“МИАТ” компани БНСУ-ын Бусан хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ

2017-06-22 Мэдээ, мэдээлэл

Зураг

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани өнөөдөр Улаанбаатар-Бусан чиглэлд анхны нислэгээ үйлдлээ. Уг нислэгийг Боинг 737-700 агаарын хөлгөөр гүйцэтгэж байгаа юм.

Цаашид Пүрэв, Ням гараг бүрт тогтмол нислэг үйлдэх аж. Өмнө нь манайхаас зөвхөн Сөүл хот руу нислэг үйлддэг байсан бол ийнхүү БНСУ-тай холбогдох хоёр дахь шинэ урсгал нээгдэж байна. Мөн ирэх арваннэгдүгээр сараас эхлэн Бангкокын чиглэлд шууд нислэг үйлдэхээр судалж байгаа аж.

Эхний нислэг нэг талдаа 241 мянган вон буюу өнөөдрийн ханшаар 500 мянган төгрөг байгаа юм. Цаашид энэ үнийг 20-40 хувь бууруулах бодлого барьж ажиллахаа ЗТХЯ-ны удирдлагууд тус нислэгийн нээлтийн үеэр онцлон хэлсэн юм. Түүнчлэн энэ сарын 28-29-нд Монгол-БНСУ-ын Агаарын харилцааны хэлэлцээр болно. Энэ үеэр хоёр орны тус салбарт тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх хатагтай Ким Ти Ук хэлэв.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.