ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ СОГТУУГААР ЖОЛООДВОЛ 4 ЯЛЫН СОНГОЛТТОЙГООР ГЭМТ ХЭРЭГТ ТООЦНО

2023-10-11 Засгийн газар

Засгийн газрын хуралдаан

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энд 1-5 жил хорино гэж мэдээлэл цацагдсан. Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол дөрвөн ялын сонголттойгоор гэмт хэрэгт тооцно. Ингэхдээ 1-3 жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасч, 450 мянгаас 2.7 сая төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас нэг жилээр хорино. Дахин энэ зөрчил гаргавал энэ үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж, хорих ялын хэмжээ хоёр жил, торгох ял, зорчих эрхийн хязгаарлалт хоёр жилээр нэмэгдэнэ. Хэрвээ давтан ийм үйлдэл гаргавал ял нь чангарна. Мөн согтуурч, мансуурсан үедээ жолоо барьж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулбал 3-5 жил, хүнд хохирол учруулбал 5-8 жил, хүний амь нас хохироосон бол бүх насаар нь хорино. Гэмт хэргийн тоон статистик нэмэгдэнэ.

Сүүлийн таван жилийн дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас жилд 110 хүн амь насаа алдсан байна. 2023 онд энэ тоо хоёр дахин буурсан байна. Үүний шалтгаан нь нийт согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо 15.8 хувиар буурсан. Энэ бол маш сайн тоо. 2022 оны наймдугаар сарын байдлаар Монголд архины борлуулалт 1.3 сая литрээр буурсан. Жилийн дотор гэмт хэргийн тоо 15 хувиар буурлаа. Эрүүгийн хуулийн яллах чиглэлээр хүссэн үр дүнд хүрэхгүй учраас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгуулиа хугацаандаа төлбөл, таны шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлэх хуулийн төслийг хамт боловсрууллаа. Хэрвээ та торгуулиа төлөхгүй бол нэг жилийн хугацаа өгч, итгэлцүүрээр торгууль нэмэгдэж, 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. Ингээд ч торгуулиа төлөхгүй бол дараах тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд оруулах, эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх, жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, нэмэх, тендер шалгаруулалтад оролцох, төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх, үндэсний гадаад паспорт олгох зэрэг долоон эрхийг хязгаарлана.

Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн ялтны хугацаа дуусч, өвчний улмаас суллагдвал хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглан хяналт тогтооно. Нэмээд 10 жил цахим хяналтад байна. Журам стандартыг ХЗДХ-ийн сайд гаргана. Цагдаа хяналт тавина. Бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн харилцаа холбооны компаниуд хүүхэд алга болсон мэдээг үнэ төлбөргүй шууд дамжуулж, түгээнэ. Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах тухай ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Холбогдох хуулийг сая хэлэлцэж, долоо хоногоор хойшлууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.