Авлига, албан тушаалын 6 хэргийг шүүхэд шилжүүллээ

5 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

Прокурорын байгууллага 2025 оны гуравдугаар сарын 10-14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50153, мөрдөн байцаалтын 2892 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 63, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51, Авлига, албан тушаалын 6, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Б нь ашиг сонирхлын үүднээс бусдын орон сууцны эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

– Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн албан тушаалтан Г.О нь байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах, өөртөө давуу байдал бий болгох үүднээс худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй гэрчилгээ гаргуулан авч, бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

– Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн албан тушаалтан И.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, багш нарын ажилласан цаг дээр илүү цаг нэмж бичин, цалингаас илүү цагийн орлогыг өөрийн дансаар шилжүүлэн авсан, шилжсэн сурагчдын сургалтын төлбөрийг өөрийн дансанд шилжүүлэн авч, өөртөө давуу байдлыг бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Иргэн Ц.У нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрт холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх ашиг сонирхлын үүднээс шүүгч, шүүгчийн туслахад хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.