Цагаан сар ба ИНФЛЯЦ

2025-02-14 Uncategorized

Цагаан сар ба ИНФЛЯЦ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн талаар ҮСХ өчигдөр танилцуулав. Мөн хугацаанд Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 23.3 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 11.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 10.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.7 хувиар, барааны бүлгийн үнэ 7.5 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өсжээ. Инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (30.6%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 нэгж хувиар (53.2%) тус тус нөлөөлсөн байна.

Инфляц 9.6 хувьд хүрч, хоёр оронтой тоонд дөхлөө. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Хэдийгээр төв банк инфляцыг 6 хүртэлх хувьд хүргэнэ гэх зорилт тавьсан ч энэ амаргүй даваа. Учир нь бараа бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж, үнийг “өрддөг” нэг томоохон хүчин зүйл бол Цагаан сарын баяр. Энэ баярыг монгол хүн бүхэн шаггүй мөнгө зарцуулж тэмдэглэдэг бөгөөд энэ нь үнийн өсөлтийг өдөөдөг нь бичигдээгүй хууль юм.

Энэ зүй тогтлыг нотлохын тулд, нэг долоо хоногийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хэрхэн хэлбэлзсэнийг харцгаая. Цагаан сарын өмнө эрэлт нь нэмэгдэж, үнэ нь гаардаг бүтээгдэхүүний нэг бол мах. 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16523 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19598 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос өссөн дүн болохыг ҮСХ-ны долоо хоногийн үнийн танилцуулгаас харж болохоор байна. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар, үхрийн цул махны үнэ 1.6 хувиар тус, тус нэмэгдсэн байна.

Үнэ гаарч, өр зузаарна

Цагаан сараар нэмэгддэг өөр нэг зүйл нь үнийн өсөлтөөс гадна өр, зээл байдаг. Иргэд баяраа тэмдэглэхийн тулд хэрэглээний зээл их хэмжээгээр авах нь элбэг. Монголбанкны тоо баримтаас харахад жилийн энэ үед монголчуудын зээлийн хэмжээ болон зээл авсан иргэдийн тоо нэмэгддэг байна. Жил бүрийн 1-2 сар, 5-6 сар, 8-9 сард зээлийн хэмжээ мэдэгдэхүйц өсдөг байна. Үүнийг буруутгахад бэрх. Худалдаа эрхлэгчдийн хэлсэн өндөр үнийг хүчрэх өөр сонголт нь ховор. ҮСХ-ны тооцоолсноор цагаан сараар 1.2 их наяд төгрөг зах зээлд эргэлддэг бөгөөд үүнийг тодорхой хувийг хэрэглээний зээл бүрдүүлдэг аж.

Нийтлэлийн энэ хэсэгт нэг өрх сар шинийн баяраар дунджаар хэдэн төгрөг зарцуулахаар байгааг тооцоолж үзье. Баярын ширээний гол зоог болох хонины ууц 300-600 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Харин хэвийн боов нэг ширхэг нь 3800-7500 төгрөгийн үнэтэй байгаа бол ааруул кг нь 28 мянгаас 38 мянган төгрөг.  Нийтлэлийн энэ хэсэгт нэг өрх сар шинийн баяраар дунджаар хэдэн төгрөг зарцуулахаар байгааг тооцоолж үзье.

Хархорин захад хонины ууц 300-600 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Харин хэвийн боов нэг ширхэг нь 3800-7500 төгрөгийн үнэтэй байгаа бол ааруул кг нь 28 мянгаас 38 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр сар шинийн баярын ширээн дээр тавих тавгийн идээ, ууц шүүсний өртөг л 1 сая төгрөгт дөхөхөөр байна. Үүн дээр бэлэг сэлт, золголтын мөнгө, орсон гийчдийн хоол зэрэг зардлыг нэмбэл 2-3 сая төгрөгт дүйнэ. Баярын хувцас, гоёл чимэглэл гээд тооцоолбол бүр ч их дүн гарна.

Цагаан сарын дараа үнэ өссөн, өр зээл зузаарсан, гадагш нь багагүй валют урсгасан гээд эдийн засгийн тааруухан дүр зураг харагддаг. Баярын уур амьсгалаас ангижирч, урьдын амьдралын хэв маяг руу шилжмэгц үнийн өсөлт, өрийн дарамттай нүүр тулна. Зээлийг бол авснаас хойш төлөх нь дамжиггүй. Харин өнөөх үнийн өсөлтийг аргамжих боломж үгүй. Баярын давлагаагаар өссөн үнэ буцаж бууна гэсэн ойлголт манайд бараг л байдаггүй нь халтай. Тиймээс тус баярыг нүсэр бус уламжлалаа хадгалсан, өв түүхээ тээсэн хэв маягаар нь тэмдэглэж, өрхийн төдийгүй улсынхаа эдийн засгийг хамгаалах нь зүй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.