Сэрэмжлүүлэг: Дээрэм хийсэн бүлэг хүүхдүүдийг баривчилжээ

2025-03-7 Мэдээ, мэдээлэл


Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бусдын Samsung S-23 маркийн гар утас, 400.000 төгрөгийг дээрэмдсэн 17-18 насны эрэгтэй “А”, “Д”, “М”, эмэгтэй “А”, “Ш” нарын бүлэг этгээдүүдийг гуравдугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

Түүнчлэн иргэд оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзан, баталгаат таксигаар үйлчлүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.