Иргэдийн хандив хагас тэрбум төгрөгт хүрчээ

2017-07-22 Мэдээ, мэдээлэл

 

 -Монголчууд нэгдэж чаддагаа түймрийн үеэр харуулав. Иргэд түймрийн эсрэг хандивын аян өрнүүлээд буй-

Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудаас ирүүлж буй хандив тусламж тасралтгүй үргэлжилсээр байна.

Онцгой байдлын ерөнхий газар ой, хээрийн түймэр унтраахад аж ахуйн нэгж, иргэдээс 500 гаруй сая төгрөгийн хандив дансаар дамжуулан хүлээн авчээ. Үүнээс гадна хоол хүнс, эм, хувцас хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг иргэд аж ахуй нэгжүүд үзүүлсээр байгаа юм байна. Он гарсаар ой, хээрийн 145 түймэр гарсны 68 нь долоодугаар сард хaмаарч байна. Хуурайшилт, хэт халалт ой хээрийн түймэр гарах үндсэн шалтгаан болж байгаагаас гадна хүний зүй бус, санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалсан тохиолдол ихээр гарах болжээ. Иймд тодорхой бүсүүдэд иргэдийг ногоон бүсэд амралт, зугаалга хийхийг түр хугацаанд хориглоод байгаа юм. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс зорьж очих аялагчдын тоо нэмэгдсэн Хөвсгөл аймагт Онцгой байдлын гал унтраах ангийг тусгайлан томилжээ.

Эдгээр тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.