Өнгөрөгч 17-ны өдөр СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 5 залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид дээрх этгээдүүдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ. Энэ хэрэгт Монгол Улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа юм байна. Мөн дээрх этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон аж.
Харин уг хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэн Г.Буянхишигт 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн ерөнхий газрын даргын шагналыг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П. Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П. Оростогоо нар гардуулан өгч иргэний үүргээ биелүүлсэнд талархал илэрхийлсэн.
Гэхдээ ингэж мэдээлэгчийнхээ зураг, нэрийг олон нийтэд зарлах нь аюулгүй байдлынхаа хувьд эрсдэлтэй биш үү.
Өөрөөр хэлбэл, тус хэрэгт холбогдсон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн залуус өөрсдийг нь илчилсэн иргэн хэн болохыг мэдэх боломж бүрдэж байна гэсэн үг. Мэргэжлийн байгууллагын энэхүү зохисгүй үйлдлээс болж мэдээлэгчид ямар нэгэн зүйл болбол яах вэ. Цагдаагийн байгууллага мэдээлэгчийнхээ хэн болохыг хуулиар хамгаалдаг шүү дээ. Гэтэл зураг хөрөгтэй нь ингэж олон түмэнд цацах нь хэр зохистой үйлдэл вэ. Цаашид энэхүү хүчний байгууллагад хэн итгэж мэдээлэл өгөх вэ.
Яахав хүчний байгууллагын хувьд, иргэдэд Г.Буянхишиг гэдэг залуугаар үлгэр дуурайлал болгож ийнхүү шагнал гардуулж олон нийтэд зарласан байж болох. Гэхдээ л түүгээр яваа гайг үүгээр дуудах хэн байх билээ. Хэн ч аюулгүй байдлаа бодно шүү дээ, Цагдаагийн ерөнхий газрынхаан.
Б.Хурц
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.