Хорт хавдрын 90 хувь нь амьдралын хэв маяг, орчноос үүсдэг

2018-04-23 Мэдээ мэдээлэл

Хорт хавдар хүрээлэн буй орчны нөлөөнөөс үүсдэг үү эсвэл эсийн гажуудлаас бий болдог уу гэдэг асуултад анагаах ухаан нэг мөр хариу өгч чадахгүй өдий хүрсэн. Ер нь бол хоёулаа хорт хавдар үүсэх шалтгаан болдог гэдэг. Тэгвэл “Nature” сэтгүүлд гарсан шинэ судалгаагаар бол хорт хавдрын дийлэнх тохиолдол нь хүний амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс хамааралтай  болохыг тогтоожээ.
Нийт хорт хавдрын тохиолдлын 10-30 хувь нь  л эсийн мутаци буюу хүнээс өөрөөс нь үл шалтгаалдаг бол үлдсэн 90 хувь нь хорт зуршил, хүрээлэн буй орчны бохирдол, хооллолт зэрэг хүн өөрийгөө л хянаж чадвал тусахгүй байх боломжтой шалтгаанууд байжээ. Мэдээж үүнд “аз” тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг ч судлаачид үгүйсгэхгүй байна. Учир нь, насаараа тамхи татсан нэгэн огт өвчлөхгүй жамаараа хорвоогоос хальж байхад энэ муу зуршилд автаж байгаагүй хүн зөвхөн тамхичдад тохиолддог өвчин тусч байх жишээтэй. Яг ийм үед эмч мэргэжилтнүүд хорт хавдрын шалтгаан үүнээс л болсон гэж баттай тодорхойлж чаддаггүй учраас дээрх асуултад хариулж чадахгүй өдийг хүрсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө “Science” сэтгүүлд нийтэлсэн өөр нэг судалгаанд гэхэд хорт хавдрын нийт тохиолдлын 2/3 хувь нь ердөө л “азгүйтэл” буюу өвчтөнөөс үл хамаарах эсийн мутацитай холбоотой байжээ хэмээн дүгнэсэн байна.  Уг судалгааг хийсэн Стони Брүүкийн хорт хавдрын төв өвчтөнүүдийн генетикийн судалгаа, хүн амын эрүүл мэндийн мэдээлэл, компьютер загварчлал ашиглан дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Үүнийг Их Британи дахь Эмма Смитийн хорт хавдрын судалгааны төвийн судлаачид ч дэмжиж байгаа юм.  Тэдний үзэж буйгаар “Тамхи татахгүй байх, хэвийн жинтэй байх, эрүүл хооллох, согтууруулах ундааг зохистой хэрэглэх зэрэг амьдралын  зөв хэв маяг нь хорт хавдар тусахгүй гэсэн баталгаа биш. Энэ ердөө л өвчний эрсдлийг үлэмж хэмжээгээр бууруулдаг” гэнэ.
Тэгэхээр  хоорондоо хэдхэн хоногийн зайтай гарсан хоёр ч судалгааны дүн хоорондоо ийнхүү эрс зөрүүтэй гарсан байна. Гэхдээ эндээс хорт хавдар үүсэхэд амьдралын хэв маяг болоод эсийн хуваагдал хамгийн их нөлөөлдөг нь ямартай ч тодорхой болж байгаа юм.

Б.Номун

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.