Орон нутгийн сонгууль энэ сарын 11-ний өдөр болж, санал хураалт 20.00 цагт дуусна

2024-10-1 Мэдээ мэдээлэл


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно.

Иргэдийн олонх нь УИХ-ын сонгуультай адил 22.00 цаг хүртэл санал авна гэж бодож буй. Гэвч сонгогчийн саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна.

Санал авах өдрийн 20.00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа 20.00 цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой.

Сонгогчийн саналаа өгөх өгөх явцын дараалал:

-Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

-Хэсгийн хорооны гишүүнд сонгогчийн бүртгэлийн хуудсыг өгч саналын хуудас хүлээн авна.

-Саналын хуудас аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.

-Санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө.

Саналаа өгөхдөө өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний үзэг ашиглан дүүргэн будаж тэмдэглэнэ.

Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох тул санал тэмдэглэх заавраа сайтар уншаарай.

Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд саналын хуудсаа хийнэ. Энэхүү саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.