Сахиулсан тэнгэрийн сэвлэг үсний тухайд уфологичид 1954 оноос ярьж эхэлсэн байдаг ч энэ нь чухам юу болохыг өнөө хүртэл хэн ч мэдэхгүй байгаа бөгөөд шинжлэх ухааны ганц ч таамаглал уг үзэгдлийг одоогоор тайлбарлаж чадаагүй байна.
Энэ үзэгдэл зөвхөн бидний амьдарч буй цаг үед хамаарах зүйл биш болохыг гэрчилсэн түүхэн баримт хангалттай олон байдаг. Тухайлбал, хэдэн зууны турш ер бусын хур тунадас асар олон удаа давтагдаж байв. Тэдгээр нь өөр хоорондоо ямагт адилхан байгаагүйн дээр ив ижилхэн бодисоос тэр бүр бүрддэггүй байжээ. Нүдээр үзэгсэд зарим тохиолдолд үүнийг аалзны шүлс байсан гэж ярьж байсан бол өөр бусад тохиолдолд энэ нь хөөс, цэврүү, гель, тоос гэх мэт зүйл байсан гэцгээдэг. Мөн нүдээр үзэгсдийн өгүүлснээр, тэдгээр тунадаснуудын нийтлэг зүйл нь гэвэл өтгөн, цагаавтар өнгөтэй, харьцангуй удаан унадаг атлаа битүүмжилсэн саванд хийсэн байсан ч зэгсэн хурдан алга болдог бодис аж. Тэгэхдээ энэ үед дулааны эрчим хүч ялгарах юм уу химийн бусад үйлчлэл ажиглагддаггүй байна. Уг бодис зүгээр л огт байгаагүй мэт алга болдог.
Түүнчлэн алсаас ердийн л нэг борооны үүл шиг харагдах атлаа ойроос болохоор огт тийм биш мэт санагдах хачин үүлнээс ийм хур тунадас ордог талаар санал нэгдэж байв. Ажиглаад байхад энэ үзэгдэл агаарын температуртай огт холбоогүй бөгөөд хүйтэн цаг агаартай бүст ч, халуун уур амьсгалтай бүст ч тохиолддог байна. Хачин жигтэй энэ бүх хур тунадсыг Америкчууд сахиулсан тэнгэрийн сэвлэг үс, Италичууд цахиурын хөвөн, харин Францууд Мадоннагийн хүүхдүүд хэмээн нэрлэсэн байна. Юутай ч төсгүй энэ бодис ерөөсөө байгаагүй мэт алга болдог аж!
Зарим эрдэмтэн “Сахиулсан тэнгэрийн сэвлэг” үүсэхэд Linyphiidae хэмээх нэгэн зүйлд хамрагддаг аалз гол үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байна. Өглөөний шүүдэр ихтэй сэрүүн өдрүүдэд энэ зүйлийн аалз олноороо нүүдэллэж эхэлдэг байна. Шүүдэр наранд хатахад дээш дэгдсэн агаарын урсгал үүсдэг. Тэгэхэд аалз ямар нэгэн ургамлын оройд авиран гарч, хэвлийнхээ сэжүүрийг өргөн шүлсээ ялгаруулдаг бөгөөд тэр нь хатуу цуулт болон царцангуут агаарын урсгал хаман авч аалзны хамт өөр газарт зөөвөрлөдөг гэнэ. Гэлээ ч уг бодис яагаад ууршин алга болдгийг /аалзны шүлс ингэдэггүй/, олноороо нүүдэллэх үедээ хэдэн зуугаараа тааралдах учиртай аалз харагдсан гэж уг “сэвлэгийг” нүдээр үзэгсдийн нэг нь ч, нэг ч удаа дурдаагүйн учрыг дээрх хувилбараар тайлбарлаж чадахгүй байгаа юм.
“Сахиусан тэнгэрийн сэвлэг” газар унахыг өөрийн биеэр харсан Өмнөд Африкийн эрдэмтэн Гильермо Агилера дараах зүйлийг бичжээ:
“Энэ бодис яг л аадар мэт асгаран орохыг би өөрөө харсан төдийгүй бүр гараараа хүрч үзэх боломжтой байв. Гараа ямар нэгэн бүлээн зүйл рүү оруулж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Гэхдээ энэ нь удаан үргэлжилдэггүй, учир нь тэр бодис хайлж байгаа юм шиг хурдан алга болж байв. Аалзны шүлс байна гэсэн ямар ч мэдрэмж надад төрөөгүй”. Тэгэхлээр энэ нь чухам юу болж таарч байна вэ? Хэсэг мэргэжилтний нотлож байгаачлан, энэ нь агаар мандлын хийн бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлттэй юм уу уг мандалд явагддаг химийн урвалуудтай холбоо бүхий шинжлэх ухаанд одоохондоо хараахан мэдэгдээгүй үзэгдэл байж болох юм.
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.