Хоёр хүний амь нүдний өмнө эрсдэлд орохуй дор…

2023-08-31 Бор шувуу

Жиргээ

Говьсүмбэр аймгийн Хаялга нуурын хөвөөнд 5 орчим настай охин амьтны дүрстэй, шар өнгөтэй, жижгэвтэр хийлсэн гудас дээр хөвж явна. Бид тэр нуурыг дүрсжүүлэх санаатай ирж, дөнгөж машинаас буув. Ийм жаахан амьтныг ганцааранг нь ингээд суулгачихаж байгаа юм байх даа гээд гайхаж, цаашаа явчих вий дээ гэж айх зэрэгцэн бодох үед охин салхины аясаар эргээс яах ийхийн зуургүй хурдан гэгч холдов. Аав нь араас нь орж, охиндоо дөхөх тусам охин холдсоор… Ээж нь бөөрөнхий хийлдэг гудас аваад араас нь оров. Би ч кармандаа байгаа утас, цаас гэх мэтийг гаргаж, машиндаа тавиад, юмыг яаж мэдэхэв гээд араас нь орох бэлтгэл базаав. Усны түвшин нэмэгдэж, аавынх нь хүзүүг давах үед, аав нь хөл алдаж ” би барахгүй нь ээ” гээд хоолой нь зангирч хашхирав. Яг тэр үед онцгойд дуудлага өгөх тухай санаанд орж ирсэн. Тэрнээс өмнө өөрөө оръё, орвол тэр бөөрөнхийг нь биедээ углана, урт олс байгаа билүү?, багадаа сэлдэг байсан даа, одоо чадах болов уу? гэх зэргээр юу юу ч бодов. Аав нь хөл алдах үед гэнэт нөгөө их зориг хаашаа ч юм нисээд алга болчихсон. Би ч бас барахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, айсан. Араас хүйт даагаад, дотор бачуураад, аав ээжид нь уур хүрээд, нулимс цийлэгнээд…

Азаар аав нь хөл алдсан ч үрийнхээ төлөө гэсэн хайр нь түүнд хүч өгсөн болов уу? ямар ч байсан охиндоо хүрч чадсан. Сандарсандаа эхлээд цагдаа руу залгаж, дуудлага өгөв. Дараа нь онцгой руу залгаж, дуудлага өгсөн. Тэрхэн зуур аав, охин 2 өнөө муу жижиг гудастайгаа улам холдсоор…

Ээжийг нь аав нь ч цаашаа гээд, бид ч наашаа гэж удалгүй уснаас гарсан. Онцгой байдал багадаа 20 минутын дараа ирнэ гэсэн тул хань минь тэсэлгүй хамгийн ойрхон байгаа Шивээ-Овоогийн уурхай руу машинтайгаа хар хурдаараа давхисан. Бид замдаа таньж мэдэх хүмүүс рүү залгаж, уурхайн ажилчид дундаас усанд сайн сэлдэг 2 хүний сургийг гаргаад очсон боловч ээлжгүй буюу амарч таарав. Угаасаа байсан ч барахааргүй хол явсан байсан юм билээ. Буцах замд онцгойгоос заавар, зөвлөмж өгч, очиж байгаагаа хэлсэн. Онцгойг хүлээх хорин хэдэн минут 20 цаг, 20 өдөр шиг удаан санагдсан. Энэ зуур юу эсийг бодохов.

Биднээс холдсоор байгаа 2-ын 2 хүний төлөө “Битгий хөдлөөрэй, онцгой ирж байгаа, тайван байгаарай” гэж хашхирахаас өөр юу ч хийж чадахгүй байна гэдэг ёстой тамын тогооны үлгэр гэдэг нь юм билээ. Онцгой байдлын аврагчид тэднийг аврах тэр мөчид 1 сайхан гүнзгий амьсгал авч, амьд байгаагаа мэдэрсэн.
Эндээс 1 л асуудал тодорхой байв.

-Онцгой, цагдаа, эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээг хэрхэн, яаж дээд зэргийн хурдан шуурхай хүргэх вэ? Миний бодсон хамгийн эхний хариулт нь аймаг бүрийг нисдэг тэрэгтэй болгох! Хүний алтан аминаас үнэтэй хөрөнгө оруулалт гэж хаа байх билээ? Хүн эхлээд амьд явах эрхээ бүрэн эдэлж чадахгүй юм бол бусад эрх, үүргийн тухай яриад ч яахав дээ!

Энэ нисдэг тэрэг Монгол улсын хувьд хэр алсын зорилго бол? Хэдэн жилийн дараа төлөвлөгдсөн байдаг бол? Наашлууллаа гэхэд хамгийн богинодоо хэдэн жилийн дотор биелэх боломжтой бол?
Би, бид аймаг бүрийг нисдэг тэрэгтэй болгохын төлөө юу хийж чадах вэ?

Ингээд л бодол болоод, шаналж явна. Азаар тэр гэр бүл их тайван хүмүүс байсан. Над шиг ийм хүнд оршихуйтай хүн байсан бол! Нөгөө охин маань айж уйлж, унасан бол! Аав нь сандарч, биеэ чангалж, хөвж чадахгүй байсан бол!

За за, больё. Тэд амьд шүү дээ. Тэднийг аварсан Говьсүмбэр аймгийн ОБГ-ын аврагчдад, тэднийг харсан тэнгэр бурханд гүнээ талархъя.

Н.Саранзаяа

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.