Ц.Сувд-Эрдэнэ: М.Сарнай эгч ээ, таны жүжигт цэг тавих цаг нь болсон
Хүний өөрийн нийлсэн олон хүүхдийг өсгөж буй М.Сарнай хэмээх бүсгүйн талаар бид өмнө нь сурвалжлан хүргэж байсан билээ. Тэрбээр сайхан сэтгэлтэй хүмүүсийн бэлэглэсэн таван ханатай гэрт өөрийн зургаан хүүхдээс гадна өрөөлийн есөн хүүхдийг хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байсан талаар манай сурвалжлах хэсэг “Өдрийн зочин” булангаараа хүргэж байсан. Харин энэхүү өнөр бүлд “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй өөрийн гэсэн газар, туурга тусгаар гэр оронтой болгохыг зорьж буйгаа илэрхийлэн “Сарнай” хүүхдийн төвийг байгуулахаар “Нэг хүн-Нэг тоосго” аяныг эхлүүлээд байсан юм. Харамсалтай нь “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоож байгаа ажээ.
Энэ талаар Ц.Сувд-Эрдэнэ фейсбүүк хуудсаараа дамжуулан “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоосныг мэдэгдсэн байна.
Тэрбээр “Сарнай эгчийн хороонд амьдардаг иргэн надад Сарнай эгчийн талаар миний төсөөлж байгаагүй мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийг нягталж шалгаад Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судалж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй, гэр оронтой хүүхдүүд. Үлдсэн 10 хувийг нь би мэдэхгүй. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй. Сарнай эгчийн зурагтаар ярьж хэлж байсан бүхэн худлаа байсныг хариуцлагатайгаар хэлмээр байна. Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон гэж бодож байна. Цагдаагийн байгууллагаар үнэн мөнийг тогтоолгох болно” гэдгээ илэрхийлжээ.
Ямартай ч сүүлийн үед цахим ертөнцөд орон гэргүй, оочих аягагүй, өвчинд шаналсан, өнчин, ядуу гээд янз бүрийн хүмүүст туслахыг хүссэн уриалга байнга шахам харагдах болсон.Тэр чинээгээр ч монгол хүний саруул ухаанаар нэгэндээ тус дэм болж, байгаа хэдээсээ илүүчлэх сайхан сэтгэлт хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилж зарим нэгэн ядарсан, өвчиндөө шаналсан нь олны дэмээр хөл дээрээ боссон амьдрал олныг дурьдаж болох юм. Гэвч буяныг дагаж бузар гэгчээр шуналын сэтгэлээр худал зовлон тоочиж олон түмнээс хандив нэрээр мөнгө залилах тохиолдол газар авсаар байна.
М.Сарнай гэгч эл эмэгтэй хогийн цэг дээр амьдарч байсан хүүхдүүдийг өөр дээрээ авч сургууль цэцэрлэгт хамруулан асарч тэтгэдэг хэмээн олон нийтийн сүлжээгээр сайхан сэтгэлт хүмүүсийн анхаарлыг татаж, бараг хүн болгон чадлынхаа хэрээр хандив тусламж үзүүлсэн. Мөн хүн болгоны хүртэж чаддаггүй төр засгийн хайр хишгийг ч хүртэж амжсан. Гэтэл өчигдрөөс эхлэн түүнийг шунахайн сэдлээр ээж, аавтайгаа хамт байсан хүүхдүүдийг хүчээр шахам гэртээ байлгаж, худал түүх зохион төр, түмнийг хуурсан гэх мэдээлэл цацагдаж, олон хүнийг цочирдууллаа.
Юутай ч бид М.Сарнайтай утсаар холбогдож учир байдлыг лавлавал “Сувдаа намайг хорооны хүмүүстэй нийлж ингэж бичсэнийг хараад уйлж сууна, ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож байна даа. Ядарсан хэдэн хүүхдүүдийг минь бодож болдоггүй юм байх даа. Өөрөө ч гэсэн хүүхэдтэй хүн байж. Миний бодлоор, Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Энэ хүүхдийн төвийг барихад өөрөө голчлон оролцож, энэ байгууллагыг авч явна гэсэн бодолтой байсан болов уу. “Наран” рестораны захирал С.Дэлгэр эгч бол бидний төлөө зүтгэж яваа хүн. Тэгээд ч “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяны хүрээнд цугларсан мөнгө С.Дэлгэр эгч бид хоёрын дундын дансанд байгаа. Энэ аяныг С.Дэлгэр эгч санаачилсан болохоор би хамтран эзэмшигчээр орсон. Одоо ч дансанд орсон мөнгөнд бид гар хүрээгүй байгаа” хэмээн тодруулав.
Юутай ч юм бүхэн хоёр талтайг санаж үнэхээр таны тус хэрэгтэй, ядарч зүдэрсэн, өвдөж зовсон хүмүүс ч байгаа гэдгийг бас мартаж болохгүй. Хамгийн гол нь хэнд, хэрхэн, хэнээр дамжуулж туслах гэж буйгаа л анхаарах хэрэгтэй. Тус багаддаггүй гэдэг. Нөгөөтэйгүүр, ядарч зүдэрсэн нэгнийхээ төлөө гар сунгаж чадахгүй ч, сэтгэл зовнин байдаг монголчуудын сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүс бас байдаг гэдгийг санах л хэрэгтэй.
Эцэст нь сануулахад, төр түмэн нүдтэй хойно шүүх цагдаагийн байгууллага уг асуудлын учгийг тайлах биз ээ.
С.Гэрэлсүх
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.