ХӨСҮТ: Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн уурхайн 77 ажилтан эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна

2025-04-15 Мэдээ, мэдээлэл

 

Өмнөговь аймагт бүртгэгдэж байгаа хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлтийн цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад өнгөрөгч сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдээд байна.

Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-аад уурхайн ажилтан өртсөн ба дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.

Тус уул уурхайн компаниудад энэ сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.

Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.