ЦЕГ: 265 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

2024-05-13 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт энэ сарын 06-12-ны өдрүүдэд 35.581 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 265 хэргийг хүргүүлсэн байна.

Тодруулбал, хүний амьд явах эрхийн эсрэг 1, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 89, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, бусад 9 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 58.362 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 58.534 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 57.830 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 704 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Мөн олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1.802, Танхайрах 123, Хүний биед халдах 321, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 170, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52.978, бусад 3.140 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 55 иргэнд 16.500.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 170 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 23, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 98, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 106, шүүхээс даалгасан хүн 89, зөрчил үйлдсэн этгээд 26 олж тогтоон ажилласан.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Хэнтий аймгийн цагдаагийн газарт 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б-ээс “Ухаангүй хүн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж тус хэрэгт 67 настай “Б”-г холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 07, 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэн, экологи-эдийн засгийн хохирол учруулсан иргэн Э, А нарын үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Дорнод аймаг Баян-Уул сумын нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Х зэрэг нэр бүхий 2 иргэн тээврийн хэрэгсэл ашиглан, 58 ш бөөрөнхий нарс мод хууль бусаар тайрч, бэлтгэн 1.786.500 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ц зэрэг нэр бүхий иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 6.800.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж дээрх иргэдийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчимд нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Аймгийн арслан барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлджээ” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан уг үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчилд холбогдогч “А”-ийн (хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан) үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.