Үл мэдэгдэх үнэрийн голомтыг тогтоохоор хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна

2023-10-12 Мэдээ, мэдээлэл

 

Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим нутаг дэвсгэрт “Газ үнэртэж байна” гэсэн мэдээлэл өглөөнөөс эхлэн цахим сүлжээнд тархаад байна. Үнэхээр ч тийм нэг үл мэдэгдэх, эвгүй үнэр хамар цоргиж буй юм. 

Одоогийн байдлаар Нийслэлийн онцгой байдлын газраас “Ямар нэгэн дэлбэрсэн зүйл огт байхгүй. Үйлдвэрт газ дэлбэрсэн дуудлага ирээгүй” хэмээн мэдээлсэн.

Учир нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Налайх дүүрэгт төмрийн үйлдвэр дэлбэрсэн учраас ийм үнэр тархсан хэмээн мэдээлж байгаа юм. Гэхдээ одоогоор ямар нэгэн дэлбэрэлт болсон талаар холбогдох албаныхан мэдээлээгүй байна.

Б.ЭНХМАА: Хийн түлш ДЭЛБЭРСЭН ТОХИОЛДОЛ бүртгэгдээгүй

Тэгвэл дөнгөж сая ОБЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

“Аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Онцгой байдлын байгууллагад хийн түлш алдагдсан, дэлбэрсэн мэдээлэл бүртгэгдээгүй. Цахимд тархаад байгаа “Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдсан, дэлбэрсэн” гэх мэдээллийн мөрөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар холбогдох дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсээс хийн түлш хэрэглэдэг, түгээдэг ШТС-дад хэрэглээ болон хадгалалтын талаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна” гэлээ.

Тархаад буй үнэртэй холбоотойгоор зарим албан байгууллага, сургууль үйл ажиллагаагаа зогсоогоод байна

Тодруулбал, Гёте сургуулийн захиргаанаас “Үл мэдэх үнэр маш их үнэртэж, хүүхдүүд гэлтгүй багш, ажилчдын ч толгой өвдөж, бие эвгүйрхэж байгаа болохоор дээрээс шийдвэр хүлээлгүй хичээлийг яаралтай тараасан” гэж мэдээллээ.

Түүнчлэн “Дүнжингарав” худалдааны төв дотор их хэмжээний газ үнэртэж байгаа учраас өнөөдөр ажиллахгүй гэдгээ ч мөн зарлаад байна.

Яг одоо НОБГ, НБОГ, НЦГ, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид “Дүнжингарав” худалдааны төв орчимд хяналт шалгалт хийж байна. Учир нь “Дүнжингарав”-ын ойролцоох бохирын шугамны худагнаас дээрх үнэр хурц үнэртэж буй аж.

Үнэр хаанаас тархаад байгаа голомтыг тогтоохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.