Х.Булгантуяа: Тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

2024-01-11 Улс төр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэтгэврийн хэмжээг хэрхэх талаар дараах тайлбарыг хийсэн юм.

Тэрбээр “Тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилсан. 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх төсвийг Улсын төсөвт суулгасан тул 2025 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалт үйлчилж эхлэх юм байна.

Тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн нэг нь нас барвал ханийнх нь авч байсан тэтгэврийн 20 хувийг үлдсэн нэгийнх нь тэтгэвэрт нэмж олгоно. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 680 мянган төгрөг байна. Жишээлбэл, 680 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан бол 136 мянган төгрөг үлдсэн эхнэр, нөхрийн аль нэгийн тэтгэвэрт нэмэгдэнэ гэсэн үг.

Өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан бол гэрлэлтээ батлуулж, 20 жилээс дээш хугацаагаар хамт амьдарсан тохиолдолд энэ зохицуулалт үйлчилнэ. Улсын хэмжээнд энэ зохицуулалт үйлчлэх боломжтой гэрлэлтээ батлуулаад 20 жилээс дээш хамт амьдарсан 7000 гэр бүл байна.

Нэгэнт тэтгэвэр тогтоолгосон иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ давтан төлөхгүй байж болно. Тэтгэвэрт гарсан иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд дахин НДШ төлөх дургүй байдаг. Шинэ хуулиар өөрийн саналаар шимтгэл төлөхгүй байж болно. Эсвэл тэтгэврээ нэмэгдүүлэхийн тулд өөрийн саналаар шимтгэл төлж болох сонголт бий болсон” гэлээ.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.