулганаар зөвхөн хүүхдийн мөнгө биш бусад олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Өнөөдөр гадаад орчинд алт, зэс, нүүрсний үнэ өндөр байна. Манайд орж байгаа орлого хаашаа ороод байна вэ. Оюутолгойн олборлолт, борлуулалтын асуудлаар манай улсын хэмжээнд эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон мэдээ байхгүй. Бидэнд ирснээр  гурван янзын мэдээлэл бий.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал шүүх дээр очоод гацсан. 51 хувийн асуудал Английн арбитрийн шүүх дээр бий. Нэг бол 100 гаруй сая ам.долларын өр төлөх эсвээс үйлдвэрээ өгөх асуудал үүсээд байгааг хэн нь ч ярихгүй байна. УИХ-д хангалттай шийдэх асуудал байна. Цаг хожиж байгаа юм шиг бие бие рүүгээ булхайгаа чихээд, муур хулгана болж тоглох цаг бидэнд байхгүй. Одоо Үндэсний аюулгүй байдлын асуудал, Монгол түмний эрх ашгийг эхэнд тавьсан шийдвэртэй, зоримог алхам хийхгүй бол улс орон чинь хэцүүдлээ гэсэн шаардлагыг АН-ын зүгээс тавьж байгааг хэллээ. 

С.Гэрэлсүх

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.