Энэ онд торгуулиа 15 хоногийн дотор төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө

2024-01-3 Мэдээ, мэдээлэл

 

Өнгөрсөн онд гаргасан зөрчил, торгуулийг 50 хувь хөнгөлөхгүй

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа төлөөгүй болон согтуугаар машин жолоодсон хүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд өөрчлөн оруулсан болохыг өнөөдөр танилцууллаа.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэвлэлийн хурал зохион байгуулж, салбарын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хуулийн өөрчлөлтийг тодруулсан юм.

Тэрбээр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлж байгаа” гэлээ.

Тодруулбал, торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна. Үүнд, жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл шалгуулахаас татгалзсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог байсан. Мөн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол шүүхээс 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг байсан.

Харин одоо жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилийн хугацаанд хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна. 

Мөн Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэж, 1-3 жилийн хугацаанд жолоодох эрхийг хасна. Мөн 2.7-14 хүртэлх сая төгрөгийн торгууль оногдуулах эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэнэ. Үгүй бол 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд зорчих эрхийг нь хасна, 6 сараас 6 жил хүртэлх хугацаанд хорих шийтгэл оногдуулна.

Түүнчлэн Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 27 дугаар бүлэгт өөрчлөлт орсон.

Өмнө нь хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол:

-450 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох

-240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх

-1 сараас 1 жил зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг байсан.

Харин одоо: 

-Жолоодох эрхийг нь 1-3 жилийн хугацаанд хязгаарлах

-2 сая 700 мянган төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгох

-240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх

-6 сараас 3 жил зорчих эрхийг нь хязгаарлана

Ийнхүү торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдсэн.

Түүнчлэн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсвэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцож хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол эрх хасах ялын доод хэмжээ хоёр жилээр зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын доод хэмжээ зургаан сараар нэмэгдсэн.

Торгуулиа 15 хоногийн дотор төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө

Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд торгуулиа хугацаандаа буюу 15 хоногийн дотор төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө. Харин хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлнэ. Шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэж, торгуулийг солихоор болсон. Ийм замаар торгуулийг заавал төлүүлэх өөрчлөлт орсон.

Мөн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хуулийн хугацаанд торгуулиа төлөөгүй бол төрөөс үзүүлж буй үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлаж байгаа.

Тухайлбал,

-Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг нь хязгаарлана.

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сунгах, ангилал нэмэх, өөрчлөх нөхөн авах эрхийг хязгаарлана.

-Тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлана.

Бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж дууссан, хорих ялаас өвчний улмаас хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн, уучлалд хамрагдсан хүнд тусгай тоног төхөөрөмж ашиглан хяналт тогтооно. Хяналт тогтоох хугацаа нь тухайн этгээдэд шүүхээс оногдуулсан хорих ялын 2-ны 1-ээс доошгүй байна. Хяналт тавих ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.