Бид өдөрт тутам маш олон хүнтэй харьцдаг. Зарим нь тайван дөлгөөн байтал нөгөө нь ууртай, хашгирч зандарсан, хараан доромжилсон хүн байдаг.
Энэ бүгдэд сэтгэлзүйн хамгаалалт, бэлтгэлтэй байх нь бидэд л тустай. “Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй” гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч хүмүүстэй харилцдаг ажилтай бүхэнд хамаатай.
Сэтгэлзүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Үүнд мэдлэг, боловсрол, төлөвшил, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэлзүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг.
Танд сэтгэлзүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг хүргэж байна.
Таныг загнаж, хурц үзүүртэй хатуу үг шидэж байгаа тэр хүмүүсийг зүгээр л хүүхдүүд гээд ойлгочих. Хүслээ биелүүлэхийн тулд ээж аавдаа эрхэлж, бархиран уйлахаараа сүрдүүлж, тоглоомоо шидэж, дороо дэвхцэж, газар тэрийн унаж байгаа жаахан хүүхдүүд л байна. Харин та ухамсартай, аливааг тунгаан бодох чадвартай, уужуу тайван насанд хүрсэн том хүн. Түүний хэлсэн үг, хашгиралт зэргийг тоохгүй. Яагаад гэвэл энэ түр зуурын үзэгдэл, удахгүй дуусна. Энэ үзэгдэл дууссаны дараа хэн нь эвгүй байдалд орох вэ, хэний нэр хүнд унах вэ. Та бол иймэрхүү зүйлийг тунгаан бодох чадвартай, уужуу тайван хүн.
Та эртний нэгэн үлгэрийг мэдэх үү. Модны мөчир дээр бөнжигнөх усан үзмийг идэх гэж нэгэн үнэг хичнээн харайж үзээд авч чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч тэгээд идэх сонирхол нэг их байсангүй. Усан үзэм гашуун бас ногоон өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч нь яваад өгдөг үлгэр. Түүн шиг та хэн нэгэн рүү бухимдлаа гаргамаар санагдвал эсвэл хэн нэгэн тань руу дайраад байвал та өөрийгөө тайтгаруулахад л болно.
Далай тэнгис бол өөртөө олон мянган түргэн урсгалт ширүүн голыг нэгтгэж цутгал нь болдог хэрнээ өөрөө тогтонги болчихдог шүү дээ. Та өөрийгөө номхон дөлгөөн энгүй их далайтай зүйрлүүлээрэй. Таньд хорон үгтний хэлсэн үг хараал нерв нь орсон ч та өөрийн тэнцвэртэй тайван тогвуун байдлаа хадгалж үлдэнэ.
Энэ бол таны сөрөг зэвсэг ч байж болно. Тэр хүн хашгирч, дэвхцэх тусам та улам тайван хамгаалалттай болж байгаа дүр үзүүлэх явдал юм. Та тэднийг зүгээр л жүжгийн хүүхэлдэй шиг хүлээгээд авчих. Хоорондоо утгагүй зүйлс ярилцаж бие биенээ дэврээж үзэж тарж үсэрч наалдаж л байг. Харин та үзэгч, тэдний үг хэл, үйл хөдлөлд нь анализ хийж байгаа ажиглагчийн байр сууринаас үнэлгээ дүгнэлт өгч бай. “Нэг нь өөрийгөө сүпер хүн гэж ойлгочиж. Харин нөгөө нь өөрийгөө дутахгүй гэдгийг харуулахын тулд хамаг сул талаа нууж, ухаалаг царайлж байгааг нь ээ” гээд л. Энэ бүхний эцэст та л хожно. Ядаж л дараа нь олон хүний өмнө ичгэвэртэй байдалд орохгүй, нэр хүндээ алдахгүй. Ийм хэрүүл шуугианы дараа хамгийн тайван, хүлээцтэй байж чадсан нь л хождог хойно. Тэгээд ч “зөөлөн нь хатуугаа иддэг” гэсэн сургаал хаана ч үйлчилдэг шүү дээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.