Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ой тохиоход тус хуультай холбоотой архивын баримтыг олон нийтэд дэлгэсэн. Энэхүү хуулийг боловсруулахад 900,000 хүн өөрсдийн саналаа ирүүлсэн гэх юм билээ. Болохгүй, бүтэхгүй бүхэн эцэг хуулиас улбаатай гэлцэж, амтай болгон л “Үндсэн хуулиа өөрчилнө” гэцгээх боллоо. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гээд л байдаг, сая шахуу хүн саналаа хэлээд олигтой хууль болоогүй шалтгааныг би хувьдаа мэдэж байна. Юу гэвэл, миний санаа ороогүй болохоор тэр.
Нэгэнт уг хуулийг өөрчлөх, нэмэлт оруулах гэж байгаа бол надад ч гэсэн санал байна. Энэ бол чуулганы хуралдааныг үдээс өмнө болон үдээс хойш явуулах тухай юм. Зарим хүмүүс хоёр танхимтай парламенттай болгох саналыг хэлж байсан. Хэдий дэвшилттэй байж болох ч миний санал болгож буй шийдлийг яагаад ч гүйцэхгүй.
Тойрог бүрээс сонгогдсон 76 маань тал нь үдээс өмнө, үлдсэн хагас нь үдээс хойш чуулгандаа заларч, хууль батална. Шинээр сонгогдсон, нойр ихтэй гишүүд үдээс хойш тааллаараа морилно. Харин улирч сонгогдсон, нойр муутай, үүрээр эрт сэрдэг гишүүд өглөөний хуралд сууна. Унтах ч завгүй, орон дотроо хүртэл хууль засчихаад байдаг архаг гишүүд ч бий. Тэдэнд цаг гаргаж долоо хоногт гурав удаа шөнийн хуралдаан зохион байгуулсан ч болно. Заавал орон дотроо байж хуралдах учир тухтай буйдан, дулаан хөнжил, өдөн дэр энэ тэрийг нь бэлдэх учиртай. Яагаав, нөгөө “Тарагтай боов” нэвтрүүлэгт гардаг шиг ая тухтай орчин, нөхцөл бүрдүүлнэ. Хэнээтэй, хэнхэг зарим нь өглөөнийх, үдээс хойших, тэр ч бүү хэл шөнийн хуралдаанд ч суух боломжтой.
“Таны санал юугаараа илүү юм бэ” гэж асуулт аман дээр чинь гарчихаад байгааг мэдэж байна. Бушуухан хэлж санааг тань амраая. УИХ-ын чуулган ийм байдлаар явагдсанаар ирц хүлээхийн зовлонгүй болно. Гурван гишүүн байсан ч хуралдааны шийд хүчинтэй учир эрхэм гишүүдийн хайран цаг үрэгдэхгүй. Бусдын кнопыг дарж “төгөлдөр хуур тоглох” шаардлага гарахгүй. За тэгээд, “чи шинэ, би хуучин” гэх мэт дээрэнгүй, доромж байдал огтоос гарахгүй. Завсарлага авлаа, энэ тэр гэсэн элдэв хийдлүүд алга болно.
Эцэст нь хамгийн чухал нь гэвэл 76 маань заавал чуулганд суухгүйгээр хувь, хувьсгалын ажлаа амжуулчихна. Манай нийгмийг энэ хэд маань л чирж яваа гэдгийг та бүхэн мэдэж байгаа даа. Тэднийхээ потенцалийг бүрэн дүүрэн, гэрт гадаагүй ашиглая л даа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.