Ховор амьтдыг хамгаалахад чиглэгдсэн сэтгэл, оюуны дархлааг хэрхэн бий болгох вэ, дэлхий дээрх уулын бүс нутгуудийн хүн амыг үүнд хэрхэн оролцуулах вэ? Энэ үйл хэргийг хэний тусламжтайгаар зохион байгуулах боломжтой вэ? гэдгээс эхлээд…
Дэлхийн унаган, төрөлх шинж байдал, газар, газрын уугуулуудын уламжлалт соёлыг хамгаалах, орон нутгийн оршин суугчдын байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийг дамжуулан, өвлүүлэх гэх мэт олон асуудлыг олон улсын хэмжээнд цогцоор нь хэлэлцэнэ гэдэг бас ч нарийн төвөгтэй зүйл бололтой.
Саяхан Киргизстаны Таласс мужид дээрх асуудлаар, тодруулбал нэн ховор болон ховордсон амьтдыг хамгаалах сэдвээр тал бүрээс нь нарийн нухацтай хэлэлцсэн хэлэлцүүлэг, семинарыг зохион байгуулсан бөгөөд эл семинарт Киргизстан, Тажикстан, Уулын Алтай, Буриадын төлөөлөгчид оролцсон юм.
Ардын мэдлэг бол шинжлэх ухааны туйл
Өнгөрсөн жилүүдэд “Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сан”-гийн харъяа Орос дахь олон улсын зөвлөлөөс “Алтай Саяны эко бүс дэх цасны барс (ирвэс) хамгаалах ажлын мониторинг” төслийг хэрэгжүүлж, өнгөрсөн хаврын тавдугаар сард ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын нутаг дэвсгэрт эл асуудлаарх экспертиз (хяналт, шинжилгээ) хийснээс гадна Орос, Монгол, Кыргизстан, Казакстан, АНУ, Энэтхэг болон Хятадад цасны барс буюу ирвэс хамгаалах туршилт судалгаанууд хийгджээ. Семинарт уригдсан зочдын дунд онцлууштай нэгэн хүн байсан нь “цасны барс” буюу ирвэс хамгаалах ажиллагааг (Snow Leopard Conservancy), анхлан эхлүүлсэн Жексон юм. Энэ хүн бол дэлхий дээрх ирвэсийн оршин амьдарч буй нутгуудад явагдаж буй ирвэсийн судалгааны ажлыг голлон удирдаж ирсэн хүн. Түүний хэлснээр “нутгийн уугуул иргэдийн соёл, зан заншил, уламжлалт дадлыг хүн амын дунд таниулах, ач холбогдол, нөлөөллийг нь өргөн сурталчилах, ирвэсийн оршин амьдардаг бүс нутгууд дахь тосгон суурин, сум, багийн оршин суугчдын байгаль хамгаалах болон экологийн мэдлэгийг дээшлүүлэхэд тал бүрээр туслах явдал хамгаас чухал зүйлийн нэг” ажээ.
Цасны барсыг /ирвэс/ хамгаалах дэлхий нийтийг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ажилдаа орон нутгийн иргэд олон нийтийг яаж татан оролцуулах ёстой вэ гэдэг их чухал. Родни Жексон хэлэхдээ “өнөөгийн нөхцөлд хөтөлбөр маань нутгийн уугуул иргэд болон орон нутагт оршин амьдарч буй олон нийтээс хөндий холуур явагдаад байна. Тэгэхээр хөтөлбөрийг ирвэсийн тархан амьдарч буй нутагт болоод тухайн нутаг усныхны аж амьдралд наалдуулж өгөхөд үндсэн ач холбогдол нь орших учиртай. Энэ талын зүтгэлтнүүд маань зөвхөн судлаачидтай хамтран ажиллах болоод байгаль хамгаалал, газар орны асуудлыг чухалчилаад байдаг. Харин бид бол энэ мэт хийдлийг арилгахыг хүсэж байна. Манай зорилго бол шинжлэх ухааны үйл явцыг ардын уламжлалт мэдлэг, зан заншилтай хослуулан нэгтгэх замаар ирвэсийн оршин амьдарч байгаа газар нутагт түгээн дэлгэрүүлэх өвөрмөц хэлбэрийг эрэлхийлэх явдал. Жишээлэхэд цасны барс (ирвэс)-ийн тархан нутагшиж буй нутаг орны хүн амын 70 хувь нь буддизм, бөө мөргөл, болон түүнтэй төстэй шүтлэгийг эрхэмлэн дээдэлдэг ард түмнүүд байна. Дэлхий дахин дахь байгаль хамгаалал, ховор ан амьтан хамгааллын бодлогод ийм чиглэлийн оюун санааны төлөөлөгчид ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ирвэсийг хамгаалах тухайд ч үүнийг ашиглах хэрэгтэй” гэсэн. Ардын ийм соёлын өв уламжлалыг /парактикт/ хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Орос дахь “Олон улсын зөвлөл”-өөс ирвэсийн тархан шилжиж буй болон нутагшин оршиж буй орнуудын тухайн эко бүсэд амьдардаг уугуул ардууд, оршин суугчид, нийгмийн нийтлэгүүдийн (мал аж ахуйн салбарынхан, анчид, нийгмийн бүлгүүд) сүлжээг Монгол, Киргизстан, Тажикстан, Алтайн Бүгд Найрамдах улс, Оросын Буриадыг хамруулан үүсгэсэн. Үүнтэй холбогдуулж 2016 оны гуравдугаар сард Монгол улсын Төв аймагт зөвлөлдөх уулзалт /семинар/ зохион байгуулсан юм.
Амьтны тооллогын өрсөлдөөн
Урьд нь мөн энэ Талассын хөндийд үүнтэй төсөөтэй сэдэв бүхий “тэнгэрийн амьтад”-ыг /нэн ховор зэрлэг амьтад/ хамгаалах нь” сэдэвт зөвлөгөөн, хэлэлцүүлэг болсон бөгөөд эл үеэр ирвэсийг олон улсын түвшинд юу гэж нийтлэгээр нэрлэвэл зохих тухайд хэлэлцүүлэг өрнөхөд, уулан дахь ирвэсийн явдаг замтай холбоотойгоор нэр байж болох юм гэсэн санал дээр олонхоороо нэгдсэн. Яагаад гэвэл тэд “цасны барс” (ирвэсүүд) бүхний түрүүнд хэцүү газраар явж8 жим гаргадаг ба амьтад тэр жимээр нь явах боломжтой болдог байна. Хил дамнан уул нуруудыг хэжиж гаргасан тэрхүү зам нь магад торгоны их замын нэгэн хувилбар гэхүйц үлэмж хэмжээний газар нутгийг холбосон сүлжээ жимийг үүсгэсэн хэрэг. Өнөөдөр өндөр уулын махчин амьтдын тоо толгой цөөрөхөд зөвхөн хулгайн анчид гэлтгүй хүний янз бүрийн үйл ажиллагаа нөлөөлж байна.
Энэтхэг оронд гэхэд л аялал жуулчлалыг түрцтэй хөгжүүлснээр тэр нь зэрлэг амьтад тухайлбал ирвэсийн нутагшил байршилтанд аюул занал учруулж байгаа асуудал бий. Алтай, Ала Тоо, Памирын уулсуудын харьцангуй өндөрлөг түвшинд малчид нутаглан амьдрах нь элбэг, тэдний дийлэнх хэсэг нь ирвэсийн тархан амьдарч буй нутагтай давхцдаг. Үүний улмаас гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын хооронд өрсөлдөөн, сөргөлдөөн бий болох үзэгдэл ч гардаг байна.
Талассын нутаг дэвсгэр дэх “Ойн бүс нутгийн хамгаалалтын захиргаа”-ны ахлах мэргэжилтэн Акылбек Курманбаев хэлэхдээ “Зун эхэлмэгц малчид олноороо ууланд гарч нутаглах болдог. Тэгээд хамгаалалтын бүс нутгуудад (уулын) бэлчээрийн зөвшөөрөл олж авах өрсөлдөөн идэвхжинэ. Малчдад олгосон бэлчээрийн зөвшөөрлийн бичиг бүрийг тухайн газарт оршин амьдарч буй ирвэс болон бусад зэрлэг амьтдын дундаж тоо, толгойг тогтоох үүрэг дагалддаг. Тэд зөвхөн мал, хариулах малчин хоёроос гадна хамтран ажилладаг бүл “хамжлага”-уудтайгаа хамтдаа явахыг хичээдэг. Аргагүй тэдний аж амьдрал нь шүү дээ. Түүнчилэн хамаатан садан, найз нөхөд гээд зочдоо урих явдал ч цөөнгүй. Уригдсан зочид болоод түүгээр зорчиж буй малчид тэр газарт ирвэстэй гэдгийг мэдсэн атлаа зөвхөн дотроо бодоод явахгүй нь мэдээж, гэр бүл найз нөхөд бусад хүмүүст энэ тухай ярина. Эцэстээ энэ байдал нь зарим хүмүүсийн хулгайн ан хийх, хууль бус орлого олох сэдлийг өдөөгч хүчин зүйл болдог. Тиймээс иймэрхүү холбоо сүлбээнээс үүдэлтэй хууль бус зүйлүүд явагдах бололцоог хазаарлахад анхаарлаа хандуулах шаардлага бас тулгарч байгаа юм. Тосгон, суурин болгонд “бэлчээрийн хороо” гэж бий тэр хороо энэ асуудлыг хариуцвал зохих юм.
Бас цасны барс (ирвэс) хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тэдэнтэй хамтран ажиллах нь нэн чухал. Өнөөдөр дэлхий дээр хичнээн тоо, толгой цасны барс /ирвэс/ оршин амьдарч буй нь тодорхой бус байна. Эрика Шукуровагийн (Киргизстан дахь «Алейне Плюс» экологийн хөдөлгөөний тэргүүн) хэлснээр бол өнөөгийн байдлаар ирвэсний тоо, толгойг тогтоох нэгдсэн арга зүй бий болоогүй, Киргизстанд гэхэд л тодорхой тоо гарч ирээгүй байдаг. Ийм нөхцөл байдал дэлхийн бусад газруудад мөн адил нийтлэг бий. Ирвэсийн тархан нутагшиж буй улс орон, бүс нутгуудад хаа ч ялгаагүй тухайн амьтны тоо толгойг ойролцоогоор багцаалж л тодорхойлж байгаа бөгөөд баримжаалсан зөрөө нь (бодит болон бодит бусын хоорондох) ихэнхдээ араваас, зуугийн хооронд хэлбэлзэж байна гэсэн тойм бий. Хэрвээ бид тодорхой тоог нь тогтооё гэвэл зөвхөн ирвэсийг тусгайлан тоолох бус экосистемийн нийт талбайн хэмжээтэй нь харьцуулан, ирвэсийн амьдрах хүчин зүйлүүдийг нөхцөлдүүлэн, дэмжиж байгаа бусад амьтад хийгээд хоол, тэжээлийн баазынх нь тоо, хэмжээг цогцоор нь тоолж тогтоох хэрэгтэй болно”гэж байлаа.
Үр удам ба хэрцгийлэл
Тарвага бол ирвэсний идэш тэжээлийн баазын нэг хэсэг болдог нь сонирхолтой. Энэ тухай семинар дээр Монгол улсын “Нүүдлийн байгаль хамгаалал” төрийн бус байгууллагын (Буриад улсын гишүүн байгууллага) тэргүүн Тунгалагтуяа сонирхолтой зүйл ярьсан.
Тэр Монголын баруун аймгийн хоёр суманд нутгийн иргэдтэй хамтран судалгаа хийжээ. Энэ үеэр тарваганы маханд “хэт донтогсод” (дурлагсад) өөрөөр хэлбэл ирвэсний идэш тэжээлийг булаагсад байдгийг мэдсэн байна. Есөн сарын сүүлчээр тарвага ичээндээ ордог ба тэгмэгц арван сарын эхээр ичээ малтагсад ажлаа эхэлдэг байна. Судалгаа хийх явцад ийнхүү ичээ малтсан 30 гаруй тохиолдлыг олж мэджээ. Энэ үйлдлийн улмаас тарваганууд тэдний гарт бөөнөөрөө үрэгддэг. Тэд тарвагыг ийнхүү бүлээр нь хомроглон алах замаар хүнс бэлддэг ажээ. Нутгийн нэгэн малчин тарвагыг үүр нүхэнд нь нядлах энэ үйлдлийг хэрхэн, яаж хийдэг тухай ярьж өгсөн юм.
Эхлээд тэд төмөр ломбоор нүх буюу үүрийг нь ухаж цөмлөдөг байна. Тарваганууд сандарч, айсандаа аюулаас гэтлэх гэж тэдний гаргасан уйтхан цоорхойгоор цувж, асгаралдан, алуулдаг гэнэ. Цөмөрхий цоохойны аман дээр аюул отож байгааг гадарлаж мэдсэн, үүр, нүхэндээ үлдсэн хэсэг нь нүхнийхээ мухар луу хяран зүтгэж, хуруу хумсаараа амь тэмцэн маажлан малтсаар, үүр нүх нь тэдний сарвуу хумсны цусанд будагдана. Ингэсээр хөөрхий амьтад хамаг чадлаа барж, эсэргүүцэх, аюулаас зайлах чадалгүй болоод үүр, нүхэндээ бүгд үхдэг байна.
Би хэд, хэдэн сумын сургуулиуд айл өрхүүдээр явж, ялангуяа хүүхдүүдэд энэ тухай ярьж өгсөн. Үүнийг сонссон хүмүүсийн нүднээс нулимс гарч байсан. Хүүхдүүд энэ тухай сонсоод “хэзээ ч тэр хөөрхий амьтны махыг идэх гэж ийм юм хийхгүй, хэзээ ч амьтдыг харгислаж зовоохгүй” гэцгээж байсан юм” гэж ярив.
Эцэст нь Тунгаа хэлэхдээ “миний бодлоор судлаачид судалгааныхаа бодит үр дүнг хүмүүст, ялангуяа хүүхэд өсвөр үеийнхэнд танилцуулж, ойлгуулж, хэлж өгч байх хэрэгтэй юм байна. Тэгвэл энэ нь хүмүүст, хүүхдүүдэд байгалийг, бас амьтадыг хайрлах, хамгаалах бодол ухааныг төрүүлж, төлөвшүүлэх, цаашдаа экологийн зөв ойлголт, сэтгэлгээтэй болоход нь ихээхэн нөлөөтэй байх болно” гэсэн юм.
Тэнгэрийн амьтан зочилсон нь
Манай улсын Ховд аймгийн Дарви сумын Дагвадорж гэдэг ахмадынх ууланд ирвэсийн тархац газартай хаяа нийлэн нутагладаг аж. Энэ хүн сургуулийн хүүхдүүдтэй уулзалт хийж, ирвэсийн тухай, түүний нутаг байршил болон ирвэстэй холбоотой ардын ёс уламжлалын тухай ярьж өгчээ. Монголд цасны барсыг ууланд амьдардаг амьтдын сүр сүлд, сүр хүчний бэлэгдэл хэмээн сүсэглэж ханддаг байна. Ууланд малчдын нутагладаг газар ирвэс байх нь элбэг бөгөөд малчид түүнд ойртдоггүй. Түүнээс айж болгоомжилдоггүй, дайжиж зугатдаггүй, хөөж туудаггүй харин ирвэс үзсэн хүн ихэд бэлэгшээж сүү өргөн мялаадаг аж. Тэрээр ирвэстэй тааралдвал тэр хүний зам мөр нь цагаан, ажил үйлс нь бүтэмжтэй болно гэж бэлэгшээдэг гэнэ.
2014 онд Дагвадорж гуайнхтай хошоо (ойрхон) нутаглаж байсан малчныд нэг ийм явдал тохиолджээ. Нэг орой бэлчээрээс гэртээ дөхөж ирсэн мал нь үргээд хотондоо орохгүй байхаар нь гэрийн эзэд гайхаж, ийш тийш ажиглан харвал, тэдний гэр дээр нь ирвэсний ногуул (зулзага) гараад цагираглаад хэвтчихсэн, ууттай махны гадна талаас мэрж байж. Тэд тэвдэж, сандарсандаа гэртээ орж чадахгүй, улмаар сумын төв рүү утасдажээ. Сумын удирдлага үүнийг сонсоод, тэдэнд туслахаар ирэх замдаа Дагвадорж гуайг хамт авч явсан аж. Тэд ногуулыг гэр дээрээс буулгахын тулд бугуйл (цалам) аваад, малчны гадна очив. Харин гэрийн эзэн малчин “манай гэр дээр тэнгэрийн амьтан мориллоо” хэмээн ихэд бэлгэшээж, түүнийг гэр дээрээс буулгахын өмнө том тэвшинд хэсэг мах, мөн ёроолд нь сүү асгаж, (хийж) бэлджээ.
Дараа нь ирвэсний ногуулыг (зулзага) цалмаар цаламдаж, мөнөөх тэвшрүү татаж буулгахад ногуул тэвшинд буй махыг идээд, сүүг тааламжтай гэгч нь долоож эхэлжээ. Тэгээд түүнийг хоёр уут махтай хамт ууланд нь аваачиж тавьсан байна. Учир нь тэр мах идэх гэж л малчин айлд зочилсон. Тэгэхээр түүнийг ууланд нь тавихдаа махаар дайлах нь зүй ёсны хэрэг. Дараа нь өнөөх газарт очиж үзэхэд ногуул “цасны барсхан” маань бусдыгаа дагуулан, мах идэхээр хавцлаар бууж ирсээр, нэгэнтээ тэдний явдаг жим бий болсон байв. Гэр дээрээс буулгаж авсан хүмүүсийн гараас чөлөөлөгдөж, ууланд очсоныхоо бүүр хойно ч гэсэн тэр ногуул “барсхан” маань махны үнэрээр ирэхээ орхиогүй бөгөөд цадаж, аваад ууландаа харайж, дүүлж оддог болжээ. Тэр жилдээ болоод түүнээс хойш ч ялгаагүй тэр малчны мал сүрэг нь улам өсөж, арвижин элбэг, чинээлэг болсон бөгөөд тэрхүү уут махнаас болж хотойж, хорогдсон нь үгүй.
“Эрт үеэс манай өвөг дээдэс ирвэсэнд өш зангидаж болдоггүй гэж үздэг байсан. Хэрвээ ирвэс хонь, маланд хүрсэн бол харин ч бэлгэшээж, зөнгөөр нь орхивол, мал ахуй нь улам өсөж үржиж, элбэг дэлбэг болдог, харин өсөрхөж түүний хойноос хөөцөлдөн намнах аваас айл хотоороо сүйрч доройтдог тухай сүсэглэн хэлэлцдэг байсан. Энэ миний ярьсан бол бодит түүх, би өөрөө оролцож, нүдээрээ үзсэн явдал билээ” гэж Дагвадорж гуай ярьсан байна.
Памирчууд ба ариун амьтан
Тажикстаны Хорог хотоос ирсэн сэтгүүлч, экологич Курбон Аламшоев ярихдаа: “Манай хот бол “Бадахшанск” уулын автономит мужийн төв нь бөгөөд далайн түвшнээс дээш 2000 гаруй метрт өргөгдсөн өндөрлөг хэсэгт оршдог. Ард, иргэд маань мөн л цасны барс (ирвэс)-ын байршил нутагтай хаяа залгаж, холилдон нийлж аж төрдөг юм. Цасны барс буюу ирвэсийг Тажикаар Пуланг гэж нэрэлдэг. Гурван жилийн өмнө бид “Куххои Помир”, (Уулын Памир) олон нийтийн байгууллагыг үүсгэн байгуулсан. Үүнийхээ хүрээнд хотын дөрвөн сургууль дээр экологийн клуб нээн ажиллуулж байгаа. Энд би Сайфиддин Шайдоев болон Курбонбек Айдаров гэдэг тус клубын хоёр ч удирдах ажилтны хамт хүрэлцэн ирсэн юм гэв.
Курбонбека бол Мургабск мужийн Рангкуль тосгоны уугуул, Киргиз үндэстэн аж. Энэ семинарт ирсэн хүмүүсийн хамгийн залуу нь болох тэр Памирын Киргиз тосгоны нэгэн дунд сургуульд Тажик хэл заадаг. Тэрээр ахмадуудын хэлж ярьсан болгоныг үг гээлгүй шимтэн анхаарч, үнэн голоосоо санал нэгдэн дэмжиж байв. Одоо үед замхран мартагдах шахаж буй, тэрхүү Монгол настаны ярьсан шиг амьд түүхийг бид хадгалж хамгаалах ёстой хэмээн тэр хэлнэ. Түүний амьдардаг Памир ууланд далайн төвшнөөс дээш дөрвөн мянга гаруй метрт өргөгдсөн газарт нэгэн тосгон байдаг ба өөрөө тэнд хэд хэдэн удаа очиж, цасны барс (ирвэс)-тэй ч тааралдажээ. Харамсалтай нь тэр үедээ ямар ч зураг авч, бичлэг хийж чадаагүй гэнэ. “Тэндхийн хүмүүс ийм зүйлийг хэрэглэж заншаагүй нь тоогүй. Уул нь хэрэглэдэгсэн бол амьдралд хэрэгтэй л зүйл. Цасны барс (ирвэс) гэдэг чинь тэр чигээрээ байгалийн дурсгал, үзэсгэлэн юм” гэж тэр ярина. Тэрээр Ишкашимск мужийн Шитхарв тосгоноос ирсэн мэргэжил нэгт, (тажик хэл, уран зохиолын багш) Сайфиддин Шайдоевээс өндөр уулын цасан дунд амьдардаг амьтад болоод цасны барс (ирвэс)-тэй холбоотой олон сонин түүх домог сонсож авчээ.
“Манай тэнд хүүхдүүд болон өсвөр үеийнхэнд байгаль хамгааллын тухай, бас цасны барс (ирвэс)-ийг хамгаалах тухай ойлголт мэдлэг өгөх талаар бага биш зүйл хийгддэг. Бид хүүхдүүдээс олон домог үлгэр цуглуулж авдаг. Манай нутгийн уугуул хүмүүс ирвэсийг бараг ид шидийн амьтан гэж домоглодог юм билээ. Ийм нэгэн түүх байна л даа” хэмээн тэр Памир нутгийн сонирхолтой түүхийг ярив.
“Нэгэн гөрөөчин уулын хавцал дахь нарийн жимээр явж одсон зэрлэг гөрөөсний хойноос хөөж явсаар хаашаа ч гарах аргагүй, ганц хүн л явах боломжтой хавчиг, уйтхан зөрөг рүү шургажээ. Гэтэл яг тэр хэсэг дээр нэг барс (ирвэс) гарч ирээд өмнөөс нь тулах нь тэр. Гөрөөчин ч ирвэс ч ялгаагүй, аль, аль нь тэр нарийн хавцал зөргөөс гарах юм бол уулын хавцал руу нисэх зам л хүлээж байв. Тэд өөд, өөдөөсөө ширтэлцэжээ. Гөрөөчин буугаа газар тавиад, ирвэсэнд хандан “чи ч, би ч адилхан, бид хоёулаа анчид шүү дээ. Хэн, хэндээ саад болохгүйгээр алтан дэлхий дээр мөр, мөрөө хөөж явъя л даа” хэмээн “уулын эзэн”-ээс царайчлан гуйжээ.
Тэгтэл мөнөөх ирвэс гөрөөчнийг ойлгож, хажуу тийш огло үсрэн, нэгэн хадан дээр гармагц, хадны завсар, зайгаас сарвуугаараа зууран тогтож байв гэнэ. Гөрөөчнийг өнгөрүүлэхийн тулд тэр ийнхүү зам чөлөөлж өгчээ. Түүнээс хойш хэдэн жил өнгөрөхөд энэ түүхийг мартсан бас нэгэн анчин тэр зам дээр ирвэс явахыг харангуут буугаа онилон, буудаж орхисонд ирвэс цөхрөнгүй байдлаар эхэр татан орилоод хавцал руу нисэж үхжээ. Анчин ч ирвэсийг бахархалтайгаар буудаж алав хэмээн бардамнан сайрхаад, цааш одсон бөгөөд үүнийг нь сонссон ахмад гөрөөчин түүнд “чи ч тун тусгүй юм хийж дээ. Уулын амьтантай тэр тусмаа ирвэстэй харьцахдаа байнга хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Зам дээр чинь хэрэв ирвэс таарсан бол чи зам зайлж өгөх нь зөв байсан” гэж хэлжээ. Төдөлгүй ирвэс буудаж алсан өнөөх анчин үгээгүй ядуурч, ангийн тэнгэр нь хаяснаар барахгүй, сайныг үзэлгүй байсаар насан эцэслэсэн байна. Харин тэр анчны эцэг нь энэ явдлын тухай ихэд харамсан, өөрт тохиолдсон зүйл юм шиг л хойчийн хүмүүст сургамжлан ярьсаар өнөө үед хүргэжээ. Энэ бол домог үлгэр биш өнгөрсөн зууны дөч, тавиад оны үед хөрш тосгоны маань хүмүүст тохиолдсон бодит үйл явдал” хэмээн хүүрнэв. Памирчууд муурыг гомдоохыг цээрэлдэг бөгөөд хэдийнээс түүнийг ариун амьтан гэж үзсээр иржээ. Тэрээр муур үхсэн бол “алтан хальс нь дүүрлээ” гэж хэлдэг, энэ нь амьдрах хугацаа нь хумигдаж, хязгаарлагдав гэсэн утгатай бөгөөд, үүний төлөө удаан гашууддаг заншилтай аж. Нутгийнхны дунд энэ зан үйл /харилцаа/ одоо хүртэл хадгалагдсаар байна. Урьд үеийн ийм амьд түүхүүд бүгд цасны барс (ирвэс)-ний ойр, хамт нутагладаг нутаг орны ард түмний дунд бий болж, хадгалагдан өнөөг хүрсэн ба амьтаны үхлээр баяжих сонирхол өвөрлөдөг зарим хүмүүст нэн хэрэгтэй зүйл билээ.
“Ирвэс (цасны барс) хамгаалах хөтөлбөр”-ийн (Snow Leopard Conservancy) боловсрол хариуцсан захирал Дарлы Хиллардын бодлоор цасны барсыг хамгаалахын тулд бид ардын энэ мэдлэг, ухааныг давхар хамгаалж байж үр дүнд хүрэх ёстой. Дарлы бас хэлэхдээ “энд бид бөөгийн ёстой холбоотой, ариун газар орныг сахин хамгаалах нарийн, ширийн зүйлүүдийг хөндөх боломжгүй байна. Яагаад гэвэл одоо энэ мэдлэг, ухаан нийтийн түвшинд үндсэндээ мартагдсан, маш ховор зүйл учир бөө нараас өөр мэдэх хүн бараг үгүй юм. Харин дээр яригдсан ардын мэдлэг, ухаан маань малчид, хөдөөгийн сэхээтнүүд багш нар, орон нутгийн байгаль хамгаалагчид болон байгаль хамгааллын чиглэлийн зарим мэргэжилтнүүдэд оочин цоочин дамжин уламжлагдажээ. Тэгэхээр бидэнд ардын ийм өв мэдлэгийг улам баяжуулан хадгалахад нь нутгийн уугуул иргэдэд туслах замаар хүрээлэн байгаа орчноо хамгаалах, хуучны өвийг дэлхий нийтийн түвшинд сэргээх найдвар байна гэсэн үг. Бас цасны барсууд (ирвэсүүд)-ийн гаргасан “торгоны зам“ зам бол хил хязгаар гэдэг зүйлд хамаарахгүй, хилийн шугамаар таслагдах учиргүй зам юм” хэмээн үгүүлсэн.
Семинар хэлэлцүүлгийн эцэст төв азийн орнууд дахь шинэ сонирхогч гишүүд, цасны барс (ирвэс)-ний оршин амьдардаг орон нутаг дахь олон нийт, уугуул ардуудыг татан оролцуулах замаар “газар дэлхий дээрх цасны барсыг хамгаалах” сүлжээг өргөжүүлэн, хүчжүүлэх ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэв. Орон нутаг дахь залуучууд, сургуулийн хүүхдүүд өсвөр үеийнхний экологийн мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах, нэн ялангуяа цасны барсын оршин амьдарч буй гол хэсгүүдийн дунд, буй хулгайн анчид, хууль бус ажиллагаа явуулагчдад ийм аргаар хүчтэй нөлөөлөх нь нэн шаардлагатай гэдгийг тэмдэглэв. Онцлох газар нутгуудыг төрөл бүрийн түвшинд баталгаажуулсан хамгаалалтын бүс, тойргоос гаргахгүй байх. Тэдгээр газар нутгуудыг, байгаль хамгааллын хориг, зарчимуудыг албан ёсоор сахиж мөрдөх журам үйлчилж буй, сүлжээнд хамрагдсан, хамгаалалттай газруудтай коридороор (суваг, хоолой) холбох.
Энэхүү үйл ажиллагаанд техник технологийн орчин үеийн ололт дэвшлүүдийг (фото хэрэгсэл, ведио камер, компьютерийн программууд болон бусад боломжууд) нэвтрүүлж, суурилуулах. Ардын уламжлалт мэдлэг, зан заншил, хуримтлуулсан туршлага зэрэг чухал мэдээллүүдийг хоорондоо солилцох мэдээлэл солилцооны эрчимтэй арга хэлбэрүүдийг шуурхай нэвтрүүлэх. Ховор болон ховордсон амьтад түүнчилэн бусад амьтадын нутагшил газар, эко системийн хүрээнд гарч буй хууль бус зүйлүүд, хулгайн ан агнуур зэрэг зөрчлийн мэдээллийг цаг алдалгүй мэдэж, орон нутгийн олон нийт, мэдээлэл хүргэх шаардлагатай бүсүүдэд дамжуулдаг байх бололцоог бүрдүүлэх гэсэн шийдлүүд дээр мөн санал нэгдэв.
Семинарт оролцсон бүх улс, орнууд болон бүс нутгийн төлөөлөгчид нэгэн шийдвэрийг маш хангалууг хүлээн авч дэмжсэн нь “Цасны барс олон улсын форум”-ыг ирэх наймдугаар сарын сүүлчээр Киргизстаны нийслэл Бишкек хотод зохион байгуулахаар болсон явдал байв. Уг форумыг “Цасны барсыг хамгаалах мониторингийн үйл ажиллагаанд орон нутгийн уугуул иргэд болон олон нийтийн оролцоог эрчимжүүлэх нь” сэдвийн дор зохион явуулахаар болсон юм. Түүнчилэн цасны барс болон түүний оршин амьдах эко системийг хамгаалах дэлхийчилсэн хөтөлбөрийн хүрээнд, 2020 он гэхэд үндсэн 20 эко системийг бүрдүүлж буй 12 орны нутаг дэвсгэр дээрх цасны барс (ирвэс)-ийн тоо толгойг 100-аар олшруулсан байх зорилт дэвшүүлэв.
Форум (зөвлөлдөх уулзалт)-ын хүрээнд
Талассын хөндийд болсон энэхүү семинар хэлэлцүүлэг цасны барс (ирвэс)-ийг хамгаалах тухай нарийн, түвэгтэй асуудал хэлэлцэхээс гадна өөр ч олон сонирхолтой зүйлүүдээр элбэг байв. “Алтайн тогтвортой хөгжил” сангийн дарга Чагат Алмашев намайг энэ семинарт урьсан юм. Ийм чухал бөгөөд сонирхолтой семинар, аялалд би бүүр өөрөө оролцож амжихгүй нь гэж байсныг яана гээч.
Бид Бишкек хотоос хөдөлснөөс хойш Серпантиний хөндийгөөр давхисаар, хоёр өдрийн дараа гэхэд далайн төвшнөөс дээш 3125 м өргөгдсөн Тоо Ашуугийн даваа мөн 3326 метрийн өндөрт байх Отмокийн давааг давж гарлаа. Тэгээд Таласс муж дахь Сусамырын хөндий рүү явж орчихсон юм. Зам маань Талассын Бакай-Атинскын районы Осгоруш сууринд хүрч зогсов. Тэнд бид Бай-Болын ажиллаж, амьдарч байсан “угсаатны өргөө”-нд зочлов. Семинарт оролцогсод Киргизийн үндэсний цогцолбор болох Манас ордонд байрлаж, зөвлөлдсөн бөгөөд энэ бол Киргизийн нэгдэл нягтрал, баатарлагын бэлгэдэл болсон туульсын гол баатар Манасын нэрээр нэрлэгдсэн цогцолбор билээ. Тэрчилэн “Беш таш” байгалийн паркад зочилон зургаа татуулж, «Каныкейапа»-д мөрөө үлдээгээд одсон ирвэсний мөрөөр замнаж, эрт цагт Манас баатрыг болон түүний гэргий Каныкейг эмчлэн эдгэрүүлсэн гэгдэх “Око земли” рашаан уснаа хүрч түүнээс хүртэв. Талассын хөндий ч бас ийм баатарлаг домог түүхтэй юм.
Бас нэг бахархууштай зүйл гэвэл дэлхийн дансанд алдраа дуурьсгасан, нэрт зохиолч Чингис Айтматовын мэндэлсэн Хар буурын “Кара Бууринск” районы Шекер суурин тэндээс тун холгүй бий. Надтай хамт АБНУ-ын Эдийн засаг, аялал жуулчлалын хөгжлийн сайд Светлана Владимировна Буйдышева, Соёлын яамны сайд асан Наталья Каруевна Саймина нар явсан бөгөөд тэд маань Киргизын Таласс мужийн хүндэт иргэн болсноос гадна Алтайн бүгд найрамдах улсын Алтайн их сургуульд жил бүр Киргиз улсаас оюутан элсүүлэн суралцуулах тухай гэрээнд гарын үсэг зурав. Одоогийн байдлаар шинээр элсэгчид болон суралцаж буй оюутнуудыг нийлүүлсэн тоогоор тус их сургуульд Киргизээс 300 гаруй оюутан суралцахаар болоод байгаа юм. Мөн энд алдарт “Таласс” дууг зохиогч, нэрт хөгжмийн зохиолч Шекербека Шеркуловагийн ач хүү Бакыттай уулзсан уулзалт сонирхолтой байлаа. Бакыт бол Талассын Ойн бүсийн хамгаалалтын захиргааны экологчоор ажилладаг. Тэр мэргэжлийн хөгжимчин биш боловч, Киргизын ардын хөгжим болох комуз хөгжмөөр хэнийг ч “ангайлгамаар” гайхалтай чадварлаг тоглоно. Бүх дэлхийн нүүдэлч түмний урлагийн II их наадамд мянган “комузист”-ын (комуз хөгжмөөр хөгжимдөгч хөгжимчид) хамт оролцон, «Маш ботой» хэмээх гайхамшигт аялгууг чадварлаг хөгжимдөж, олны талархал хүлээжээ.
Таласст болсон энэхүү сонирхолтой аялал, семинар хэлэлцүүлгийг зохион байгуулах ажилд «Таалим-Форум» сангийн зохион байгуулагч Алмагуль Осмоновой, “Хөдөөгийн хөгжил” сангийн тэргүүн Кулуйпе Акматовой, экологич Акылбеку Курманбаев нар голлон хүчин зүтгэсэн бөгөөд төв ази дахь “био соёл”-ыг хамгаалах чиглэлээр явагдаж буй төрөл бүрийн үйл ажмллагааг олон жилийн турш тууштай дэмжиж ирсэн “Кристенсенов сан”-гийн тэргүүн Эржен Хамаганов мөн голлон дэмжигч, зохион байгуулагч нь байсан юм.
Любовь ИВАШКИНА
Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ
.
9 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.