Ардчилсан намаас өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтыг шөнийн турш хийсэн ч МАН-аас нэр дэвшигчийн санал илт давуугаар нэмэгдэж, нөгөө хоёр нэр дэвшигчийн санал удаашралтай өсч байсан нь зориуд зохион байгуулалттай энэ процессыг хийсэн байх гэж хардаж байгаагаа илэрхийллээ. Мөн Сонгуулийн ерөнхий хороог санал хураалтын эцсийн дүн болон МАХН, МАН-ын нэр дэвшигчдийн саналын зөрүүний талаар сонгогчдод үнэн зөв мэдээллийг өгч, эргэлзээг тайлахыг уриалсан юм.
АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ удаагийн сонгуульд төрийн албан хаагчийг эрхэлж байгаа ажлаар нь дарамтлах, гар утсаараа саналын хуудасныхаа зургийг авах, нэг төрийн албан хаагч таваас доошгүй хүнээр санал өгүүлэх зэрэг олон үйл явдал боллоо. Мөн сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тараасан зэрэг үйлдлүүдийг холбогдох байгууллагаас албан ёсны хариуг шаардлага тавьж ажиллана. Энэ удаагийн сонгуульд Монголын ард түмний 40 орчим хувь нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгсөн. Нийт санал өгсөн иргэддээ тусгаар тогтнол, ирээдүйнхээ сайн сайхныхаа төлөө хийсэн сонголт байсан. Маш их баярлалаа, сонгогчиддоо” гэлээ.
АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Монголоо ялуулахын төлөө бидэнтэй хамт байсан сонгогчиддоо талархал дэвшүүлж байна. Энэ удаагийн сонгууль хоёр шаттай учраас өмнө нь өгсөн саналаа бататгах, саналаа өгөөгүй сонгогчид тэнцвэргүй байгаа нөхцлийг тэнцвэржүүлэхийн тулд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг уриалж байна. Та бүхний нэг ч гэсэн санал үнэтэй шүү. Тиймээс АН-аас нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд та бүхний дэмжлэг хэрэгтэй байна. Бид Монгол төрийн тэргүүнийг сонгох чухал сонголтод хуулийн байгууллага эрх тэгш ажиллаж, хуулийн хүрээнд ажиллахыг хүсч байна.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль хүнд болсон. Миний хувьд өрсөлдөгч нараасаа 110 мянга гаруй саналаар илүү байсан ч хуулийн дагуу дахин санал хураалт явагдахаар боллоо. Сонгогчид баялаг хулгайлагчид, оффшорчдын эсрэг, Монголын төрийг худалдсан 60 тэрбумын луйврын эсрэг саналаа өгсөн гэж бодож байна. Дахин санал хураалтыг Үндэсний их баяр наадамтай хамт зохион байгуулж байгаа нь харамсалтай байна. Наадам, сонгууль хоёрыг хамтад нь хийх нь ирц хүргэхгүй гэсэн башир арга, ирц хүрлээ гэхэд өөрийнхөө хүнийг ялуулах гэсэн оролдлого гэж харж байна. АН-аас нэр дэвшигчийн миний бие олонх болсон гэдгийг зарлах таатай байна. Нийт монголчуудынхаа итгэлийг алдахгүй гэдгээ амлаж байна ” гэсэн юм. Мөн Ардчилсан намаас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан тоот хүргүүлсэн байна. Дахин санал хураах өдөрт “Сонгуулийн ерөнхий хорооноос дахин санал хураалтын товыг 2017 оны долдугаар сарын 9-ний өдөр гэж товлосон. Гэвч энэ өдөр нь орон нутагт баяр наадмын үйл ажиллагаа давхцах, иргэдийн амралтын цаг эхэлж байгаа, дахин санал авах өдөр нь амралтын өдөр таарч байгаа учраас санал хураах өдрийн өөрчлөхийг албан тоотод тусгажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.