Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг шинжилжээ

2025-02-17 Байгаль орчин

Баримт-Анализ

1. “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”
гээчийн нөлөө, сүүдэр

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, цуцлалт, нөөцийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчин, байгаль, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, уурхайн хайгуул олборлолтын хэрэгжилт, хариуцлага, цаашдын үр дагаврын тухайд голлох шийдвэр гаргадаг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүтэц, тогтолцоо, эрх зүйн орчин, зөрчил, үйл ажиллагааных нь бодит байдлыг мэргэжлийн эрдэмтэд, хуульчдын баг шинжлэн судлаж, тодорхой дүгнэлтийг гаргажээ. Энэ ажлыг Нээлттэй нийгэм форумаас захиалан гүйцэтгүүлсэн бөгөөд судалгааны багт Г.Сурахбаяр (хууль зүйн ухааны докторант), Г.Давааням (хууль зүйн ухааны доктор), Б.Оюунжаргал (хууль зүйн ухааны доктор), М.Дагва (хууль зүйн ухааны магистр), Ч.Болормаа (хууль зүйн ухааны магистр), Э.Халиунгоо (эрх зүйч) нар ажилласан байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуулин дахь эрдэс баялагт холбогдох зарчмууд, түүнчлэн тус салбарын “материаллаг” хуулиуд дахь техникийн шинжтэй зохицуулалтуудын бодит хэрэгжилтийг хангахтай холбоотой зохих шийдвэрийг гаргаж, ард иргэд, төрийн байгууллага, тус салбар дахь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын дунд гүүр болж ажилладаг, үндэсний онцлог шинж чанар бүхий төрийн салбар байгууллага ажээ.

Чухам тийм учраас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өөрийнх нь ил тодорхой байдал, хариуцлагын асуудал нэн чухлаар тавигдах ёстой! Энэ нь хариуцлагатай уул уурхайг хөхиүлэн дэмжих, цаашлаад эрдэс баялгийн салбарын тогтвортой, урт хугацааны хөгжлийг түүчээлэхэд голлох үүрэгтэй юм.

Судалгааны үр дүнгээс тоймлон танилцуулвал юуны өмнө “ЭБМЗ-ийн бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон, нарийвчлан зохицуулсан, хуульчилсан зохицуулалт байхгүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэмд зөвхөн бүрэлдэхүүний талаар ерөнхий тусгасан бөгөөд гишүүдийн тоо, ажиллах хугацаа, сонгон шалгаруулалт, томилгооны ил тод байдлыг тусгаагүй, мөн ЭБМЗ-ийн бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээдийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (хуучин нэрээр), Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн албаны цахим хуудсаар дамжуулан салбарын оролцогч талууд, иргэд, олон нийтэд байнга, тогтмол байдлаар мэдээлж, ил тод байдлыг хангаж буй тогтсон процедур байхгүй байгаа нь анхаарал татаж байна” гэжээ. Дээр дурдсанаас гадна ЭБМЗ-ийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн (2021) 6.1.1 дэх “эрх бүхий мэдээлэл хариуцагч” гэж үзэж болно. Иймд тус зөвлөл нь тус хуулийн 8.1-д заасны дагуу “…хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад бүх мэдээллийг ил тод, нээлттэй байлгах” үүрэгтэй.

Гэвч ЭБМЗ-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага нь тус зөвлөлийн хуралдаан, бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох, чөлөөлөх үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээд болон бусад мэдээлэл, бичиг баримтуудын ил тод байдлыг зохих ёсоор хангахгүй байгаа нь тогтоогджээ.

Аливаа байгууллага, зөвлөлийн ил тодорхой байдлын бас нэг чухал үзүүлэлт нь түүний бүрэлдэхүүний хараат бус байдал бөгөөд тэдгээр нь ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бусаар үйл ажиллагаа явуулж байгааг илтгэх мэдээлэл нийтэд нээлттэй байх хэрэгтэй. Энэ нь Үндсэн хуулин дахь эрдэс баялгийн тухай зарчмыг хангах шалгууруудын нэг юм. Гэтэл уг судалгаагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж буй албан хаагчдаас хорин хүн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний сонгуультай, арван хоёр хүн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр давхар ажилладаг, мөн нэг албан хаагч “Эрдэнэс Монгол” компанийн болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байгаа нь илэрчээ. “Тус яамны холбогдох албан тушаалтнууд нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, гишүүдээр давхар ажиллаж, УИХ-ын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолд заасан 16 орд буюу бусад ордтой холбоотой асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах, төсөв хөрөнгийг батлах, нөөцийг тогтоох, хяналт шалгалт явуулах үйл ажиллагаанд шинжээчээр томилогдох буюу ажлын хэсэгт орж ажиллахдаа цалингаас гадуур нэмэлт хөлс авдаг” гэж судлаачид танилцуулсан юм. Тиймээс төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдийг нэр дэвшигчдээс сонгон шалгаруулалгүй, шууд томилох эрх зүйн зохицуулалтыг эргэж нягтлах, “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-д авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрчлөлт оруулах, ажлын үр дүнг тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судалгааны дүгнэлт, зөвлөмжинд онцлосон байна.

Хууль журмын дагуу бол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь Авлигын эсрэг хуулийн хүрээнд төсвийн орлого, зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх, гаргасан шийдвэрээ иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй байлгах үүрэг хүлээдэг. Гэтэл удирдлага, бүрэлдэхүүн, салбар зөвлөл, шинжээчийн мэдээлэл олон нийтэд ил тод бус байгаа нь зөвлөл үйл ажиллагаагаа хараат бусаар явуулж буй эсэхэд тавих олон нийтийн хяналтад хаалт тавьсан хэрэг болж байгаа юм.

2. Ил, тодорхой байдал, хариуцлагын бодит дүр зураг

ЭБМЗ нь дарга, орлогч дарга, салбар хуралдааны дарга, нарийн бичгийн дарга гишүүдээс бүрдэх бөгөөд эрдэс баялгийн асуудал эрхэлсэн сайд тус бүрэлдэхүүнийг томилохоор дүрэмд заасан. Ийнхүү томилохдоо гишүүдэд тухайн чиглэлээр (эрдэс баялгийн салбарын) 10-аас доошгүй жилийн туршлагатай, түүгээрээ мэргэшсэн байх бөгөөд тал хувь нь ТББ-ын төлөөлөл, тодорхой хэсэг нь төрийн албан хаагч байх шаардлагыг тусгажээ. Үүнээс үзвэл эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд төрийн болон төрийн бус институтийн оролцоог тэгш хангахыг зорьсон нь харагдаж байна. Гэвч ЭБМЗ, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны цахим хуудаст дүн шинжилгээ хийж үзэхэд тус зөвлөлийн бүрэлдэхүүний талаар мэдээлэл байхгүй байгаа ажээ. Үндэсний геологийн албаны цахим хуудаст Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн А/93 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар хуралдааны бүрэлдэхүүн”-ийг баталсан тушаалын хуулбарыг 2022 онд 1 удаа нийтэлснээс бусдаар салбар хуралдаан, тэдгээрийн бүрэлдэхүүний талаар мэдээлэл олон нийтэд огт мэдээлээгүй ажээ.

Тэрчлэн Монгол Улсын хувьд төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын цахим хуудаст тухай бүр мэдээлдэг жаяг тогтсон хэдий ч ЭБМЗ-ийн дарга болон бусад гишүүд, шинжээчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тухайлсан мэдээлэл нийтэд ил тод бус байна.

Манай улсын хувьд иргэний мэдээлэл авах эрхийг Үндсэн хуулиндаа баталгаажуулж өгсөн бөгөөд мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан материаллаг хууль болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ч мөн хүчин төгөлдөр үйлчилж байна. Түүнчлэн Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, ЭБМЗ-ийн дүрэм зэргээс үзвэл олон нийтэд мэдээлэл хүргэх талаар зохицуулалтууд туссан учир мэдээллийн хүртээмжийн суурь эрх зүйн шаардлагууд хангагдсан гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан бөгөөд мөн хуулийн Зургадугаар зүйлд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” хэмээн эрдэс баялгийн салбарын холбогдох зарчмыг шинэтгэн нэмж тодорхойлсон. Газрын хэвлийн тухай Монгол Улсын хууль (1988) нь “өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино” гэж газрын хэвлийн баялгийн ашиглалтын үед “ард иргэд, салбарын оролцогч талуудын ашиг сонирхлыг” ямагт дээдлэх хавсарга зарчмыг мөн хуульчилжээ. ЭБМЗ нь Ашигт малтмалын тухай хууль (2006 он)-ийн 10.1.9-д зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгуулагдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ашигт малтмал газрын тосны газар”-ын дор харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг. Иймд яамд, засгийн газрын агентлагийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тус зөвлөл үйл ажиллагаандаа баримтлах учиртай. Яамны эрх зүйн байдлын тухай (2004) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Яам нь … ил тод нээлттэй байх, … зарчмыг баримтлан ажиллана”; Агентлагийн эрх зүйн байдлын тухай (2004) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Агентлаг нь үйл ажиллагаандаа… хүртээмжтэй, ил тод, мэргэшсэн байх, …. зарчмыг баримтлан ажиллана” хэмээн заасан нь ЭБМЗ-ийн үйл ажиллагаанд ч мөн хамааралтай юм.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн (2021) 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана” гэсэн байдаг. Түүнчлэн салбарын гол хууль болон Ашигт Малтмалын тухай хуулийн 11.1.22-т “Төрийн захиргааны байгууллага нь сонирхсон этгээдэд тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй танилцах бололцоо олгох, эдгээр бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар зохих байгууллагад мэдэгдэж нийтэд мэдээлэх чиг үүрэгтэй” талаар заасан байна. Ашигт малтмалын салбарын төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмал газрын тосны газар бөгөөд АМтХ-ийн дагуу өөрийн харьяанд ажиллаж буй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хувьд төсөл хэрэгжүүлэгчийн зураг зүйн бүртгэлийн талаар нийтэд мэдээлэх үүргийг хүлээхээр хуульд заажээ.
Тийнхүү хуульчлан зохицуулснаас гадна эрх зүйн бусад баримт бичгүүдэд ч тус зөвлөлийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахыг шаардсан зохицуулалтууд бий. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-д (2022) зааснаар “Мэдээллийг тухай бүр шинэчлэн, мэдээлэл хариуцагч нь нээлттэй мэдээллийг цахим хуудсанд байршуулж нийтлэх, шинэчлэхтэй холбогдох үүргийг эрх бүхий ажилтны албан тушаалын, эсхүл ажлын байрны тодорхойлолтод тусгах үүрэгтэй”. Үүнээс үзвэл хэдийгээр ЭБМЗ-ийн үйл ажиллагааны үндсэн дүрэмд үйл ажиллагаандаа ил тод зарчмыг баримтлах талаар үгчлэн тусгаагүй ч Үндсэн хууль, материаллаг хуулиуд, захиргааны хэм хэмжээний актуудад зааснаар бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээдийн талаар олон нийтэд ил тод байдлыг ханган ажиллах хууль зүйн шаардлагууд хүчин төгөлдөр үйлчилж байна.

Эдгээрээс гадна ЭБМЗ-ийн ил тод байдлыг “Эрдэс баялгийн салбарын олон улсын стандарт”-аар үнэлсэн нь энэхүү судалгааны нэгэн шинэлэг тал болжээ. Байгалийн нөөцийн засаглалын институтээс эрдэс баялгийн салбарын ил тод байдлын шалгуурыг тодорхойлсон ба үүнд: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Нээлттэй засаглалын түншлэл, Байгалийн баялгийн тунхаг, Нягтлан бодох бүртгэл, хөтлөлтийн ил тод байдал зэрэг стандартууд багтаж буй юм. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга болон Нягтлан бодох бүртгэл, хөтлөлтийн ил тод байдлын стандарт нь түлхүү эрдэс баялгийн салбарын олборлолт, түүний орлого зарлагын хэмжээ, хөтлөлтийг ил тод байлгахыг шаарддаг стандартууд бол Нээлттэй засаглалын түншлэл нь төрийн байгууллагуудын засаглалыг бэхжүүлэхийн тулд ил тод байдлыг дэмжих, иргэдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг төлөвшүүлэх зорилготой.

Монгол Улс Нээлттэй Засаглалын түншлэлийн Үндэсний IV ба V төлөвлөгөөний хүрээнд эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг тусгайлан хуульчлах үүрэг амлалт авсан байдаг. Харин Байгалийн баялгийн тунхаг нь засгийн газрууд, олон улсын хамтын нийгэмлэгт нөөц баялгийг хэрхэн оновчтой удирдах талаар чиглэл өгдөг бодлогын хувилбарууд, практик зөвлөгөөг багтаасан зарчмуудын цогц юм.

Энэхүү дүрэм, стандартын үүднээс эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг үнэлж үзэхэд:

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хувьд үйл ажиллагааны дүрмэндээ олон нийтэд ил тод мэдээлэл хүргэх зорилго бүхий цахим хуудсыг ажиллуулахаар заасан хэдий ч тус цахим хуудаст ЭБМЗ-ийн төсвийн зарцуулалтын тайлан болон аудитын тайлангийн талаар мэдээлэл огт байхгүй;

-“ЭБМЗ-ийн хуралдаануудын талаар цахимаар мэдээлж буй байдлыг авч үзвэл тогтсон нэг цахим хуудсаар мэдээлэл хүргэдэггүй буюу Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн цахим хуудасны аль нэгээр нь хааяа л мэдээлэл тавьдаг. Салбар хуралдааны бүрэлдэхүүн, шинжээч, тэдгээрийн хараат бус байдал, мэргэжил, мэргэшлийн талаар ямар нэг мэдээлэл байхгүй;

-Төсвийн болон албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн ил тод байдлын шалгууруудыг хангаагүй гэсэн дутагдлууд илэрчээ.

Ийнхүү судлан тогтоосны үндсэн дээр судалгааны баг энэхүү салбар байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааны дүгнэлт зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлсэн бөгөөд уг дүгнэлт зөвлөмжийг доор толилуулж байна.

3. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ

ЭБМЗ нь эрдэс баялгийн салбарын голлох үүрэг бүхий төрийн институтийн нэг болох нь зөвлөлийн шийдвэрийн чиг үүрэг, шийдвэр гаргалтад эзлэх байр сууриас харагдаж байна. Харин тус зөвлөлийн үйл ажиллагаа, бүрэлдэхүүн, түүний хамаарал бүхий этгээд, томилгооны нөхцөл байдлыг олон улсын стандарт болон дотоодын эрх зүйн зохицуулалттай уялдуулан судалж үзээд, ЭБМЗ-ийн үйл ажиллагаа (бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээд)-ны ил тод байдлыг сайжруулах үүднээс дараах саналуудыг дэвшүүлж байна.

Үүнд:

1. Эрх зүйн зохицуулалтын хүрээнд:
1. Салбарын материаллаг голлох хуулиудад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн чиг үүргийг тодорхой тусгахын зэрэгцээ үйл ажиллагаандаа баримтлах зарчмууд, тэр дундаа ил тод байх зарчим, түүний хэрэгжилтийг хангах механизмыг нарийвчлан тусгах;
2. ЭБМЗ-ийн бүрэлдэхүүн буюу гишүүдийг тоо, томилогдох хугацааг тус зөвлөлийн дүрэмд нарийвчлан тусгах;
3. ЭБМЗ-ийн дүрэм болон ТЭЗҮ хүлээн авах журамд шинжээчид тавигдах шаардлагыг хоёр өөр байдлаар зохицуулсныг нэгдмэл болгож, шинжээчийн мэргэжил, мэргэшил, ашиг сонирхлын зөрчилгүй байдлыг олон нийтэд илт тод байлгах суурь зохицуулалтыг ЭБМЗ-ийн дүрэмд тусгах;

2. Мэдээллийн ил тод байдлыг хангах тухайд:

1. ЭБМЗ-ийн бүрэлдэхүүний мэдээллийг олон нийтэд ил тод болгох: ЭБМЗ -ийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албан ёсны цахим хуудаст байршуулж, бүрэлдэхүүний гишүүн бусад удирдлагын ажлын туршлага (мэргэшил болон өмнөх ажлын туршлага, эрдэс баялгийн салбар дахь хувь эзэмшлийн мэдээллийг мөн нийтлэх нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлнэ), болон аль салбар зөвлөлийн хуралдааны гишүүн болохыг тусгах;
2. Мэргэжлийн зөвлөл хүсэлтийг хэзээ хүлээн авсан, тэрчлэн хурлын тов болон хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тухай бүр мэдээлэх. Ийнхүү мэдээлэхдээ өөр, өөр байгууллагын цахим хуудаст бүрэн бус мэдээлэл нийтэлж буй жишгийг халж, тус зөвлөлийн цахим хуудсанд нэг дор мэдээллийг төвлөрүүлэх нь олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангах бодит хэлбэр болно
3. Шинжээчийн мэдээлэл, ялангуяа томилгооны мэдээллийг ил тод болгох нь олон нийтийн хяналтыг бий болгож, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, олон нийтээс түүнд тавих хяналтыг сайжруулах ач холбогдолтой. Түүнчлэн шинжээчийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хувийн харилцаа, ашиг сонирхлын зөрчил бий эсэх, хамаарал бүхий этгээдийн харилцаа байхгүй талаар мэдэгдэл гаргах хэрэгтэй. Энэ нь нэгэнт шинжээчийн нэр олон нийтэд ил тод болсноос гадна хурлаар хэлэлцэж буй төсөл хэрэгжүүлэгчийн хооронд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүйг илтгэнэ;
4. ЭБМЗ нь төрийн албаны нэгэн салбар тул төсөв, санхүүгийн ил тод байдлыг мөн хангах шаардлагатай. Иймд үйл ажиллагааны төсөв, зарцуулалтын мэдээллийг нийтлэхээс гадна, гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах шаардлагыг хуульчлах нь зүйтэй” гэжээ.

Бэлтгэсэн Г.Төрмөнх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.