Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших иргэдэд 20 орчим сая төгрөгийн нөхөн олговор олгоно

2023-06-22 Засгийн газар


“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо.

Тус тогтоолоор байнгын оршин сууж байсан айл өрхийн иргэнд өөр газар шилжин суурьших зориулалтаар олгох нэг удаагийн нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших 28,000 (хорин найман мянган) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.