“МАК цемент” ХХК-д ногдуулсан 5.3 тэрбум төгрөгийн торгуулийг дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ

2023-10-25 Мэдээ, мэдээлэл

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 11 дүгээр сард “МАК цемент” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.2-т “бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг болох 5.370.546.910 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 08 дугаар тогтоолоор “МАК цемент” ХХК-ийг цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон.

“МАК цемент” ХХК нь шийтгэлийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд байсан юм.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “МАК цемент” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Ингэснээр “МАК цемент” ХХК-д ногдуулсан 5.370.546.910 төгрөгийн торгууль хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг сайн дураар төлөх 30 хоногийн хугацаа тоологдож эхэллээ хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.