МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдана.
Хуралдаанаар бага хурлын товоо зарлах юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудал уг хурлаар яригдах болоод байна. Хуульд зааснаар дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор зарлан хуралдуулах ёстой билээ.
Энэ удаагийн хуралдаанд холын зочин гал унтраах үүрэгтэй оролцох болно. Тэр эрхэм бол Ерөнхий сайд асан С.Баяр юм. Тэрбээр Элчин сайдын ажлаа түр орхиод эх орондоо саатаад байгаа. Эх сурвалжуудын хэлж буйгаар С.Баяр ирсэн даруйдаа фракцын нөхөдтэйгээ шөнө дөл хүртэл хуралдсан гэх. Энэхүү бүлэглэлийн толгойд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Сү.Батболд гээд тус намд жин дарах кадрууд бий.
Тэгэхээр С.Баярын холоос зорьж ирсэн гол үүрэг нь тодорхой харагдаж байна. Тус фракцын төлөөлөл болох Т.Аюурсайхан дээрээс ирүүлсэн тушаалаа амжилттай гүйцэтгэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах ажлыг гардан зохион байгуулсан. Хүүхдийн мөнгийг хууль зөрчин олгосон. Шийдвэрээсээ эргэж буцсан гэх мэт хэд хэдэн шалтгаан хэлсэн ч УИХ-ын гишүүд Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулах ганцхан л үндэслэл байлаа. Тэр нь 800 тэрбум төгрөгийн 7 концессын гурвыг нь Засгийн газрын гишүүд авсан явдал. Үүнд л эгдүүцсэндээ МАН-ын 33 гишүүн огцруулах кноп дарчихав. Харин тэд нэг зорилгын төлөө хамтарч шийдвэрээ гаргасан. Одоо нөгөө зорилгынхоо төлөө дахин хуваагдаж, хэн нь хаана нэгдэж, хэрхэн эрх ашгаа хамгаалах нь чухал болоодхов. Үүнийг л магнайлж, хэдэн талд байгаа хэсэг бүлгээс урвуулах ажлыг С.Баяр хийхээр ирсэн нь энэ юм.
Ямартай ч С.Баяр, Ж.Бадамжунай нар намынхаа гишүүн, фракцын толгойлогч нартай ээлжлэн уулзаж, эв эеийг эрхэмлэн шийдвэр гаргахыг уриалж байна. Тэдний ажлын үр дүн өнөөдөр Удирдах зөвлөлийн шийдвэрээс харагдах юм.
С.Гэрэлчулуун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.