Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуусан Үндэсний хороо өнөөдөр хуралдаж, бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нарын танилцуулгыг сонсов.
Хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд хандан Монгол морь, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах үүрэг өгөв. Учир нь Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг. Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос өгч буй мэдээллээр, манай улсад идэвхтэй байдлаар хурдан хүлгээ сойдог 120 мянга гаруй уяач байдаг аж. Үүнээс 100 мянга орчим нь хөдөө орон нутгийн харьяалалтай, малчин уяачид байна. Харин үлдсэн 20 мянга орчим нь улс, аймаг, бүсийн чанартай томоохон баяр наадмын түрүүг авах сонирхол бүхий дарга, бизнесмен, төрийн өндөр албан тушаалтнууд байдаг бөгөөд ихэвчлэн эрлийз морьдыг сойдог гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч байв.
Тиймээс энэ байдлыг таслан зогсоох талаар Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг өгсөн юм. Тэрбээр “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь “шургуулах”-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг. Энэ асуудлыг энэ жилээс таслан зогсоомоор байна. Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрх асуудлыг хатуу анхааруулж байна. Уяачдад урьдчилж сайн анхааруулж, хэвлэл мэдээллээр сурталчилгаа хий, хүүхдийн хамгааллын хувцас, аюулгүй байдлыг хангаж ажилла, цагийн хуваарийг урьдчилж байсан танилцуул” гэв.
Түүнчлэн хуралдааны үеэр наадам зохион байгуулах салбар хорооны дарга нарыг хариуцсан ажлаа сайтар хянах, нягт зохион байгуулах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Наадмын комисс долдугаар сарын 06-ны өдөр баяр наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцах юм байна.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.