Харумафүжид алгадах, олон унах эрх үгүй

2017-07-20 Спорт

Нагоя хотноо болж буй мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Башёгийн 11 дэх өдөр буюу өчигдрийн барилдаанд аварга Харүмафүжи Д.Бямбадорж Чиёошомогаар найм дахь даваа авч тавин хувийн амжилтаа үзүүллээ.

Башёгийн эхний өдрөөс амжилт муутай барилдаж эхэлсэн Харүмафүжи найман даваа, зургаан унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдсэн хэвээр байна. Тэрбээр өнөөдөр Хакүхог давсан Митакүмитэй оноолт таарчээ. Нагоя башёг их аварга Хакүхо М.Даваажаргал 10 даваа, 1 унаатайгаар тэргүүлж байгаа бол Болгарын бөх, маэгашира Аояама 9 даваа, 2 унаатайгаар удаалж буй. Тэгвэл тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд аварга Харүмафүжи, арслан Такаясү нарын бөхчүүд найман даваатай нэхсээр байна.

Өнөөдрийн барилдаанд Хакүхо Тамаваши Б.Мөнх-Оргилтой оноолт таарсан. Тэрбээр энэхүү барилдаанд ялалт авбал хамгийн олон ялалттай Кайогийн 1047 даваатай зэрэгцэж ирэх юм. Хакүхо өчигдөр Митакүмид ялагдсан бөгөөд тэрбээр 1046 даваатай болоод байна.

Харумафүжи Д.Бямбадоржийн өнгөрөгч он жилүүдийн түүхэн замналыг тодруулбал…

Харумафүжи Д.Бямбадорж ёкозүна цол хүрт­сэн эхний башёдоо зургаан удаа унаж, саяхан л сумогийн оргил цолыг гурав дахь монгол залуу хүрт­чих­лээ хэмээн хөөрцөглөж суусан элэг нэгт­нүүдээ тэвдүүлээд авсан нь саяхан мэт. Ёкозүна цолтон зур­гаа унах битгий хэл гурван удаа өрсөл­дөгчдөө ялагдахад л Мэргэжлийн Сумо­гийн Ёкозүнаг сонгох хорооныхон шүүм­­жилж, хатуу сануулга өгч эхэлдэг. Тэд цаг­таа Асашёорюү Д.Дагвадоржийн алхам бүрийг шахуу тандаж, сануулсаар эцэстээ өөрийнхөө хүсэлтээр зодог тай­лах хэмжээнд хүргэж санаа нь амарсан билээ. Харин цагийн аясаар энэхүү байдал ихээхэн өөрчлөгджээ. Д.Бямба­дорж дэвжээний гадна хэн нэгнийг алгадаагүй, түлхээгүй. Харин дэвжээн дээр бол олон ч япон залуусыг халширтал нь алгадаж, зүрхшээтэл нь түл­хэж гаргасаар байгаа юм. Гэхдээ өнөөх Ёко­зүнаг сонгох хорооныхон Кюүшюү башё­гийн дараагаар Харумафүжиг зөв­хөн олон уналаа гэж шүүмжлэлгүй мөн олон удаа өрсөлдөгчөө алгадлаа гэж сануулжээ. “Сумо бол зодоон биш гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй. Хоёр ёкозүна барилдахдаа өрсөлдөгчөө алгадахаа болих хэрэгтэй” гэж ноён Цурута айлдаж байв. Цурута гэдэг нь Ёкозүнаг сонгох хорооны гишүүдээс хамгийн хэл амтай, хатуу чанга нэгэн. “Кабуки” театрын жүжигчин Савамура Таносукэ мөн л тус хорооны гишүүдийн нэг бөгөөд “Ёкозүна цолтны хэмжээнд барилдахын тулд дор хаяж арав давах ёстой. Хэрвээ дахиад ийм олон унавал зодог тайлахаас аргагүй болно” гэж шулуухан хэлсэн удаатай.

Тэгэхээр Харумафүжид эх орондоо ирж, ёкозүна цол хүртсний найраа тух­тай­хан хийх ч чөлөө олдохгүй нь тодор­хой байлаа. Японы сумогийн зүүн баруун жигүүрийн магнайд босч, монгол бөх­чүүдийн ид хавыг гайхуулж буй хоёр ёко­зүна олон жилийн турш ноёрхлоо тогтоогоосой гэсэн хүсэл бидний сэтгэлд буй. Д.Бямбадорж бол улсын заан Р.Даваа­нямын бага хүү гэдгийг юу эс андахав. Тэр багаасаа л үеэл ах Н.Ганбаатар болон төрсөн ах Д.Баасандорж, Д.Лхагвадорж нарыгаа давдаг, төрөлхийн бөхийн авьяастай, чадалтай хүү байж. Одоо Н.Ганбаатар улсын гарьд, Д.Лхагвадорж улсын харцага цолд хүрсэн гээд бодохоор Д.Бямбадорж үндэсний бөхөө­рөө барилдсан бол чамгүй өндөр цол хүртэх магадлал тун ч өндөр байсан хэрэг. Улсын заан Р.Давааням бага хүүгийн­хээ талаар “Би тэр сумогийн багшийг ирээд гуйхад шууд л хэлсэн. “Энэ бол төрөлхийн бөх болохоор заяасан хүү. Хэрвээ та зөв бэлтгэж чадвал амжилт гаргах нь дамжиггүй” гэж бардам хэлсэн. Би чинь өөрөө бөх хүн байна, бас мэдрэлгүй яахав дээ” гэж ярьсан удаатай. Бямбадорж сумогоор хичээллэхэд нэг л давшгүй мэт бэрхшээлтэй таарсан гэдэг. Энэ бол хоол. Тэрбээр багаасаа хоолонд тааруу тул заавал жин нэмж байж ам­жилт гаргах боломж нь ихэсдэг сумогийн дэглэмийг дагах эхэндээ амаргүй байжээ. “Миний хүүд сумогийн тэр дэглэм нь хэцүү биш. Харин их хоол ээлж дараалан идэх нь л хэцүү байгаа юм билээ” гэж Р.Давааням заан өгүүлж байв. Шударга үгс, бяр тэнхээгээрээ зартай заан Р.Даваанямыг цаг бусаар нарт хорвоог орхиход бага хүү Бямбадорж нь эцгийн­хээ итгэлийг даахын тулд улам хичээж, сумогийн өндөрлөг өөд өгссөөр байлаа. Ингээд хоёр ч башёд нэг ч уналгүйгээр дараалан түрүүлснээр ёкозүна цолыг гуйж бус гуядаж авсан юм. Шинэ зуун гарсаар гурван монгол ёкозүна сумод ноёлж байна. Мөн ёко­зүна цолтон хамгийн сүүлд нэг башёд тав дараалан унасан тохиолдол 1999 онд гарч байж. Ваканохана ёкозүна цолтой барилдсан гурав дахь башёдоо 9 давж, зургаа унахдаа тав дараалан унаж байсан ажээ. Ваканохана 180 см өн­дөртэй, ид үедээ 134 кг татаж байсан нь жингийн хувьд одоогийн Харумафүжитэй яг адилхан. Түүнийг ёкозүна цол хүртэх үед дүү Таканохана нь “Цолоо хамгаалан барилдаж чадах юм уу даа. Эрт зодог тайлахвий” гэж хэвлэлээр сануулж байсан гэдэг. Ах дүү ёкозүна Ваканохана, Таканохана нар хоорондоо зөрчилтэй байсан тул сумо сонирхогчид энэ үгсийг бодитой гэхээсээ илүү даажигнал мэтээр анхандаа хүлээн авсан юм. Гэвч Ваканохана ёкозүна цол хүртснээсээ хойш ердөө гурван башёд л 10-аас дээш давж, гурван ч башёг гэмтлийн улмаас өнжиж, заримыг нь бүр дундаас нь орхисоор хоёр жилийн дараагаар зодог тайлахаас аргагүйд хүрсэн түүх бий. Сумод жин багатай бөх амжилт гаргах боломж бага. Гэхдээ Харумафүжи Д.Бям­бадорж амжилт гаргаж болдгийг харуулж, дөнгөж 113 кг жинтэй байхдаа дээд зиндаанд гарч ирээд эдүгээ оргил цолыг нь хүрт­чихээд яваа билээ. Тиймээс цаашдаа ч улам сайн барилдаж, хоёр монгол ёкозүна арлын оронд талын хөвгүүдийн хүч тамир, сэтгэлийн тэнхээг харуулсаар байх болно гэдэгт үл эргэлзнэм.

А.Цанги

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.