“60 тэрбум”-ын хэргийг АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсан ажлын хэсэг томилон шалгаж эхэлжээ

2017-08-9 Нийтлэл

Өнгөрөгч сонгуулийн гол сенсааци болсон улс төрийн ууган хүчний удирдлагад харьяалалтай “60 тэрбум”-ын хэрэгт хүчний байгууллагууд голч хараагаа онилоод эхэлж. Учир нь өчигдөр тус хэргийн гол дүр болсон Доржзодовыг Тагнуулын ерөнхий газар зургаан цаг гаруйн турш “байцааж”, гэрчийн мэдүүлэг авсан мэдээтэй байна. Мэдээж тэрбээр Монгол Улсын иргэний эрхээ эдлэн өмгөөлөгч, прокурорын хяналтан дор гэрчийн мэдүүлэг өгсөн гэнэ.

Тодруулбал, өмгөөлөгч Г.Баасан 90 минутын бичлэгийн хэргээр УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарыг шалгахыг хүссэний дагуу ийнхүү түүнээс мэдүүлэг авсан байна. Ингэхдээ ТЕГ гэрч Г.Доржзодовыг байгаа газраас нь машинаар авч, буцааж хүргэж аюулгүй байдлыг нь хангажээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга бичлэгтэй холбогдуулан АТГ, цагдаа, прокурорын байгууллагын удирдлагуудыг хэд хэдэн удаа хүлээн авч уулзаж шалгах чиглэл өгснөөр Улсын ерөнхий прокурорын газраас уг асуудалтай холбогдуулан хавтаст хэрэг нээхийг АТГ-т даалгаад байгаа аж. Одоогоор АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсан ажлын хэсэг томилон шалгаж эхэлсэн байна.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.