Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд тус хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авч, чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэжээ.
Тус хуралдаанаас Бурхны шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн хэмээн үзэж, өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувийн саналаар дараагийн Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, XXX Хамба номун ханы үүрэгт албанд томиллоо.
Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэх юм байна.