ЖИНХЭНЭ ТҮҮХ

2019-10-31 Энтертайнмент

Бодит амьдралаас сэдэвлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 2013 оны гуравдугаар сарын нэгэн өглөөний 07:00 цаг. Олны нэрлэдэгээр “Чингэлтэйн эцэс” буюу Зүрх уулын энгэрээс жаал хүү дагуулсан нэгэн бүсгүй “Долоон буудал” руу зам даган алхана. Өөрийнх нь эрхэлдэг “ажил”-д тогтсон цаг хугацаа байхгүй ч эртхэн амжуулж, гэртээ эрт харих зорилгоор ийнхүү өглөө эртлэн гарах ажээ. Хүү “Хүрэлээ ах согтохоороо ядаргаатай юм аа. Гэртэй байсан бол тийм ээ. Ээж ээ” гэхэд бүсгүй “Тэгж байгаад өөрсдийн орон гэртэй болно доо, хүү минь” гэж хүүгээ тайвшируулна.

ТҮМЭННАСТЫН ТУХАЙ

Энэ хүнийг Ядамждоржийн Түмэннаст гэдэг. 34 настай. Саяхан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэнээр бүртгүүлсэн, дөрвөн хүүхэдтэй, нийслэл УБ хотын 25 мянган өрх толгойлсон эхийн нэг. Том хүү найман настай Т.Билгүүнсайхантайгаа Туулын хөвөө орж хог түүхээр явж байгаа нь энэ. Тэрээр Хөвсгөл аймгийн Хатгал сумд онд төржээ. Мэдээ орох үед нь лав түүнд аав байсангүй. Ээж нь зургаан настай байхад нь өөд болж, эмээ нь 1999 оны тавдугаар сард бурханы оронд заларч 20 настай бүсгүй энэ орчлон дээр цор ганцаараа үлдсэн аж. Эмээгийнх нь үлдээсэн цөөн тооны хэдэн малаас өөр түүнд юу ч байсангүй. Бүр Монгол Улсын иргэн гэдгийг нь батлах баримт бичиггүй өнчин үлджээ. Өдгөө тэр Чингэлтэй дүүрэгт 17 хорооны иргэн Д.Хүрэлбаатарынд дөрвөн хүүхэдтэйгээ амьдарч байна.

АМЬДРАЛЫН ЭЭДРЭЭ БА ХЭРГИЙН ЭЗЭД

“Зөвхөн нийслэлд гэхэд 26.7 мянган эмэгтэй байх жишээтэй. Тэдний дийлэнх нь 3, 4 хүүхэдтэй аж. Амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар байхгүйгээс 80 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, боломжийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй бараг л байхгүй байгаа юм. Тэд айлын хаяа бараадаж, орцны жижүүр хийж, зарим нь траншейгаар үр хүүхдээ дагуулан амьдарч, хог ухан, хоног өдрийг аргацааж байна”.

Ингээд бодохоор Түмэннастын амьдрал Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралын ерөнхий дүр зураг болж болохоор ажээ. Түүний одоогийн амьдрал яг “Хорьж болдоггүй хорин настай” байсан энэ бүсгүй эмээгээ нутаглуулчихаад Хатгалаас Мөрөн рүү “УАЗ 469”- өөр, Мөрөнгөөс Улаанбаатар руу “Аавын цээж” хөлөглөн хотын баруун хэсэгт орших “Драгон” авто вокзал дээр бууснаас эхэлсэн юм. Энэ бол 1999 оны есөн сар байлаа. Хэдэн малаасаа өөр юмтай харьцаж үзээгүй шахам түүний ганц найдвар нь гуравдугаар анги хүртлээ хамт сурсан, нэг нутаг усны найз Н.Цолмонтуяагийнх нь “Хот ороод яриарай” гээд өгсөн утасны дугаар. Гэнэн залуухан насандаа юм бүхнийг сайн сайхан, болж бүтнэ гэж боддог байсан үе. “Цагаан утас” цохивол найзыгаа ирсэнийг дуулсан Цолмонтуяа бөөн баяр болон ирж аваад хамтдаа ахынд нь очиж тэнд амьдрах болов. Их хотын шинэхэн иргэн маань “Марс” худалдааны төвийн цайны газарт угаагчаар ажилд орж, найз нь хичээлдээ явна. Эхэндээ шинэхэн, сонихон орчинд сайхан л байлаа. Гэвч найзынх нь ахынх тийм ч боломжтой айл байсангүй. Хоёрын хоёр хүнийг тэжээхдээ тийм ч таатай бус байгаагаа илэрхийлсэн юм. Үүнийг сонссон хоёр охин хөлсний байранд амьдрах болсон ч дараа сарынхаа мөнгийг төлж чадалгүй хөөгджээ.

Аргагүй эрхэнд хоёр найзын зам салж, Цолмонтуяа сургуулийнхаа дотуур байранд орж, Түмэннаст маань өөрийнхөө замыг хөөсөн байна. Өөрийн гэсэн орон гэргүй учраас гэрийн үйлчлэгчийн ажил хийх болжээ. Хэд хэдэн айлаар дамжиж бас ч гэж энэ ажилдаа дадаж цөөнгүй жилийг үдэв. “Энэ үед ч болж байсан юм шүү” гэж тэр дурсана. Хамгийн сүүлд гуравдугаар хороололд байдаг нэгэн айлд ажиллаж байгаад хүүхэдтэй болсон учир цаашид энэ ажлаа хийх боломжгүй болов. Том хүүхдийнх нь аав ямар хүн байдаг тухай би зориглон асуухад тэр энэ тухай ярихаас илт дургүйцлээ. Гэрийн үйлчлэгч хийх боломжгүй болсноор үйлдвэр комбинатад байрлах нэгэн оёдлын цехэд ажилд орж ажилчдын байранд нь амьдрах болсон ба өдгөө амьдарч байгаа айлынх нь гэрийн эзэгтэй болох Эрдэнэжаргалтай танилцжээ. Жил хэртэй ажилсаны дараа Эрдэнэжаргалын бие нь өвдөж ажлаасаа гарсан байна. Насаа эгч ч тэнд удаан ажилласангүй. Алтансүх гэх залуутай танилцаж нэгдүгээр хорооллын арын дэнжид өрх тусгаарлан амьдрах болсноор хоёр дахь хүүхэд нь мэндэлсэн аж. Хоёулаа ойр зуурын ажил хийж айлын даатай айл болж байлаа.

Ингээд нэг айл шиг амьдарч эхлэх нь үү дээ гэтэл түүний санаснаар бас л болсонгүй. Хувь тавьлан дахин нэг хатуурхаж эр нөхөр нь хүний гарт амь үрэгджээ. “Жаахан архи балгадаг болохоос надад их хайртай сайн хүн байсан. Би эцэг эх хоёрт нь л гомддог. Хоёр хүүхдэд нь гэрийг үлдээчихээгүй л юм даа. Ямар би аваад үрчих гэсэн биш” хэмээн гомдлыг нулимс дуслуулан энэ тухайгаа Насаа эгч дурсаж сууна. Алтансүх гуайг тэнгэрт халихад нь ганц охин Жамъянмядаг нь гэдсэнд байжээ. Ийнхүү гудамжинд гарсан бүсгүй Хархорин захын ойролцоо хог түүж яваад азаар оёдлын цехэд танилцсан Эрдэнэжаргалтай тааран уулзаж амьдралаа ярьсанаар Хүрэлбаатарын гэдэг айлыг бараадах болжээ.

ДЭМ ДЭМЭНДЭЭ…

Чингэлтэй дүүргийн 17 хорооны 13 хэсгийн ахлагч Л.Баясгалан өөрийн төрсөн дүүгийнх болох Эрдэнэжаргалынхаараа орвол хоёр жаахан хүүтэй жирэмсэн хүүхэн ирчихсэн байж. Энэ бол 2009 оны есөн сар буюу хотод орж ирсэнээс хойш 10 жилийн дараах үйл явдал. Учрыг нь дүүгээсээ сонсоод “Эгч нь дүүдээ гэр олж өгнө” гээд гарчээ. Баясгалан өөрийнх нь хариуцдаг хэсгийн айл болох Л.Тамжид, Г.Нэргүй гэдэг хоёр хөгшний үүдний амбаарт нэг гэр хураалттай байдгийг юу эс андах билээ. Тэдний шууд явж ороод “Гэрийг чинь түрээслэе” гэтэл “Тийм ядарсан амьтдаас түрээс гээд яах вэ. Гэр түймэрдэж, бороо цасанд илжилчихгүй, аваачаад зарчихгүй бол хамаа алга” гээд жижиг дөрвөн ханатай гэрээ өгсөн байна.

Ингээд энэ хорвоод сайн хүмүүстэй учирсны ачаар өөрийн гэсэн орох оронтой болжээ. “Манайх чинь тов хийсэн айл байлаа. Өөрийн гэсэн юмтай байх чинь шал ондоо. Хэдийгээр энэ хүмүүс сайн хүн боловч дөрвийн дөрвөн хүүхэдтэйгээ айлд байна гэдэг амаргүй шүү,” гэхэд сэтгүүлч миний бие гэртээ дөрвөн хүүхэдтэй хүн авчирсны зовлонг л бага сага төсөөлөхөөс биш дөрвөн хүүхэдтэйгээ айлд байхын зовлонг төсөөлж чадахгүй байлаа.

Гэтэл өнгөрсөн намар хоёр хөгшинд гэр нь яалт ч үгүй хэрэг болж “Уучлаарай охин минь. Энэ олон хүүхдийн заяа чамайг түших байлгүй дээ” хэмээн ерөөгөөд гэрээ аваад явжээ. “Аргагүй хүний хайлангууд тулдаа л биднийг байлгаж байна” гэж Насаа эгч одоогийнхоо амьдарч байгаа айлыг дүгнэнэ. Тэр тавийн амьдарч байгаа айл болох Д.Хүрэлбаатарынх бас дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь есдүгээр анги, бага нь нэг ойтой. Гэрийн эзэн хамгаалалтын албанд ажиллаж, сардаа 300 мянган төгрөгний цалин авна. Дээрээс нь дөрвөн хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй айл. Гэрийн эзэгтэй бөөрний усжилттай учраас ажил хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл нэг хүний цалингаар 10 хүн амь зууж байгаа юм. “Манай хүргэн жаахан балгачихаараа энэ хэдийг минь загнана. Би энэ хэдийгээ өмөөрөөд ‘Ядарсан хүнд туслахад яачихаад байгаа юм’ гээд л үзэж өгнө” гэж хэсгийн ахлагч Баясгалангийн ярихын сонсоод би “Өөрийнхөө амьдралыг яая гэж байгаа хүн өрөөлийн таван хүнтэй хамт байна гэдэг амаргүй. Хэнээс ч гарах л авир. Харин ч сайн хүн юм даа” гэж бодож суулаа.

“АЖИЛ?” ХИЙВЭЛ АМ ТОСДОНО

Харин Түмэннаст эгч Туулын хөвөөний барилгын хог дээрээс хүнд хэрэгтэй бүхнийг түүнэ. Ойрноос том хүү нь хамт явах болжээ. “Би тэнд удаж байна. Архи тамхи хэрэглэдэггүй болохоор намайг хүмүүс их хүндэлдэг” гэв. Харин хүү нь “Бид хоёрт хүмүүс их тусалдаг. Тийм ээ, ээжээ” гэсэн юм. Чингэлтэй эцсээс долоон буудал руу гурав дөрвөн километр алхаад “Үйлдвэр долоон буудал” юм уу, Саппоро орох унаанд сууна. Саппоро дээр буугаад Гурвалжингийн гүүр давж алхаад Туулын бургас ордог аж. Ингэж явахдаа Яармагаас мал хариулж Туул гол руу гарч ирдэг залуутай танилцаж бага хүү нь төрсөн юм билээ. Дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд өдөржин цуглуулсан хог гурав, дөрвөн мянган төгрөг л болно. Хэд хоног цуглуулж байгаад өгвөл 10 мянга орчим болдог. Энэ үед Түмэннаст бөөн баяр харьдаг.

Мөн хорооноос зохион байгуулж байгаа хог цэвэлэх мэтийн ажилд оролцоно. “Ажилд сайн, архи тамхи гэж дампуурдаггүй болохоор хүмүүс ойр зуурын ажлаа хийлгэх дуртай. Хөдөө өссөн болохоор эмэгтэй гэж ажлаас төвөгшөөхгүй хар ажил байсан ч хийнэ. Урин цагт жорлонгийн нүх хүртэл ухдаг хүн” хэмээн Баясгалан түүний тухай яриа дэлгэв. “Ямар ч бичиг баримтгүй учраас нийгмийн халамжаас юу ч олддогүй юм. Заавал тийм хүнд өгсөн гэдгийг нотлох бичиг баримт хэрэгтэй байдаг байхгүй юу” гэж хэсгийн ахлагч Баясгалан учирлана. Тэдний бичиг баримттай болгохын тулд Баясгалан өөрөөсөө мөнгө гаргаж хөөцөлдсөн байна. “Баясаа эгч минь бас өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр нь өөд болоход бага охин нь 32 хоногтой үлдэж байсан юм гэнэ лээ. Бидний төлөө өөрөөсөө илүүчлээд их явж байгаа хүний хайлан даа” гэж Түмэннаст эгчийн ярьсныг тодруулбал 2006 онд нөхөр нь өөд болж том нь оюутан, бага нь дөнгөж төрсөн, дөрвөн хүүхэдтэй хоцорч байжээ. “Хоёр оюутантай ч гэсэн өөрөөсөө илүүчлээд бичиг баримтжуулахад гарч байгаа зарлыг аргалаж л байна. Эдний хүүхдүүд том болоод буцааж төлнө гэж ярьдаг хүмүүс дээ” гэв. Бичиг баримтжуулахын тулд эхлээд шүүхийн тогтоол гаргахад 72 мянга, нас тогтоох шүүх эмнэлэгийг шинэжилгээнд 160 орчим мянга. Энэ мөнгийг Баясгалан эгч бага охиныхоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зээлийг аваад гаргаж байжээ. Арай гэж нас тогтоолгоод хурууны хээгээ өгөх гэтэл хурууны хээ авахыг түр завсарлах үетэй таарсан байна. Тиймээс саяхан буюу хоёрдугаар сарын 22-нд хурууны хээгээ өгч иргэний үнэмлэхээ захиалжээ. Одоо дөрвөн хүүхдийнх нь төрсний гэрчилгээг авахад 100 орчим мянган төгрөг хэрэгтэй.

ШИНЭ МӨРӨӨДЛИЙН ҮР

“Бээлий шиг жоохон юмнууд байсныг бодвол миний хүүхдүүд чинь том болоод байгаа юм. Том маань ажилд их нэмэртэй” гэв. Түүний том хүүг Т.Билгүүнсайхан гэдэг найман настай тоо тоолж чадна. Харин бичиг үсэг мэдэхгүй. Ирээдүйд компаний захирал болно гэж ярих. Удаах хүүг нь Т.Лхагва-Эрдэнэ. Зургаан настай “Сургуульд л явмаар байна. Тэгвэл онц сураад том болоод менежер болно” гэлээ. Ахынхаа компанид менежер хийж, ажлыг нь нугалдаг болох юм байлгүй дээ. Энэ айлын ганц гүнж нь дөрвөн настай Т.Жамъянмядаг. Би том болоод “Машин засдаг хүн болно” гэж ярих бөгөөд тоглоомон улаан машинаасаа огт салахгүй. Олон эрэгтэй хүүхэдтэй өссөний л үр дүн байх даа. Бага хүү нь хоёр настай. Нэр нь Т.Мөнхсайхан. Энэ хүү сэтэрхий уруултай төржээ. Одоохондоо хэлд ороогүй учраас угжаа л нэхэж орилно. Бага байгаа дээр нь эмчлүүлэх гэж хөөцөлдсөн ч бичиг баримтгүй учраас боломжгүй гэсэн хариуг Эх нялхасынхан өгсөн байна. “Мөнгөтэй бол хувийн эмнэлэг бичиг баримт гэлгүй оёдол хийгээд өгөх байлгүй” гэж хэсгийн ахлагч ярьна. Хүүхдүүдээ насаа эгч өөрийнхөө нэрээр овогложээ. “Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг сонсохоор сайхан байдаг юм. Ах нь авто засварын компани байгуулж манай охин ажиллах байх.

Харин дунд хүү маань менежерийг хийнэ. Бичиг баримттай болохоор нь бүгдийг нь сургууль бараадуулна. Дахиад дөрвөн Түмэннастыг бэлдмээргүй байна” гэсэн юм. Тийм ээ. Амьдралын хатуу хөтүүд нухлуулсан энэ хүүхдүүд ирээдүйд том компани байгуулахыг хэн үгүйсгэх билээ. Бүтэн өдрийг тэдэнтэй өнгөрүүлээд буцахдаа “Танд одоо нөхөртэй болох бодол байдаг уу” гэж асуулаа. Насаа эгч “Над шиг ийм олуулаа хүнтэй хэн суух вэ дээ. Тэгээд ч одоо хүнд итгэж чадахгүй байх. Сууна, хамт амьдарна гэхээр нь Мөнхөөд итгэсэн юм. (Мөнх-Эрдэнэ буюу бага хүүгийнх аав) Уг нь түшигтэй сайн хүн юм болов уу гэж бодсон… ” гэсээр намайг үдлээ. Салахдаа “Хүүхдүүдийн чинь гэгээн мөрөөдлүүд таныг тэтгэг” гэж ерөөлөө. “Ундааны саваа хоёр гурав өдөр цуглуулахаар овоо юм болдог. Түүнийгээ Туулын хөвөөнөөс үүрээд Хархорин зах орох л хэцүү байдаг юм. Муу Алтаагаа амьд байхад Хархориноос нэг шуудай гурил үрүүлчихээд дагаад бөөн баяр явж байсан минь хаяа санаанд орж, тэр минь амьд байсан бол гэж бодогдог юм шүү” гэж ярьсан энэ бүсгүйд түшиг болох хүн таарвал аштай юу. Би тэднийхээс гараад “Гийгүүлсэн юмгүй нэг өдрийнх нь ажлыг алдууллаа даа” гэж бодсоор түүний өглөө бүр хүүгээ дагуулаад явдаг замаар “Долоон буудал” руу алхлаа… Хэнд ч гэсэн “Энэ л зам”-аар алхах хувь тохиож мэдэх юм шүү.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.