Амиа алдсан албан хаагч хүсэлт тавьсан ч тэтгэвэрт нь гаргаагүй гэв

2024-04-8 Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал орчимд байрлах “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авч байгаа бол нэг алба хаагчийг харамсалтайгаар амиа алдсан юм.

Энэ асуудалтай холбогдуулан тус албаны төлөөлөл “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гал түймэр гарсан дуудлагаар онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Гал түймэрт 10х18 харьцаатай гурван давхар барилга өртсөн. Манай алба хаагчид 12.40 цагт галын тархалтыг зогсоож, нийт долоон ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Бид 15.00 цагт галыг бүрэн зогсоож, хууль хяналтын байгууллагууд үзлэг хийж байна. Харамсалтайгаар нэг алба хаагч үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдлаа. Алба хаагчийнхаа ар гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн юм.

Түүнчлэн гурван давхар барилгын дээд давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан бол хоёр зоорийн давхрыг агуулахын зориулалтаар ашиглаж байсан. Тэнд шатамхай бараа материал хадгалагдаж байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Алба хаагчдын хувьд ямар нэгэн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгаагүй. Галд өртөж байгаа обьект дотор дутуу хувцастай үүрэг гүйцэтгэдэггүй. Тэнд байгаа бүх машинууд өөр өөрсдийн хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэдэг. Олон машин зэрэг ус цацдаг гэдэг асуудал байхгүй. Хуулийн байгууллага ажиллаж байгаа. Бусад алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа. Энгийн иргэд бэртэж, гэмтээгүй. Хэргийн газрын үзлэг үргэлжилж байна.

Алба хаагчид дуудлагын дагуу газар дээр нь очиж, гал хаанаас тархаж байгааг тогтоож үүргээ гүйцэтгэсэн. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй.

Амиа алдсан алба хаагч онцгой байдлын газарт 20 гаруй жил ажилласан, таван хүүхэдтэй байсан. Бид эхний ээлжинд ар гэрийнхэнтэй уулзсан” гэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр амиа алдсан алба хаагчийн ар гэрээс асуулт асуусан юм. Тэрбээр “Тэтгэвэрт гарах хугацаа нь болчихсон байсан. Тэтгэвэрт гарах хүсэлтээ өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш удаа дараа өгсөн. Өнөөдрийн хүртэл тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь хоёр жил завсарлаж байсан. Учир нь ажлаа хийж байгаад түлэгдсэн. Онцгой байдлын байгууллагын эмнэлэг 30 хувийн түлэгдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Тэр нь 30 биш 80 хувийн түлэгдэл байсан. Тэрийгээ эмчлэх гээд хоёр жил чөлөө авсан. Тэр шалтгаанаас болоод тэтгэвэрт гарах хүсэлтийг нь хүлээж аваагүй. Хэрэв хүсэлтийг нь хүлээж авсан бол таван хүүхэд нь өнөөдөр элэг бүтэн байгаа” гэв.

Түүний асуултад ОБЕГ-ын алба хаагчид “Тухайн алба хаагч өргөдөл өгсөн эсэхийг хүний нөөцөөс тодруулаад мэдээлэл өгье. Улсын онцгой байдлын байгууллагын алба хаагчид тодорхой хугацаанд алба хаасны үндсэн дээр тэтгэвэрт гардаг хууль дүрэмтэй байгаа” гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.