13А маягтыг цахимд шилжүүллээ

2023-08-2 Мэдээ мэдээлэл

Сүүлийн үед 13А маягтыг цахимаар авах талаар иргэдийн дунд төөрөгдөл үүсээд буй. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого, Зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгороос тодрууллаа.

Тэрбээр “Хуучин 13А маягт цаасан хэлбэртэй байхад иргэн өрхийн эмнэлэг дээрээсээ авсан 13А маягтаа хаясан тохиолдолд ахин очиж авах шаардлагатай болдог байсан.

Харин цахим болсноор ийм асуудал үүсгэхгүйгээр эрүүл мэндийн байгууллага нь 13А маягтыг цаасаар биш Эрүүл мэндийн даатгалын системээсээ харчихдаг болсон. Хэрвээ үнэхээр цаасаар хэрэгтэй бол E-mongolia-с хэвлээд авах боломжтой.

Үүнийг 13А маягтыг цахимаар авах гээд байгаа юм.

Цахим боллоо гэхээр иргэд эмчид үзүүлэхгүйгээр утсаар яриад авчихдаг болсон гэж буруу ойлгоод байна” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр 13А маягтын учир шалтгааны талаар “13А маягт бол өрхийн эрүүл мэндийн төв тухайн өвчтөнд чадах тусламж үйлчилгээгээ үзүүлээд хэрвээ өөрийнх нь тусламж үйлчилгээнээс давсан байвал дараагийн шатны эмнэлэг рүү энэ иргэний эрүүл мэндийн асуудлыг шийдэж өгнө үү хэмээн шилжүүлж буй бичиг юм.

Зүгээр утсаар яриад 13А авъя гээд хэлээд авчихдаг зүйл биш.

Өрхийн эмч үзсэний дараа зайлшгүй дараагийн шатлалын эмнэлэгт очих ёстой байвал 13А маягт өгнө. Харин өрхийн эмч нь өөрөө оношлох, өдрийн эмчилгээгээр эмчлэх, хөнгөлөлттэй эмийг нь даатгалаар нь бичиж өгөх боломжтой бол заавал 13А бичиж өгөх шаардлагагүй.

Дэлхийн бүх оронд өвчтөн шилжүүлэх маягт байсаар ирсэн. Хуучин цаасан байсныг л цахимд шилжүүлсэн болохоос өрхийн эмчдээ үзүүлээд 13А маягт авдаг нь цоо шинэ зүйл биш” гэв.

Дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй шууд очиж болно.

Үүнд:

1. Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
2. Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ
3. Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ
4. Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ
5. Арьс, харшлын тусламж, үйлчилгээ
6. Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс
7. Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ
8. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
9. Сэргээн засах тусламж, үйлчилгээ
10. Амбулаториор хийгдэх мэс ажилбар
11. Нүдний тусламж, үйлчилгээ
12. Мэс заслын тусламж, үйлчилгээ
13. Диализын тусламж, үйлчилгээ
14. Амбулаторийн хяналтын үзлэг

Харин дээр дурдсанаас бусад тусламж, үйлчилгээний хувьд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс 13А маягтыг цаасан хэлбэрээр биш цахим хэлбэрээр авах юм.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.