Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын хэлмэгдэгсэдийн холбооноос “Их хэлмэгдүүлэлт 80 жил” тохиож буйтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын Нарийн бичгийн дарга П.Нарандалай, Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Д.Ууганбаатар, Монголын улстөрийн хэлмэгдэгсэдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар нар мэдээлэл хийв.
Тус ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах нэр төрийг нь сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг нийтэд тайлбарлан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй 19 дэх жилдээ ажиллаж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 19 жилийн хугацаанд уг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18,0 мянга гаруй иргэнд 16.4 тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 208 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, нийт 357 иргэнд 3,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгоод байна.
Мөн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлал тогтоод байгаа юм. 2017 онд улс төрийн хэлмэгдүүлэлт гарч эхэлсэнээс хойш 80 дахь жил тохиож байгаатай холбоотойгоор Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Улсын комиссын даргын захирамж гарч тодорхой ажлуудыг улс орон даяар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Өнгөрөгч сарын 20-ноос 30-ны өдрүүдэд 330 сум, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар онол практикийн хурал, уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Түүнчлэн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм байна.
Мөн хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулж нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гандан, хийдэд ном хурж, зул өргөх юм.
Мөн энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Герман, ОХУ, Япон болон Шинжлэх ухаан академи, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн судлаачид, хамтын ажиллагаатай ажилладаг Конрад-Аденауэрийн сан, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай Архив, Улсын Дээд Шүүх, Прокурорын Ерөнхий газар зэрэг байгууллагын албан хүмүүс илтгэл тавьж оролцох юм.
Хурлыг нээлттэй зохион байгуулах бөгөөд эрдэмтэн судлаачид төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, их дээд сургуулийн оюутан залуус зэрэг 100 гаруй хүн оролцоно.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.