Шүүхээс Т.Даваадалайг нэг сар цагдан хорих шийдвэр гаргав

5 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокуророос гаргасныг өнөөдөр /2026.05.22/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцээд хүсэлтийг хангажээ. Ингэснээр түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьж байгаа аж.

Нийслэлийн Прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлээд байсан юм.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Т.Даваадалайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “…хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх…” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзжээ.

Сануулахад, Нийслэлийн Засаг дарга асан Т.Даваадалайг Туулын хурдны зам төсөлд хамаарал бүхий компаниа шалгаруулсан гэж яллагдагчаар татан Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.